sonin.mn
Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.11.25) нэгдсэн хуралдаан 10.07 минутад 53.9 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр тогтов. Хуралдаанаар эхлээд “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Засгийн газраас 2021 оны арван нэгдүгээр сарын 3-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын 2021 оны арван нэгдүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.
Эдийн засгийн байнгын хорооны 2021 оны арван нэгдүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаанд оролцсон гишүүдийн зүгээс төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг баримтлан тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, уг тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзжээ.
 
 
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсны дараа анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 49 гишүүний 77.6 хувь нь энэ саналыг дэмжсэн тул “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.2 хувь нь дэмжснээр дээрх Улсын Их Хурлын дээрх тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эцсийн найруулгыг уншиж, танилцуулав.
 
Хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
 
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулав.
Засгийн газраас 2021 оны зургадугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 12 гишүүнээс 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын 2021 оны долдугаар сарын 8-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцэж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
 
 
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24-т заасны дагуу дээрх хуулийн төслүүдийг нэгтгэн Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригоор ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Д.Бат-Эрдэнэ, Т.Доржханд, Ц.Цэрэнпунцаг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.
Ажлын хэсэг дээрх хуулийн төслүүдийг нэгтгэхдээ хуулийн төслийн агуулга, зохицуулах асуудлыг харгалзан Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд суурилан саналаа бэлтгэсэн бөгөөд Байнгын хорооны 2021 оны арван нэгдүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулжээ.
Ажлын хэсгээс хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Улсын Их Хурлын гишүүдээс Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2021 оны аравдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцүүлж, батлуулсан.
Хэлэлцүүлгийн явцад ажлын хэсгийн нэгтгэсэн төслийн болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдтэй холбогдуулан төслөөс зарим зүйл, заалтыг хасах, өөрчлөн найруулах болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн дагаж мөрдөх хугацааг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн дагаж мөрдөх зэрэг хууль хоорондын уялдааг хангах зорилгоор боловсруулсан зарчмын зөрүүтэй 21 саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх эдгээр саналыг дэмжсэн гэв.
 
 
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Д.Ганбат, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, Байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн ахлагчаас хариулт, тайлбар авав. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ.
Тухайлбал, нэгтгэсэн төслийн 1 дүгээр зүйлийн 8 дахь заалт буюу “7.4.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14.3-т заасан Зөвлөлийн дэргэд салбар бүрийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн өндөр мэргэшилтэй 15 гишүүний бүрэлдэхүүнтэй Хөгжлийн бодпого, төлөвлөлтийн зөвлөл ажиллана.” гэснийг, мөн төслийн 1 дүгээр зүйлийн 9 дахь заалт буюу “7.5.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журмыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14.3-т заасан Зөвлөл батална” гэснийг хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Түүнчлэн нэгтгэсэн төслийн 2 дугаар зүйлийг хасч, төслийн дугаарлалтыг өөрчлөх, нэгтгэсэн төслийн 3 дугаар зүйлийн 6 дахь заалт буюу 9.4.3 дахь заалтыг, 6 дугаар заалтыг хасахыг дэмжих саналаар тус бүрд нь санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ. Ийнхүү Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм.
 
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус дөрвөн гишүүнийг томиллоо
 
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Өнгөрсөн Баасан (2021.11.18) гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага авсан бөгөөд завсарлагын хугацаа дууссан тул хэлэлцүүлгийг ийнхүү үргэлжлүүлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүдийг томилох Байнгын хорооны саналаар санал хураалтууд явууллаа.
 
 
Нэр дэвшигч Наранчулууны Отгончимэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилохыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 66.7 хувь нь, Нямсүрэнгийн Мөнгөнцэцэгийг томилохыг 52 гишүүний 43 нь, Навагчамбын Баасанжавыг томилохыг Улсын Их Хурлын гишүүдийн 80.8 хувь нь, Ренчиндоржийн Онончимэгийг томилохыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 74 хувь нь тус тус дэмжлээ. Харин нэр дэвшигч Дашпунцагийн Эрдэнэчимэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилохыг гишүүдийн олонх дэмжсэнгүй. Үүгээр “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох, чөлөөлөх тухай” тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эцсийн найруулгыг уншиж танилцуулсан юм. Дараа нь шинээр томилогдож буй Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүдэд Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын нийт гишүүдээ төлөөлөн амжилт хүсээд “Хараат бус, хариуцлагатай шүүхийн тогтолцоог бэхжүүлэх, шүүх салбарт хүн биш хууль засагладаг нийгмийг төлөвшүүлэх ажилд аливаа нэг ашиг сонирхолд хөтлөгдөхгүйгээр чин шударгаар ажиллахыг хүсье” гэв.
 
