sonin.mn
Эдийн засагч М.Чимэддоржтой ярилцлаа.
 
УИХ-ын сүүлийн хоёр сонгуулиар МАН буюу нэг нам үнэмлэхүй ялалт байгуулж, дангаараа засаглаж байна. Мөн Монголчууд хоёр жил “Ковид-19”-ын дэглэмд амьдарлаа. Ийм үед хүний эрхийн асуудал манайд ямар түвшинд байна вэ? 
 
Монгол улсад коронавирус цар тахал гарч, УИХ-аар түүнтэй тэмцэх хууль баталсан. Энэ хуулиар  хүний эрхийг уландаа гишгэсэн. Ялангуяа албан тушаалтан, эрх мэдэлтнүүд хүний эрхийг зөрчих суурь, эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн. Мэдээж цар тахал бол бүх нийтийг хамарсан гамшиг. Тодорхой хэмжээгээр зорчих эрхийг хязгаарлаж болно. Гэхдээ зөвтгөх шалтгаан заавал байх ёстой. Харамсалтай нь коронавирус цар тахлын үед хэрэгжүүлсэн бүх арга хэмжээ бүхэлдээ хүний эрхийн эсрэг болж хувирсан. Хоёр жилийн дараа эргээд харахад цар тахалтай тэмцэх хууль үндсэндээ төрийн эрх мэдэлтнүүдийн дураараа авирлах орон зайг бүрдүүлснээр хүний эрхийн асуудал Монгол улсад дордсон. Тодруулбал 1990 оноос хойш үзэгдээгүйгээр хүний эрх дордсон. 
 
Э.Одбаяр, Д.Монголхүү, Д.Амартүвшин гэх мэт залуус “Double standard”-г эсэргүүцэн, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, тайван жагсаал, цуглаан хийснийхээ төлөө баривчлагдаж байсан. Ер нь онцгой нөхцөл байдлын үед хүний эрхийн асуудлыг хэрхэн хангадаг жишиг байдаг юм бэ?
 
Юуны өмнө цар тахлын тухай хуулийг яаралтай хүчингүй болгох хэрэгтэй. МАН энэ хуулийг хоёр удаа хугацааг нь сунгаад энэ оны  12 оны 31-нээр дуусгавар болж байна. Үүний дараа Монгол улсад хүний эрхийн байдал яаж дордов, энэ хугацаанд ямар хүмүүсийн эрх зөрчигдөв, төрийн эрх мэдэлтнүүд хэрхэн дураараа авирлав гээд чиглэл бүрээр маш олон судалгаа мэдээж хийгдэх болно. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол хүний заяагдмал эрх. Тийм учраас эдгээр залуус хуулийн өмнө эрүүгийн ял тулгагдаад зогсож байгаа нь ардчилсан улсад байж боломгүй үзэгдэл. Гаргаж тавьж буй асуудал нь эрх мэдэлтнүүд болон иргэдийн хийсэн яг адилхан үйлдэлд албан тушаалтан шийтгэгддэггүй, хариуцлага хүлээдэггүй, иргэн болохоор хуулийн хариуцлага хүлээдэг явдал шүү дээ.
 
 
 
Монголын төр иргэнд ч, албан тушаалтанд ч нэг нүүртэй байх ёстой гэдэг асуудлыг ил гаргаж тавьсныхаа төлөө шийтгэгдээд явж байгаа нь манай улсад хүний эрх байхгүй болох, эрх баригчдыг шүүмжлэх боломжгүй болгох гэсэн оролдлого л гэж харж байна. Ялангуяа цагдаа, шүүхийнхэн, хүчний байгууллагууд үзэл бодлоо илэрхийлсэн, эрх баригчдыг шүүмжилсэн, Засгийн газрын буруутай үйл ажиллагааг илчилсэн бүх хүмүүст ял тулгадаг болж хувирч байгаа нь харамсалтай. Үүнийг цаг алдалгүй засч залруулах ёстой. 
 
 
 
Монгол улсын эдийн засаг маш хүнд байна. Хил гааль хаалттай, бараа бүтээгдэхүүний үнэ өдөр ирэх тутам өсч байна. Ийм үед Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг та хэрхэн үнэлж байна?
 
Би хэдхэн тоо баримт хэлье. 2020 онд төсвийг ДНБ-ий 4.5 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай баталсан. 2021 оны төсвийг 8.2, 2022 оны төсвийг 5.1 хувийн алдагдалтай баталж байна. Өнөөдөр Монгол Улсын Засгийн Газар 32 их наяд төгрөгийн өртэй болчихлоо. 2020 оны гүйцэтгэлээр манай эдийн засаг 5 хувь агшсан байна. Энэ хугацаанд эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсөлттэй байсан. Монгол Улсын гол экспорт өсөлттэй байсан. Зүй нь бол Монгол Улсын эдийн засаг сөрөг гарах ямар ч боломжгүй байсан. Харамсалтай нь цар тахлын үед манайх хил гаалийнхаа ариутгал, халдваргүйжүүлэлтийнхээ дэглэмийг бариагүй учраас хилээ хаалгуулаад, улмаар Монгол улсын эдийн засаг агшиж эхэлсэн. Мөн шаардлагагүй байхад хөл хорио тогтоосны улмаас ажил хийдэг хүм амын тавин хувь нь багтдаг буюу худалдаа, үйлчилгээний салбар, ЖДҮ-ийн тэн хагас нь бараг дампуурчихлаа. Тэгэхээр ядуурал, ажилгүйдэл, хүмүүс орлогогүй болж байгаа гэх мэт бүх асуудлын ард төрийн буруу шийдвэр байна. Цар тахал байсан уу гэвэл байсан. Гэхдээ эрдэс баялаг экспортолдог Чили, Австрали, Индонези гэх мэт орнуудтай харьцуулахад манайх шиг ингэж агшсан эдийн засаг байхгүй. Эдгээр улсууд эрдэс баялгийн үнэ өсөлттэй байсны үр дүнд эдийн засгаа хохиролгүй аваад үлдсэн. Гэтэл манайх дотроо хөл хорио тогтоогоод, хил гаалийнхаа халдваргүйжүүлэлтийг хангаагүйн улмаас хилээ хаалгуулаад, эдийн засгаа сүйрүүлээд сууж байна. 
 
МАН 30 дугаар их хурлаараа хүний эрхийн асуудлыг чухалчлан авч хэлэлцлээ. Үүнийг та хэрхэн харж байна?
 
Олон улсын бүх үзүүлэлтээр хүний эрхийг дордуулчихаад ингэж ярьж байгаа нь ёс зүйн хувьд зохимжгүй. Нэг нүүрээрээ үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэддээ эрүүгийн ял тулгачихаад нөгөө нүүрээрээ хүний эрх ярьж болохгүй. Нөгөө талаар энэ бол цэвэр улс төрийн үйл ажиллагаа. 12 сарын 6 буюу Ардчилсан нам үүсгэн байгуулагдсан баярын өдөр МАН-ынхан намынхаа их хурлыг зарлаж,  хүний эрхийн асуудал ярьж байгаа нь ердөө л Монголд өөр улс төрийн хүчин байлгахгүй гэсэн санаархлынх нь илэрхийлэл. 
 
 
Ярилцлага өгсөн танд баярлалаа.
 
Баярлалаа.
 
 
Ярилцсан:  Ч.Явуухүү