sonin.mn
Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан өнөөдөр (2021.06.17) Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан ноён Зафер Атешийг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож ирсэнтэй холбогдуулан баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Тэрээр цааш нь хэлэхдээ, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хийгдэх ажил их байгааг дурдаад, Монгол, Туркийн парламентын найрамдлын бүлэг хоорондын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө ажиллаж байна. 2018 онд Монгол Улсын Их Хурлын дарга Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийж, Турк Улсын Ерөнхийлөгчид бараалхах үеэр талууд хоёр улсын худалдааны хэмжээг 10 дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд хоёр улсын хооронд нислэгийн тоог нэмэгдүүлснээр аялал жуулчлал, ачаа, тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлж, хамтын харилцааг эдийн засгийн агуулгаар харилцан ашигтай хөгжүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
 
 
Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш найрсаг дотноор хүлээн авч уулзсан Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайханд талархаж, найрамдалт харилцаатай Монгол Улстай улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Нэн ялангуяа, иргэний агаарын тээвэр, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын зэрэг салбарт хамтран ажиллах сонирхолтой байна. Хархоринд нисэх буудал барих, Тоньюкукийн музей байгуулах, Орхоны хөндийг түшиглэсэн аялал жуулчлалын цогцолбор байгуулахад анхаарч байгаагаа илэрхийлэв.
 
 
Уулзалтын үеэр талууд боловсрол, соёл, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туршлага солилцох болон цаг үеийн бусад асуудлаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.