Генетик нөөцийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
 
Үргэлжлүүлэн Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.
 
 
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Алтанхуяг, Б.Баттөмөр, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч болон гишүүдээс хариулт, тайлбар мэдээлэл авав.
Төслөөр Монгол Улсын генетик нөөц, уламжлалт мэдлэгээ нэгтгэн бүртгэлжлүүлэх, өмчлөгч, эзэмшигчийг тодорхой болгох эрх зүйн зохицуулалтуудыг хийхийн зэрэгцээ хадгалж хамгаалах, судалж, өргөжүүлэх, улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг зохицуулахаар хуулийн төсөлд холбогдох зохицуулалтууд орсон байгааг Г.Тэмүүлэн гишүүн тайлбарласан юм. Бид дотооддоо бүртэлжлүүлээгүй байдгаас уламжлалт арга, технологи болон нөөцийг гадаад улс орнууд ашиглан, судалж, боловсруулаад өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлсэн тохиолдлууд байгаа бөгөөд хуулийн төслийг баталснаар эдгээрээс болон цаашид энэ төрлийн харилцаанаас эдийн засгийн үр өгөөж хүртэх боломж нээгдэнэ хэмээн үзэж буйгаа тэрбээр хариулт өгсөн. Генетик нөөц, уламжлалт мэдлэгээ бүртгэлжлүүлэх, зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх бие даасан, хараат бус мэргэжлийн байгууллага зохион байгуулах, санал, дүгнэлт гаргахаар төсөлд тусгасан гэлээ. Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн танилцуулав.
 
 
Монгол орны эрс тэс уур амьсгалд дасан зохицсон ургамал, амьтанд олон төрлийн генетик нөөц байдгийг Б.Баттөмөр гишүүн тэмдэглэсэн. Биологийн хувьд 7000 гаруй төрөл зүйл бүртгэгдсэн гэх мэдээлэл байгааг тэрбээр дурдаад байгалийн энэ төрлийн баялгийг ашиглан өртөг шингэсэн, үнэ цэнтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоо, нөөц байгааг дурдаад энэ бол Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн нэг гарц гэдэг байр суурийг илэрхийлж байлаа. Гэхдээ манай улсын хувьд лаборатори, боловсон хүчний хувьд нөөц бий эсэх, ургамал, амьтны амьдрах орчны судалгаа, мэдээлэл ямар байгааг тэрбээр ажлын хэсгээс тодруулж хариулт авсан. Биотехнологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, лабораториудыг бэхжүүлэх шаардлага байгаа гэдгийг Г.Тэмүүлэн гишүүн хэлж, төсөлд энэ чиглэлээр холбогдох заалтуудыг оруулсан гэв. Байгалийн ургамлын чиглэлээр олон улсын “Улаан данс”-ны үнэлгээний талаар мөн мэдээлэл өгсөн. 2019 онд салбарын яамнаас гаргасан 876 төрлийн ургамлыг олон улсын “Улаан данс”-ны үнэлгээгээр үнэлэхэд 72.5 хувь нь зайлшгүй хамгаалалтад авах шаардлагатай хэмээн тогтоогдсон, ховордлын шалтгаан нь 71.8 хувь нь “Амьдрах орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй” гэх судалгаа гарсан байна. Мөн байгалийн ургамлын ашиглалт, чанарын судалгааг хийсэн байдаг бөгөөд 2004 оны энэ төрлийн судалгаагаар эмийн 1000 гаруй, хүнсний ач холбогдол бүхий 200, бал, тос 570, хөрс бэхжүүлэх 70 орчим төрлийн ургамал байгааг тогтоож байжээ. Амьтны аймгийн тухайд 141 зүйлийн хөхтөн, 513 төрлийн шувуу, 21 зүйлийн мөлхөгч, 6 зүйлийн хоёр нутагтан, 74 зүйлийн загас, 13000 гаруй төрлийн сээр нуруутан бүртгэгдсэн байдаг бөгөөд үүнээс 76 нь ховор, 31 нь нэн ховорт тооцогддог аж. Байгалийн гаралтай генетик нөөц манай улсад байгаа, эдгээрийг судлах, ашиглахад төсөл дэх зохицуулалтууд нэн чухал гэдэг хариултыг ажлын хэсгээс өгч байсан юм. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын 53 томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм.
Ийнхүү хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв. Үүгээр Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.