сонин mn
Хүний эрхийг дээдэлсэн нийгмийг цогцлоох, хууль эрх зүйн орчныг цаг үеийн шаардлагад нийцүүлэх, шинэчлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Монгол Ардын Нам УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө хүний эрхтэй холбоотой хэд хэдэн заалтыг дэвшүүлсэн бөгөөд үүнийг бодит ажил  болгох үүднээс  тодорхой алхмуудыг  эхлүүлээд байгаа юм. Ирэх сарын 6, 7-ны өдрүүдэд болох намын 30-р Их хурлаар  хүний эрхийн асуудлыг өндөр түвшинд авч хэлэлцэнэ.
Өнөөдөр /2021.11.25/ Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан  олон нийтэд мэдээлэл хийлээ. Тус хуралд Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар, Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд, Нарийн бичгийн дарга Б.Тулга нар болон  УИХ-ын гишүүн  Б.Энхбаяр, Д.Цогтбаатар, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Г.Амартүвшин, Б.Баярсайхан, Э.Батшугар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан, ОТИС-ийн  багш Р.Очирбал, ОТИС-ийн Хууль зүйн сургуулийн багш М.Ариунаа, Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч А.Алтанзул, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Уранцэцэг, ОТИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Д.Эрдэнэчимэг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Б.Баасандорж, Т.Золбоо, Н.Норовсамбуу, “Бодь даатгал” компанийн ахлах хуульч  Ж.Чимэдцэрэн,  “Оюуны инноваци” ТББ-ын судлаач  Б.Төрболд, “Богд” судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Г.Онон, Эрх зүйч, хүний эрхийн хамгаалагч Б.Болорсайхан, Өмгөөллийн “Өү Эс Ди партнерс” ХНН-ийн партнер Ж.Содномдаржаа,  ИЗИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Б.Баяраа, ИЗИС-ийн багш С.Тэгшжаргал, “Дэврүүн” компанийн хуулийн зөвлөх М.Хатанзориг нар оролцов.   
 
 
Энэ удаагийн Их хурлаар  Монгол Ардын Намын Бага хурлын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Хяналтын ерөнхий хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн Монгол Ардын Нам эрх барьж буй улстөрийн хүчний хувьд нийгэмд дэвшүүлэн тавих бодлогын асуудлуудаа энэ удаагийн хуралдаанаар тухайлан хэлэлцэхээр товлоод байгааг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан онцоллоо. Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс “цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ыг Их хурлын төлөөлөгчдөөр дамжуулан олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар сонгодог парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх зорилгын хүрээнд илтгэл, хөтөлбөрөө танилцуулна. Монгол Ардын Нам нээлттэй, ил тод улс төрийн хүчин болж байгаагийнхаа хувьд бодлогын томоохон  хэд хэдэн асуудлыг гаргаж тавихаар ажиллаж байгаа.Бид удаа дараагийн сонгуульд ялалт байгуулсан учраас хийж, хэрэгжүүлэх ажлаа олон талт хэлбэрээр судалсан.Тухайлбал,  өнөөдөр нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг олон талаас нь судалж гаргаж ирэхийг зорьсон бөгөөд  бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтаас гадна хүн энэ нийгэмд эрүүл, аюулгүйгээр ажиллаж, амьдрах боломж бололцоог бүрдүүлэх, амгалан тайван амьдрахын үндэс суурь нь юу юм бэ гэдгийг тал бүрээс нь судалж үзсэн. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хуулийн дор эрх тэгш амьдардаг нийгмийг цогцлоохын төлөө хүний эрхэд суурилсан эрх зүйн шинэтгэлийг хийнэ гэдгээ эрх баригч МАН зарласан. Үүний хүрээнд сүүлийн есөн сар орчмын хугацаанд  мэргэжлийн хуульч, судлаачидтай хамтран олон талт судалгааг хийсэн.
 
