sonin.mn
МОСКВА. /RT/. Австралийн эрх баригчид ОХУ-ын найман сэтгүүлч болон төрийн зарим албан хаагчийг хоригийн жагсаалтад оруулсан тухай тус улсын Гадаад хэрэг, худалдааны яамны цахим хуудсанд мэдээлжээ.
 
Тодруулбал, "Россия сегодня"  олон улсын мэдээллийн агентлагийн ерөнхий захирал Дмитрий Киселев, RT агентлагийн ерөнхий захирал Алексей Николов, Бүх Оросын төрийн телевиз, радиогийн нэвтрүүлгийн компанийн сэтгүүлч, хөтлөгч Сергей Брилев, "Газпром-медиа" холдингийн ерөнхий захирал Александр Жаров, телевизийн хөтлөгч Михаил Леонтьев, цэргийн сурвалжлагч Евгений Поддубный, Александр Коц, Дмитрий Стешин нар, мөн Ялалтын Музейн захирал Александр Школьник, Онцгой байдлын сайдын үүрэг гүйцэтгэгч Александр Чуприян, Аюулгүй байдлын албаны нэгдүгээр орлогч дарга Сергей Королев болон ОХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын нэгдүгээр орлогч дарга Николай Богдановскийд хориг арга хэмжээ авсан байна.
 
Үүнээс гадна, ОХУ-ын хувийн цэргийн компани болох "Вагнер", Беларусийн гинжит машин үйлдвэрлэгч "Минотор-сервис", "КБ Радар" НХН гэсэн хоёр компанид хязгаарлалт тавьжээ.
 
Одоогийн байдлаар Австрали улс ОХУ, Беларусийн 812 иргэн, түүний дотор Ерөнхийлөгч Владимир Путин, Александр Лукашенко нарт, мөн ОХУ-ын 47 томоохон аж ахуйн нэгж, байгууллагад хязгаарлалт тогтоосон байна. Үүнээс гадна, зэвсэг, сум, түүхий эд, газрын тос, байгалийн хий олборлох тоног төхөөрөмж экспортлох, Оросоос эрчим хүчний эх үүсвэрүүд, зэвсэг импортлохыг хоригложээ.
 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг