Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны тавдугаар сарын 14-ний өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улс Энэтхэг Улсыг “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь итгэлт түнш хэмээн үздэгийг онцолж, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг болохыг тэмдэглэлээ.
Энэтхэгийн талын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг 2028 онд буюу төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахад Засгийн газар онцгой ач холбогдол өгч байгааг Ерөнхий сайд онцоллоо.
Монгол Улсаас Энэтхэг Улсад коксжих нүүрс экспортлох боломжийн талаар талууд санал солилцож, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд гуравдагч улсын боомт, тээврийн коридорын боломжийг хамтран ашиглах асуудлаар ярилцав.
Засгийн газар “Чөлөөлье” бодлого, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, бизнесийн орчны шинэчлэлд анхаарч байгааг Ерөнхий сайд дурдаад Монгол Улс банк, санхүүгийн салбарт Энэтхэг улстай хамтын ажиллагааг эхлүүлэхэд нээлттэй байх болно гэв.
Энэтхэг-Монголын найрамдлын ерөнхий боловсролын сургууль, Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн төв зэрэг Энэтхэг Улсын санаачилга, санхүүжилтээр ажил хэрэг болж буй төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, үр өгөөжийг нь нийгэм, ард иргэдэд хүргэхийн төлөө хамтран ажиллахаа талууд илэрхийллээ.
Пүрэв - 05 сарын 14,
2026
Сэтгэгдэл4
За энэ бол худал үг. Улстөрчид мөнгө хаанаас хусах тухай өдөр шөнөгүй бодож байгаа. Газрын тосны үйлдвэр гэдэг үлгэр зохиогоод ингэж мөнгө идэх гэж.
Түүхий газрын тосгүй үйлдвэр үхмэл хөрөнгө зээл татвар төлөгчдөд дарамт болно
Түүхий газрын тосгүй үйлдвэр үхмэл хөрөнгө зээл татвар төлөгчдөд дарамт болно
Бүтээн байгуулалтыг бүү гацаа. Туулын замыг барь. Нэг өдөр ч алдаж болохгүй.