сонин mn
Бүтэн долоо хоногийн турш үргэлжилж буй Израиль-Палестины мөргөлдөөн улам хурцадсаар байгааг дэлхий дахин сэтгэл түгшин ажиглаж байна. Баасан гарагт шилжих шөнөөс эхлэн Израилийн арми нисэх онгоц, танк, их буу, хөлөг онгоцуудаа дайчлан, дахин их хүчээр Газын зурвас руу гал нээсээр байна. Үүний хариуд Палестины ХАМАС хөдөлгөөнийхөн Израилийн нутаг руу олон арван пуужин харвалаа. 
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Ойрхи Дорнодын хямрал дахин хурцадсан нь Иерусалим хотод дэгдсэн мөргөлдөөнөөс үүдэлтэй. Шалтгаан нь Ариун уулан дахь лалын шашны сүмд сүсэгтнүүдийг нэвтрүүлэхийг хориглосоноос гадна Зүүн Иерусалимаас хэд хэдэн палестин гэр бүлийг нүүлгэн шилжүүлэх тухай Израилийн шүүхийн гаргасан шийдвэртэй холбоотой юм. Үүний улмаас палестинчууд болон Израилийн цагдаа нарын хооронд мөргөлдөөн дэгдсэн байна. 
Мөргөлдөөн даамжирсаар Израиль-Палестины хоорондын зэвсэгт тулгаралт болон өргөжиж, 100 гаруй палестин иргэн, 6 израиль хүн амиа алджээ. Израилийн арми Газын зурваст 600 гаруй удаа цохилт өгсөн бол ХАМАС-ынхан Израилийн нутаг руу 1750 пуужин харвасан байна. Байдал тун эгзэгтэй болсон тул ирэх ням гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл нээлттэй хуралдаан зарлаж, нөхцөл байдлыг хэлэлцэхээр шийдвэрлэлээ.
 
 
 
 
 
 
Энэ удаагийн хямрал өмнөх сөргөлдөөнүүдээс ялгаатай нь гэвэл, Израилийн хотуудад оршин суудаг еврейчүүд ба арабчуудын хооронд ширүүн мөргөлдөөн дэгдсэн явдал юм. Үүнтэй холбогдуулан Израилийн зарим улстөрчид “иргэний дайн дэгдэж болзошгүй” гэж сэрэмжлүүлж байна.
Өнгөрсөн даваа гарагаас эхлээд Израилийн хотууд дахь еврейчүүдийн дүүрэгт хутгаар зэвсэглэсэн араб иргэд гудамжаар явж буй хүмүүс рүү дайрч, дэлгүүр хоршоог тонон дээрэмдэж, орон сууцны байшингуудын цонх шилийг хагалж, автомашинуудыг шатаажээ. Хариуд нь Израилийн хэд хэдэн районы еврейчүүд арабчуудын мухлагуудыг эвдэн сүйтгэж эхэлсэн бол Бат-Ям хотод олон еврейчүүд нийлэн таксины жолооч араб эрийг хэрцгийгээр зодсон хэрэг гарлаа. Хайфа хотод нэгэн таксины жолооч машиныг нь бүслэх гэж оролдсон бөөн хүмүүсийг дайрсан байна. Ялангуяа “Бен-Гурион” олон улсын нисэх онгоцны буудлаас холгүй орших Лод хотод байдал түгшүүртэй болж, онц байдал тогтоожээ.
 
 
 
 
Үүнтэй зэрэгцээд Израилийн олон хотод араб иргэдийн тайван жагсаал цуглаан болсоор байна. “Бид хүчирхийллийг хүсэхгүй, цагдаа нартай мөргөлдөөн үүсгэхийг хүсэхгүй байна. Гэхдээ хүмүүсийг гэр орноос нь албадан нүүлгэж, сүсэгтнүүдийг сүмд нь оруулахгүй байгааг хараад дуугүй байж чадахгүй” гэж Рамле хотын иргэн Надин Бадвайа ярилаа. “Биднийг салган холдуулах оролдлогыг Израилийн төр хийж байгаа боловч бид ах дүү нартайгаа эв санааны нэгдэлтэй байна” хэмээн Яффо хотод болсон жагсаалд оролцогч Раван Башарат хэлэв.
 
