sonin.mn
ЖЕНЕВ. /Anadolu/. “Запорожье” атомын цахилгаан станцад /АЦС/ туйлын түгшүүртэй нөхцөл байдал үүсээд байна. Цэргийн ажиллагаа ямар ч үед цөмийн сүйрэлд хүргэж болзошгүй байгааг Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн (МАГАТЭ) ерөнхий захирал Рафаэль Мариано Гросси НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ гишүүдэд анхаарууллаа гэж тус байгууллагын хэвлэлийн алба мэдээлжээ. 
 
МАГАТЭ-гийн тэргүүн НҮБ-ын АЗ-д үг хэлэхдээ, “Запорожье” станцын эргэн тойронд үүсээд буй нөхцөл байдалд ихээхэн санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна. “Одоогоор уг станц руу гал нээсний улмаас эсвэл цэргийн өөр ажиллагааны үр дүнд цөмийн аюулгүй байдалд шууд заналхийлсэн зүйл байхгүй байна. Гэвч нөхцөл байдал ямар ч үед өөрчлөгдөж болно” гэж Рафаэль Мариано Гросси хэлжээ.
 
Тэрбээр ийм цөмийн байгууламжийн эргэн тойронд байлдааны ажиллагааг зогсоох ёстой, эс тэгвээс үр дагавар нь туйлын ноцтой байж болзошгүй гэж цохон тэмдэглэсэн байна. “Цөмийн аливаа сүйрлийг огт хүлээн зөвшөөрч болохгүй. Ийм үйл явдлаас урьдчилан сэргийлэхийн тулд бид ажиллах ёстой бөгөөд энэ нь бидний нийтлэг үүрэг юм” гэж ОУЦЭХА-ийн тэргүүн хэлэв.
 
 
Тэрбээр МАГАТЭ-гийн төлөөлөгчдийг “Запорожье” АЦС-д аль болох яаралтай ажиллахыг зөвшөөрөхийг талуудад уриалжээ. "Одоогийн байдлаар энэ станц нь Оросын эзэлсэн нутаг дэвсгэрт оршиж байна. Станцад очих зөвшөөрөл авахад туслахыг бид хоёр талд уриалж байна. Би Өмнөд Украины АЦС болон Чернобылийн АЦС-д ажиллаж байсан шиг энэ ажлыг удирдахад бэлэн байна” гэж Гросси хэлжээ.
 
 
“Запорожье” АЦС-ын цөмийн аюулыг арилгах цорын ганц арга зам бол Оросын цэргийг гаргаж, станцыг Украины хяналтад буцаан авах явдал гэж НҮБ-д суугаа Украины байнгын төлөөлөгч Сергей Кислицц НҮБ-ын АЗ-ийн хуралдаанд үг хэлэхдээ мэдэгдсэн байна. 
 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг