sonin.mn
Сонгуулийн санал тоолох автоматжуулсан систем буюу хар машингүй сонгуульд оролцох тухай улс төрийн намуудад хандан уриалж, Иргэний Зориг-Ногоон Нам мэдээлэл хийлээ. Тэд уриалгадаа:  " 2012 оноос өнөөдрийг хүртэл төрийн бүх шатны сонгуульд хэрэглэж ирсэн Dominion Voting Systems  компанийн New image cast төхөөрөмж буюу бидний хэлж заншсанаар “хар машин” нь хэт хоцрогдсон, иргэд, улс төрийн намуудын илэрхийлж байгаагаар сонгуулийн санал тоолох явцад луйвар хийх боломжтой хэмээн Иргэний Зориг Ногоон Нам үзэн улс төрийн бүх нам нэр дэвшигчдэд хандан уриалга гаргаж байна. Үүнийг иргэн Ган-Очирын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө санал тоолох автоматжуулсан системийн луйвар хийх боломжтойг дэлгэсэн баримт бэлхэнээ харуулж байна.
 
 
Төрийн бүх шатны сонгууль хараат бус, тэгш, шударга, чөлөөт байдалд явагдах үндсэн нөхцөл нь иргэд саналаа чөлөөтэй өгөх, өгсөн санал нь “хулгайлагдахгүй” гэдэгт итгэл дүүрэн байх үүднээс сонгогчдын саналыг “хар машин”-аар бус 100 хувь гараар тоолох нь зүйтэй гэж үзэж байна. Жишээ нь: дэлхийн өндөр хөгжилтэй орнууд болох Англи, Герман зэрэг улсууд хар машинаас татгалзсан байдаг бөгөөд 100 саяас дээш хүн амтай Япон, ОХУ-д сонгуулийн дүнг гараар тоолж байна.
 
 
Иргэний Зориг Ногоон Намын саналыг хүлээн зөвшөөрч байгаа бүх нам, нэр дэвшигчидтэй энэхүү уриалгыг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллахад бэлэн байна."  гэсэн байв.
 
Мөн хэвлэлийн хурлын үеэр олон улсын тоймч Ш.Гантулга: " Монгол Улсын Үндсэн хуулинд төр засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байх ёстой гэж бичсэн байдаг. Түүнээс биш хар машин, түүнийг програмчилдаг хүн, хар машиныг оруулж ирсэн хүмүүсийн гарт Монгол Улсын засгийн эрх байна гэж үг байдаггүй. Гэтэл санал тоолох хар машиныг хэрэглэсний улмаас ард түмэн засаг төрийн эрхийг гартаа барих Үндсэн хуулинд заасан гол чухал эрхээс хагацчихаад байгаа учраас бид сонгуулийн хар машинаас татгалзах ёстой юм.
 
 
Сонгуулийн хар машин Монголын ард түмэнд хар муухай ирээдүйг авчирч байгаа учраас энэ муухай зүйлээс татгалзах хэрэгтэй. Санал тоолох хар машин гэдэг бол сүүлийн 30 жилийн турш сонгуулийн бүхий л үйл явцад явагдсан луйврууд дотроос хамгийн төгс төгөлдөр, ард түмнийг хамгийн ихээр басаж доромжилсон зүйл юм.
 
 
Ийм учраас би Монгол улсын бүх иргэдэд хандан бид ирээдүйгээ сайнаар харахыг хүсэж байгаа бол урьдын муу муухай бүхнээс, худал хуурмаг бүхнээс, шударга бус бүхнээс татгалзах хэрэгтэй гэж уриалж байна. Санал хураах хар машин Монголчуудын, тэр дундаа залуучуудын ирээдүйг хулгайлж байгаа хэрэг шүү дээ. Ийм учраас санал хураах хар машинаас татгалзахыг уриалж байна. " гэлээ.
 
 

 

М.Чойжал