sonin.mn
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Киевд НАТО-гийн цэргийн оролцоог нэмэгдүүлэхийг тэвчихгүй гэдгээ харуулахын тулд Украинтай хиллэдэг бүс нутагт цэргээ бэхжүүлсэн талаар эх сурвалжууд мэдээллээ. Владимир Путин энэ тухай “Россия” телевизэд өгсөн ярилцлагадаа АНУ болон НАТО-гийн холбоотон орнууд Хар тэнгист төлөвлөөгүй сургуулилалт хийж байгааг шүүмжиллээ.
 
 
Тэрбээр “Энэ бол зохисгүй үйлдэл. Байдлыг хурцатгах шаардлагагүй. Барууныхан Украинд шинэ зэвсэг нийлүүлэх эсвэл цэргээ өргөжүүлснээр улаан шугам давлаа” хэмээв. Ажиглагчдын үзэж байгаагаар Кремль Украинтай мөргөлдөх бодолгүй ч шаардлагатай бол хүч хэрэглэхэд бэлэн.
 
 
 
АНУ-ын дотоод зөрчилдөөн, Ангела Меркелийг Германы канцлерын суудлаас буухтай холбогдуулан барууныхан зохицуулалттай хариу арга хэмжээ авах боломж хомс гэдгийг Москва мэдэж байгаа. Европын холбооны Засгийн газрууд ОХУ-ын зорилгыг айлган сүрдүүлэлт гэж үздэг. “Вашингтон Пост”, “Политико” зэрэг хэвлэлд Смоленск мужийн Елня хотын ойролцоо ОХУ цэргийн техник хэрэгслээ хуримтлуулж байгааг харуулсан хиймэл дагуулын зургуудыг нийтэлжээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков үүнийг “Хоосон бөгөөд үндэслэлгүй мэдээллийг тайлбарлах албагүй. Елня бол Украинтай биш Беларусьтай хиллэдэг” гэжээ.
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин