sonin.mn
С.Эрдэнийнх ба Х.Баттулгынх гэж хоёр хуваагдсан Ардчилсан Намынхан учраа олж, эргэж нийлэхгүй нь өдөр ирэх тутам тодорхой болж байна. 2022 оны тавдугаар сарын 20-нд Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэхийг шийднэ. Харин С.Эрдэнийн талынхан 5-р сарын 16-нд АН-ын эргэлт /ротаци/-ийн сонгуульд нэр дэвшигчдийг танилцуулж, үнэмлэхийг нь гардуулсан юм. Нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авснаар энэ сарын 27-ны өдрийг хүртэл гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж сурталчилгаагаа хийх бөгөөд харин сонгууль нь тавдугаар сарын 29-ний өдөр болох аж.
Ингэснээр С.Эрдэнийн талынхан Х.Баттулгыг дагаж буй талынхныг бүрэн шахан гаргаж, өөрсдийн хүмүүсээр АН-ын Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэх юм.
 
Шинэ бүрэлдсэн гишүүд  дүрмийн өөрчлөлтийн дагуу бий болсон АН-ын ҮБХ-ы дарга гэх албан тушаалд Содномзундуйн Эрдэнийг сонгоно.
Үүний дараа АН-ын даргыг шинээр сонгох үйл явц эхлэх ажээ.
Тэгвэл С.Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АН-ын дарга болгохоор хэдийн тохиролцсон болохыг эх сурвалжууд нотолж байна.
 
Ц.Элбэгдорж ч бэлтгэл ажилдаа хэдийн орж, АН-ын эргэлт /ротаци/-ийн сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлжээ. 
 
Мөн Б.Бейсен, А.Адьяасүрэн, Ц.Туваан, Ш.Адьшаа нараас бусад УИХ-ын гишүүдтэй уулзаж санал бодлоо нэгтгэн, тэр бүү хэл Н.Алтанхуягаас хүртэл уучлалт гуйсан байна.
 
Өөрөөр хэлбэл С.Эрдэнэ тэргүүтнүүд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэр хүндтэй, ардчиллын анхдагч, хэнтэй ч хэл амаа ололцох өндөр чадвартай Ц.Элбэгдоржийг АН-ын дарга болгон, тархай бутархай байгаа фракциудтай тохиролцох хүрэх замаар Х.Баттулгыг ганцаардуулан буланд шахаж, улмаар АН-аас бүрмөсөн зайлуулахаар ажиллаж эхэлсэн нь тодорхой болжээ.
 
Э.Мягмар