“2004 оныг эс тооцвол  МАН сүүлийн 30 жилийн хугацаанд  парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгууллаа.  МАН социал демократ үзэл баримтлалтай улс төрийн хүчний хувьд, нийгмийн дундаж давхаргыг дэмжсэн үндсэн хөтөлбөртэй улс төрийн намын хувьд хоёр удаагийн парламентын сонгуульд 65, 62  суудалтайгаар ялалт байгуулсан нь ард иргэдээс бидэнд хүлээлгэж буй том хариуцлага гэж бид үзэж байна.
 
Нийгмийн олонх маань чинээлэг дундаж давхаргыг бий  болгох хүсэл, зорилготой байна. Тэгвэл ийм нийгмийг бүтээн цогцлооход учирч буй саад бэрхшээл нь юу юм бэ гэдгийг дээр дурдсан  судалгааны дүнгээс харахад ерөөсөө ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд  учирч буй бэрхшээл, үндсэн дайсан нь авилга,  албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хариуцлагагүй байдал юм байна гэдэг нь маш тодорхой харагдсан. Аль нам засгийн эрх барьж байгаагаас үл хамаараад өнөөдөр Монголын нийгмийн  хүндрэл болсон эдгээр асуудалтай  эрх баригч нам тууштай тэмцэнэ. Манай намыг  засгийн эрх барьж буй  цаг хугацаандаа төрд сонгогдож, томилогдож  ажиллаж байгаа  төрийн албан тушаалтнуудаар дамжуулан  эдгээр асуудалтай тууштай тэмцэх бодлого, хөтөлбөрийг гаргахыг зорин ажиллаж байна. Тийм учраас намын 30 дугаар Их хурлаар хэлэлцэх асуудлын цөм нь хүний эрхтэй холбоотой  байх болно.  Их хурлын төлөөлөгчдийн дунд энэ төрлийн бодлого, хөтөлбөрөө танилцуулан хэлэлцүүлсний үндсэн дээр олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байна” гэлээ.
Хүний эрхтэй холбоотой судалгааг хийхдээ Монгол Ардын Намын дэргэдэх “ТИНК ТАНК” байгууллагуудаар дамжуулан мэргэжлийн судлаач, хуульчдыг татан оролцуулсан.Ингэснээр  бодит судалгааны үр дүн төдийгүй өмнөө тавих бодит зорилготойгоор Их хурлаа хуралдуулна. Түүнчлэн Монгол Ардын Нам хүний эрхийг хамгаалах, хууль эрх зүйн орчныг сайжруулах,  хүний эрхийг өндөр түвшинд хамгаалдаг хөгжилтэй улсуудын түвшинд хүрэх томоохон зорилтыг бодлогын түвшинд хэрэгжүүлж, бодит ажил хэрэг болгоно.  
Бид хүний эрхийн асуудлаар сүүлийн есөн сар орчмын хугацаанд бодлогын болон социологийн,  чанарын судалгааг хийж дуусгаад байна. 
 
Өнөөдөр Монгол Улсад мөрдөж буй хууль эрх зүйн орчин хүний эрхийг хангалттай түвшинд хамгаалж чадаж байна уу, хүний нийгмийн харилцаанд бодитоор оршиж буй хүний эрхийн зөрчлийг хэрхэн арилгаж, сайжруулах вэ гэдгийг олон талаас нь судлан гаргаж ирсэн анхны тохиолдол юм. Цаашид ч энэ чиглэлд түлхүү анхааран ажиллана.
 
 
 
Монгол Улс ардчилсан, өөрчлөлт шинэчлэлтэд шилжсэн 30 гаруй жилийн хугацаанд хүний эрхийн асуудлаар олон талын хурал, зөвлөгөөн, арга хэмжээг зохион байгуулсны үндсэн дээр  олон нийтийн хүний эрхийн талаарх ойлголт, мэдээлэл нэмэгдсэн хэдий ч хууль, эрх зүйн орчноо цаг тухай бүрт нь сайжруулан шинэчилж авч явж чадаагүй гэх дүгнэлт гарсан учраас энэ чиглэлд эрх баригч нам улс төрийн манлайлал үзүүлэн,  өндөр ач холбогдол өгч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.