sonin.mn
Нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
 
Та бүхэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд 2023 оны улсын төсөвт хориг тавь гэж шаардлага хүргүүлсэн. Гэвч Ерөнхийлөгч шаардлагыг хүлээж авсангүй ээ...
 
Бид нар уг нь Ерөнхийлөгчийг МАН-ын Ерөнхийлөгч биш, ард түмний Ерөнхийлөгч байх гэж бодсон. АН-аас нэр дэвшээд яллаа, намаасаа татгалзаад Монгол Улсын Ерөнхийлөгч болдог. Ардын намаас нэр дэвшээд яллаа, Ерөнхийлөгч боллоо, Ардын намын гишүүнчлэлээсээ гардаг. Ерөнхийлөгчид ийм л байдаг. Гэтэл энэ хүн өнөөдөр тэгж чадахгүй байна. МАН-ын Ерөнхийлөгч хэвээрээ л байна. Нэг үг байдаг шүү дээ. Охин тосгоноос явсан ч тосгон охиноос явсангүй ээ гэдэг шиг У.Хүрэлсүх МАН-аас явсан ч МАН У.Хүрэлсүхээс явсангүй. Өнөөдөр та бүхэн хотыг хар л даа. Цахилгааны хүчдэл нь хүрэхгүй, хязгаарлалт хийхээр яригдаж байна. Дизель түлш нь тасарчихлаа.
 
Үнийн хөөрөгдөл бараг 100-гаас 200 хувьд хүрлээ. Өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт гарлаа. Нийтийн тээвэр байхгүй. Иргэд автобусанд сууж чадахгүй цаг хүлээдэг боллоо.
 
Зөвхөн Улаанбаатар хотыг л ярья. Аймгуудаар бол зудын байдал яригдаад эхэллээ. Хүүхдүүд автобус хүлээж маш их даарч байна. Хүрэлцээ муугаас автобусанд сууж чадахгүй байна. Иргэд 6 цаг машиндаа түгжирч байна. Ингээд иргэдийн наад захын хэрэгцээ хангагдахгүй байхад Ерөнхийлөгч хаана явна вэ? Миний амийг хороочихгүй бол та нарынхаа төлөө чөмгөө дундартал зүтгэнэ гэж сүржигнэсээр байгаад Ерөнхийлөгч болсон. Уг нь бид нар У.Хүрэлсүхэд бас л найдвар тавьж, харж байсан. Гэтэл энэ хүн өнөөдөр зүгээр л Ардын намынхантайгаа зууралдаад л, Я.Содбаатарыг генсекээр авна, авахгүй гэсэн жижигхэн юм яриад л  явж байна. Сая Хятадад айлчлахдаа гүүрэн гарц яриад л явна лээ. Энэ чинь геополитикийн олон улсын харилцааны асуудал ярих ёстой нөхцөлд бид зүгээр л нэг сайдын хэмжээний айлчлал хийж байна шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч шившиг болж байна. Цөмийн зэвсэггүй бүс нутаг, Хятад дахь хүний эрх, Украйн- Оросын дайн энэ тэр гээд жоохон баавартай бай л даа. Өмнөх Ерөнхийлөгч нар тийм л байсан.
 
Х.Баттулга ч гэсэн Америкт очоод “Би бурханаас хүсэл гуйх гэж ирээгүй ээ, зүгээр Америкийн Ерөнхийлөгчтэй уулзах гэж л ирсэн” гэж хэлж байлаа. Гэтэл өнөөдөр У.Хүрэлсүх зүгээр нэг Барилгын яамны сайд л Хятадад айлчлаад, Японд ажиллаад байгаа юм шиг явна. Монгол Улсын гадаад харилцаа ийм л хэмжээнд хүрчихсэн байна шүү дээ.
 
2023 он бол хар жил болно гэж та хэлсэн. Ямар үндэслэлээр ингэж хэлэв?
 
