sonin.mn
АНКАРА. /TASS/. Турк улс Палестины энгийн иргэдийг хамгаалах олон улсын хүчин байгуулахыг санал болголоо. Энэхүү хүчин нь "сонирхсон улс орнуудын" цэрэг, санхүүгийн дэмжлэгтэй байх ёстой байна. 
“Олон улсын хамтын нийгэмлэг Палестины иргэдийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бөгөөд энэхүү хариуцлагын чухал хэсэг нь Исламын хамтын ажиллагааны байгууллагад ногдоно" гэж Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу тус байгууллагын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын яаралтай хуралдааны үеэр үг хэлэхдээ мэдэгджээ. 
"Бид 2018 оны зургаадугаар сард баталсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын дагуу Палестины энгийн иргэдийг хамгаалах олон улсын механизмыг бий болгохын төлөө ажиллах ёстой" гэж тэрбээр уриалсан байна. 
 
 
 
 
"Палестины асуудалд эв нэгдэлтэй, шийдэмгий байх цаг нь ирлээ. Исламын ертөнц биднээс шийдвэртэй алхам хүлээдэг бөгөөд Турк улс шаардлагатай бүх арга хэмжээг авахад бэлэн байна" гэж тэрбээр мэдэгджээ.
 
 
 
Израилын цэргүүд болон Газын зурвас дахь Палестины бүлэглэлүүд тавдугаар сарын 10-наас хойш харилцан пуужингийн цохилт өгсөөр байгаа юм. Энэ нь Зүүн Иерусалим хотод дэгдсэн мөргөлдөөнөөс үүдэлтэй. Тодруулбал, тус хотын Шейх-Жарах хорооллын байшингуудыг тэнд амьдардаг араб гэр бүлүүдээс хураан авах Израилын шүүхийн шийдвэрийн улмаас эхэлсэн юм. Хамгийн сүүлийн мэдээллээр, Израилын талаас 10 гаруй хүн, Палестины талаас 181 хүн амиа алдаж, 1125 хүн шархаджээ. Амиа алдсан палестинчуудын дунд 52 хүүхэд, 31 эмэгтэй байгаа аж.
Даваа гаргаас хойш Палестины хэт давруу үзэлтнүүд 2900 пуужин харваснаас 1150-ийг нь амдан сөнөөсөн гэж Израилын армийн хэвлэлийн алба өмнө нь мэдээлжээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг