sonin.mn
Нүүрсний хулгайтай холбоотой улс төрчдийн нэрсийг ил болгох, Эрүүгийн хуулийн 22.1.3 дах заалтыг өөрчлөх шаардлага тавин талбай дээр суулт хийж буй иргэн Д.Энхсайхантай ярилцлаа. 
 
Та яагаад талбай дээр суулт хийж байна вэ?
 
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хоёрын үг нь зөрөөд байна. Нэг нь нүүрсний хулгай байна. Нөгөө нь байхгүй гээд байна. Хулгайгаа хаацайлах гээд байгаа юмуу. Монгол улсын Ерөнхий сайд ДНБ-тэй тэнцэх хэмжээний нүүрс хулгайд алдагдсан байна гэж хэлсэн. Цагдаа, тагнуулын мэдээлэл дээрээ үндэслэж энэ үгийг хэлж байгаа байх. Энэ бол бодит эх сурвалж шүү дээ.
 
Хэдийгээр тэд нүүрсний хулгайг ил гаргасан боловч намаа бүтэн байлгах гээд байна. “Улс дампуурах нь хамаагүй. Нам бүтэн байх нь чухал” гэдэг хандлагаар Д.Амарбаясгалан өчигдөр ярив уу? гэж би харж байна.
 
МАН, АН-ын Монгол улс гэж байхгүй. Тиймээс энэ хулгайчдаа ил гарга, зарла гэж шаардаж байна. Мөн эрүүгийн хуулийн 22.1.3 гэдэг заалтыг өөрчилье. Эд нар өөрсөддөө тааруулаад улс төрд нөлөө бүхий этгээд 40 сая төгрөгөөр торгуулна гэж Эрүүгийн хуулийн 22.1.3-ийг оруулсан. Энгийн иргэдэд бол хууль маш хатуу, чанга байдаг. Эрх мэдэлтнүүдэд ингээд “толгойг нь илсэн” байдалтай л байна шүү дээ. ЖДҮ, “60 тэрбум”, Хөгжлийн банк, “Эрдэнэтийн 49”, “Дарханы концес” гээд Монгол Улс хулгайчдын эх орон боллоо шүү дээ. Ард иргэд залхаж байна.
 
Эрүүгийн хуулийн 22.1.3-ыг яаж өөрчлөх хэрэгтэй вэ?
 
Авлига, албан тушаалын хэрэг дээр хатуу заалт оруулж өгөхийг Монголын ард түмэн хүсч байна. УИХ үүнийг шийдье гэвэл шийднэ. Нэг минутанд л хууль баталдаг шүү дээ. Яаралтай горимоор шийдээд өг. Гэхдээ УИХ-ын гишүүдийн тал нь нүүрсний хулгайтай холбоотой болохоор энэ хуулийн заалтыг өөрчлөхгүй байгаа байхгүй юу. УИХ-ын гишүүд ажлаа хийхгүй байна. Өнөөдөр бүгд гадаадад зугаалаад явчихсан. Сая Газрын тухай хууль батлахад 10 орчим гишүүд сууж байна. Бүгд гадаадад, далайн эрэг дээр байгаа. Бусад оронд авлига авсан албан тушаалтанд 25-аас 30 жилийн хорих ял өгдөг. Тэгээд дээр нь хөрөнгийг нь хураана. Гэтэл манайд 40 сая төгрөгөөр л торгож байна. Энэ чинь хулгайчдыг улам л давруулаад, өөгшүүлээд байна. Ингэж толгойг нь илж болохгүй.
 
Энэ хуулийг өөрчлөхгүй бол одоо дахиад ямар хулгай гарч ирэх юм байгаан бүү мэд. Хууль нь ийм учир эдгээр том, том хулгайнууд чинь гараад байна. Энэ хуулийг өнөө, маргаашгүй өөрчлөхгүй бол дараагийн хулгай бэлэн л байж байгаа. 
 
“Нүүрсний хулгайчид” энэ хуулиар ялгүй үлдэнэ гэж та үзэж байна уу?
 
Эрүүгийн хуулийн 22.1.3-аар л “шийтгүүлнэ”. Энэ хууль бол прокурор дээр очиж хэргээ хүлээгээд 40 саяар торгуулдаг л хууль байхгүй юу.
 
Энэ хулгайн асуудлаар Хятадын талтай хамтарч ажиллана гэсэн? 
 
Хятадын тал манайд мэдээллээ өгөх, өгөхгүйг нь сайн мэдэхгүй байна. Ер нь бол Хятадын талаас мэдээллийг нь аваад тулгах нь л зөв. УИХ дээр байгаа түр хороо ажиллаж л байх шиг байна. Хараат бус, хөндлөнгийн таван шинжээч авсан сураг байна. Тэр шинжээч нар л Монголын ард түмний төлөө, үнэн зөв ажиллаад өгөөч ээ гэж хүсэж байна. 
 
Ярилцсан Ч.Явуу