 
 
Палестины нутаг дэвсгэрт оршин суудаг палестинчуудаас ялгаатай нь гэвэл, Израилийн арабуудын ихэнх нь Израилийн иргэншилтэй юм. Тэд бол Израиль улс 1948 онд байгуулагдсаны дараа шинэ улсад үлдэж амьдрахаар шийдсэн арабчуудын үр удам, харин Израилийг орхин гарсан 750 мянга орчим арабчуудыг Палестины дүрвэгчид гэж нэрлэдэг. 
 
 
 
Сүүлийн үеийн мэдээллээр Израильд албан ёсоор оршин суудаг арабчуудын тоо 1,9 саяд хүрсэн ба тэдний 9 хувь нь католик шашинтнууд, дийлэнх нь мусульманчууд ажээ. Тэд еврейчүүдийн нэгэн адилаар нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн даатгалд хамрагдахаас гадна сонгох эрхээ эдэлдэг. 1949 оны сонгуулиас хойш Израилийн парламентад арабчуудын эрх ашгийг хамгаалдаг улстөрчдөөс гадна хэд хэдэн намаас бүрдсэн бүхэл бүтэн эвсэл хүртэл ажилласаар иржээ.
Мусульман шашинт араб иргэд өөрсдийгөө Израилийн паспорт өвөртөлсөн палестинчууд гэж үздэг болой. Тэд /арабаар ярьдаг друзуудаас бусад/ Израилийн армид алба хаадаггүй ба Ойрхи Дорнодод мөргөлдөөн гарах бүрт палестинчуудын талд зогсдог. Үүний зэрэгцээ тэдний дотор ХАМАС-ын явуулж буй бодлогыг шүүмжилдэг хүмүүс ч цөөнгүй бий. Израилийн нутагт террорист халдлага үйлдсээр байгаа амиа золиослогчдын дунд Израилийн араб иргэд тун цөөн. Халдлага үйлдэгчдийн ихэнх нь эзлэгдсэн газар нутаг дахь шалган нэвтрүүлэх цэгүүдээр дамжин Израильд орж ирсэн палестинчууд юм. 
 
 
 
Зохицон амьдрахад гарч буй хүндрэлүүд
 
 
 
Израилийн еврей ба араб иргэд хоорондоо огт холилдолгүйгээр олон жилийн турш тусдаа амьдарсаар ирснийг Израильд анх удаагаа ирж байгаа  хүн хүртэл шууд хараад мэднэ. Араб тосгонууд барилгажилт, дэд бүтэц төдийгүй хаяг самбаруудаараа хүртэл еврейн суурингуудаас эрс ялгардаг.
Араб суурингуудад зориулж Израилийн улсын төсвөөс олон тэрбумын хөрөнгө гаргасаар байгаа боловч нийгмийн интеграцийн үйл явцад төдийлөн нөлөөлсөнгүй. Зүүний хүчний намуудын үзэж байгаагаар бол, мөнгө хөрөнгө зарцуулснаар асуудлыг шийдэж чадахгүй, арабчуудыг Израилийн нийгмийн амьдралд татан оролцуулах интеграцийн тусгай хөтөлбөрүүд хэрэгжүүлэх ёстой ажээ. Үүнд барууны хүчнийхэн хариу өгөхдөө “тусгаарлагдмал байдал бол арабчуудын өөрсдийнх нь сонголт, тэд татварын хөнгөлөлт эдэлдэг, өөрсдийн гэсэн боловсролын тогтолцоотой байхыг эрхэмлэдэг” гэв. Харин Израилийн арабчууд, ялангуяа тэдний удирдагчид “Израилийн эзлэн түрэмгийлэлд ямар ч хэлбэрээр хүчин зүтгэхгүй” гэж мэдэгддэг. Араб залуусыг армид алба хаалгах эсвэл цэргийн дүйцүүлэх алба хаалгах гэсэн Израилийн эрх баригчдын шийдвэрийг “арабчуудын үндэсний ухамсрыг гажуудуулах гэсэн оролдлого” гэж эсэргүүцсэнээс хойш уг асуудлыг бараг 20 жилийн турш хөндөлгүй орхиод байгаа аж.
Харин еврейчүүд ба арабчууд хамтраад ажиллаж буй цорын ганц салбар бол эрүүл мэндийн салбар. Израилийн эмч нарын 20 хувь, сувилагчдын 25 хувь, эм зүйчдийн 50 хувь нь араб иргэд юм. Коронавирусний цар тахал дэгдсэн нь нэг улсад амьдардаг хоёр өөр үндэстний төлөөлөгчдийг хамтран ажиллахаас аргагүй байдалд хүргэлээ. Араб ба еврей эмч нар нэг бригад болж ажилласнаар “цар тахлын хүнд үе бол дайсагналцах цаг биш” гэдгийг харуулсан. Үүнийг ёгтлох байдлаар “коронагийн эвлэрэл” гэж хүртэл нэрлэсэн нь бий.
 
