sonin.mn
МОСКВА. /interfax/. АНУ Зүүн Европ болон Балтын тэнгисийн орнууд руу 5 мянга хүртэлх тооны цэрэг илгээж магадгүй тухай “The New York Times” сонин тус улсын засаг захиргаан дахь энэ талаар мэдээлэлтэй эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Балтын тэнгисийн орнууд болон Зүүн Европт Америкийн хэдэн мянган цэрэг, түүнчлэн байлдааны хөлөг онгоц, нисэх онгоцууд байрлуулах боломжийг судалж байгаа аж. 
 
Америкийн цэргүүдийг Оростой залгаа хил рүү шилжүүлэн байрлуулах хэд хэдэн хувилбарыг Пентагоны өндөр албан тушаалтнууд Кэмп Дэвидэд (Мэриланд дахь АНУ-ын Ерөнхийлөгчийн өргөө) бямба гарагт болсон уулзалтын үеэр Байденд танилцуулжээ. Тухайлбал, Зүүн Европын орнууд руу 1000-5000 хүртэлх цэрэг илгээх, хэрэв "нөхцөл байдал хүндэрвэл" энэ тоог 10 дахин нэмэгдүүлэх боломжийг тусгасан хувилбарыг санал болгосон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч шийдвэрээ энэ долоо хоногт гаргаж магадгүй гэж эх сурвалжууд мэдээлжээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг