sonin.mn
Коронавирустай амьдарч буй  сүүлийн хоёр жил  өрх айлаас эхлээд улс орны эдийн засаг “савлагаатай” байна. Тэр дундаа жижиг дунд бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож зарим нь хаалгаа барьж  нэг хэсэг нь тэг зогсолт хийж, нэлээд нь ажилчдаа цомхотгосон. 
 Засгийн   газраас “2020 онд 69 мянган хүн ажлын байргүй болсон, ямар нэг арга хэмжээ авахгүй бол 130 мянган хүн ажилгүй болох эрсдэлтэй” гэх  тооцоог гаргаж, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч, ажлын байрыг бүрдүүлэгчдэд хөшүүрэг болох “Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөвгөө-г  баталсан. 
 
 
Уг төлөвлөгөөний үндэс болсон “Ажлын  байрыг дэмжих” хоёр их наяд төгрөгийн зээлийг өнгөрөгч гуравдугаар сараас олгож эхэлснээр санхүүгийн хувьд тэг зогсолт хийгээд байсан  хувиараа бизнес эрхлэгчид,  аж ахуйн нэгжүүдэд томоохон хөшүүрэг боллоо  хэмээн ам сайтай байна. 
Арван их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд репо санхүүжилт, ажлын байр дэмжих зээл, ипотекийн зээл гэсэн гурван чиглэлээр зээл олгож байгаа. Эдгээрээс  ажлын байр дэмжих зээл  хамгийн эрэлттэй байна. Учир нь 3 хувийн хүүтэй зээлийг өмнө нь олгож байгаагүй тул авах хүсэлтэй иргэн,аж ахуйн нэгжүүд  олон байгаа.
 
 
 
Өнгөрсөн сарын байдлаар  4000 гаруй иргэнд 152,3 тэрбум төгрөг, 712 аж ахуйн нэгжид 168.7 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих  зээл олгожээ. Ингэснээр 29,321 ажлын байрыг хадгалж үлдсэн  байна.  
 
 
 
Энэхүү зээлийн хөтөлбөр нь хүн болгонд очих  халамж биш ажил олгогч, баялаг бүтээгчдийн ажлын  байраа хадгалж үлдэхэд зориулагдах эргэлтийн хөрөнгийн зээл гэдгийг ойлгох хэрэгтэй. Иргэдийн дунд “Танил талтай хүмүүс нь дээгүүрээ хуваагаад авчихдаг” гэх өрөөсгөл ойлголт их байгааг албаныхан үгүйсгэж байна. Нөгөө талаар  иргэд, аж ахуйн нэгжүүд зээлийн хүсэлтээ тодорхой гаргаагүй нь зээл буцаагдах  гол шалтгаан болж байгаа аж. Тодруулбал, зээлийн зориулалт тодорхой бус, олон банкинд хүсэлтээ  зэрэг өгсөн зэргээс шалтгаалж татгалзаж байгаа юм байна. Түүнчлэн зээл авах АНН-үүдэд НӨАТ  төлөгч байх  шалгуур тавьсан нь энэхүү  зээл “ ажил хийдэг” хүндээ очих зөв шалгуур болсон. ЖДҮ эрхлэгчдэд зээл авахад тулгардаг нэг бэрхшээл нь барьцаа хөрөнгө. Энэ асуудлыг шийдэж Зээлийн батлан даалтын сан барьцаа хөрөнгөгүй бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлж байна. Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуульд заасан буюу 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн барьцаа хөрөнгийн дутагдалтай хэсэг (үндсэн зээлийн 60 хүртэл хувь буюу 300 сая төгрөг хүртэл)-т батлан даалт гаргах юм. 
 
 
С.Наран