 
 
 
Иргэний дайн дэгдэх магадлал
 
 
 
Хэдэн жилийн өмнөөс Израилийн хотуудад амьдрал өөрчлөгдөж эхэлжээ. Учир нь, сүүлийн үед арабчууд орон сууц хөлслөн амьдрах нь ихэссэн ба шашны үзэл номлолдоо үнэнч хэвээр байгаа араб залуус амьдралын өөр нөхцөл, хэв маягийг сонирхох болсон байна. Тэд бол тийм ч хуучинсаг үзэлтнүүд биш бөгөөд бөгөөд улам олон залуус боловсрол эзэмшиж, ерөнхийдөө тэдний амьдралын түвшин мэдэгдэхүйц дээшилжээ. Гэтэл сүүлийн өдрүүдийн үйл явдал нь интеграцид гарч буй эдгээр хэврэгхэн өөрчлөлтүүдийг үгүй хийж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.  
 
 
 
 
 
Араб залуус хот руу нүүсээр, мөн палестинчуудыг дэмжсээр
 
 
 
“Өмнө нь Израилийн араб иргэд ба палестинчуудыг удам угсаа нь нэгтгэж байсан бол одоо үндсэрхэг үзэл газар авч байна. Энэ бол зөвхөн гарал угсаа нэгтнүүдийнхээ төлөө санаа зовж буй хэрэг төдий биш, харин иргэн нь болоод амьдарч буй улсынхаа эсрэг тэмцэж байна гэсэн үг” хэмээн Иерусалим дахь Стратегийн судалгаа, аюулгүй байдлын хүрээлэнгийн шинжээч Давид Коэн дүгнэн хэллээ.
 
 
 
Арабын ертөнц, исламын шашнаар мэргэшсэн профессор Рафи Исраэли 2016 онд ярихдаа “Израилийн арабчууд хэзээ нэгэн цагт Боснийн хувилбараар улс орныг дотроос нь нураан сүйтгэх өдөр ирнэ” гэж урьдаас зөгнөн хэлж байжээ. Эргэн сануулахад, 1992 -1996 онд Босни-Герцоговинид амьдарч байсан Боснийн мусульманчууд ба хорватуудын хооронд дэгдсэн дайны үеэр хөршүүд, найз нөхдүүд яс үндэс, шашин шүтлэгийн ялгаанаас үүдэн бие биенээ хөнөөж байсан билээ. 
 
 
 
Тухайн үед Исраэли-гийн хэлсэн үг зүүний улстөрчдийн дургүйцлийг төрүүлж, хатуу шүүмжлэлд өртөж байсан юм. Харин одоо түүний хэлснийг иш татаж байна. Тэр тусмаа Израилийн нэгэн хотод тус улсын төрийн далбааг хуу татаж хаяад, оронд нь Палестины далбааг мандуулсан хэрэг явдлын дараа.
“Бид болгоомжилж хаширласан үг хэллэг хэрэглээд сурчихжээ. Харин одоо бол ил тод, ойлгомжтой ярих хэрэгтэй. Израилийн нэн шинэ түүхэнд иргэний дайн болж байна. 1930-аад оноос хойш анх удаагаа еврейн газар нутаг дээр еврейчүүдийг хоморголох явдал гарч буйг бид ажиглан харж байна. “Еврейчүүдийг хоморголох” гэдэг үгнээс би айн цочиж байна. Энэ бол ХАМАС-тай ээлжит удаагаа сөргөлдөхөөс ч илүү аюултай” гэж түүхч Хилель Эфрани хэллээ.  
 
 
 
Б.Адъяахүү
 
Эх сурвалж: ВВС