Одоогийн энэ нөхцөл байдлаас дүгнэлт хийсэн Олон Улсын Валютын Сан, манай шинжээчид, эдийн засагч нар дефолт болох нь тодорхой гэж хэлээд байна. Яагаад гэвэл хил ерөөсөө нээгдэхгүй байна. Бид нар ганц нүүрснээс л мөнгө олдог. Гэтэл нүүрснээс олж байгаа энэ мөнгөөрөө ААН-үүдээ сэргээсэн ямар үйл ажиллагаа хийж байна вэ? Монголын нийт бага орлоготой иргэдийн 60 хувь нь эмэгтэйчүүд байдаг гэсэн Дэлхийн банкны судалгаа байна. Энэ эмэгтэйчүүд 100 хувь ажилгүй болсон. Гудамжны худалдаа, төрөөс хамааралгүй аж амьдралаа авч явдаг эмэгтэйчүүд орлогоо алдчихлаа шүү дээ. Үүнийг буцаагаад сэргээхэд 5-аас 10 жил хэрэгтэй гэсэн судалгаа гарсан. Өрхийн амьжиргаагаа авч явдаг энэ иргэд рүүгээ хандаж төр юу хийж байгаа юм бэ? Юу ч хийхгүй байна. Тэгэхээр нөгөө гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, орон байрны хулгай, дээрэм хяналтаа алдана. Манай цагдаагийн одоогийн хүч ч гэсэн энх цагт хүрдэггүй шүү дээ. Зөрчлийн хуулиар дуудлагадаа хүрэлцдэггүй. Тэгэхээр он гараад дефолт болоод иргэд гэртээ суух юм бол нэгдүгээрт, ахуйн хүрээний архидалт ихэснэ. Дундаж бизнесменүүд байхгүй болж байна. Бүх бизнесийг төр хавчиж байна. Төр хэзээ ч сайн бизнесмен байдаггүй. АН-ын байр суурь бол төр бизнесээс хол байх ёстой, иргэдийг бизнес хийхэд нь чөлөөтэй байлгаач ээ гэдэг шаардлагыг тавьдаг. Нэг юм хэлэхэд Ерөнхийлөгчийн 2023 оны төсөв ч гэсэн хэтрээд данхайчихсан. АН хоёр, гурван Ерөнхийлөгч гаргасан. 12 жил Ерөнхийлөгчтэй байсан. Таваас зургаан тэрбум төгрөгийн л төсөвтэй ажилладаг байсан. Энэ бол гадаад харилцаа, үйл ажиллагаандаа л зарцуулдаг мөнгө байсан.
 
Одоо болохоор У.Хүрэлсүхийн, Ерөнхийлөгчийн засаглалтай улс болох гээд байгаа юм уу. Эсвэл Ерөнхий сайдаа удирдаж ажиллах гээд байгаа юм уу. Эсвэл өөрийгөө хаан болчихсон гэж бодоод байгаа юм уу.
 
Өөрийгөө “Бурхан” болчихсон гэж төсөөлөөд байгаа юм уу. Жилийн 26000000000 төгрөг төсөвлөчихсөн. Миний эргэн тойронд, манай гэр бүлд хоёроос гурван эмч байдаг. Хэтэрхий дарамттай байна, ажиллаж чадахгүй нь гээд бүгд ажлаасаа гарч байна. Тэгэхээр юу хэлээд байна гэхлээр дунд шатанд төрийн байгууллагууд угаасаа утгаа алдчихсан, дампуурчихсан. Эмч нар эмнэлэгт битгий очоорой гэдэг зөвлөгөө өгч байна шүү дээ. Тэнд ачааллаа дийлэхээ байчихсан. Та нар эрүүл мэндээ өөрсдөө сайн хянаарай л гэдэг болчихож. Энэ байдлыг Ардын намынхан мэдрэхгүй байна. Хэтэрхий түшмэдийн вакум орчинд орчихлоо л доо. Бие хамгаалагчдаар тойруулж яваад л, үнэтэй ресторанд ороод л, УИХ-ын гишүүдээс өөр хүмүүстэй уулзахаа байсан. Би У.Хүрэлсүх бол үүнээсээ гарах ёстой л гэж үзэж байна. Иргэдийнхээ дунд орж амьдрахгүй бол энэ улс орон чинь бүр хүндэрлээ. Энэ 20 их наядын төсөв дандаа төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд зарцуулагдахаар байна шүү дээ. Энэ чинь УИХ-ын гишүүн л танихгүй бол ямар ч том бизнесмен ажлаа хийж чадахаа байчихаж байгаа байхгүй юу. Төрөөс бүх юм хамаарч байна. Нөгөө чөлөөт зах зээл гэж байхгүй, төрийн оролцоотой зах зээл л байна гэж хэлээд байсан чинь энэ байхгүй юу. Бид нар ер нь буцаад социализм, коммунизмаа байгуулах гээд байгаа юм биш үү. 
 
Монгол Улсын төсвийг бүрдүүлэгч нүүрсний орлогын тал нь хулгайд алдагдаж байсныг зарлаад байна. МАН-ын зарим гишүүд нүүрсний хулгай бол УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, А.Адьяасүрэн гэх мэт АН-ын гишүүдтэй л холбоотой гэсэн өнгө аястай зүйлийг сошиалд бичээд эхэллээ. Та үүн дээр ямар хариулт өгөх вэ?
 
Тэгээд буруутай бол бариад шоронд хийгээч дээ. Юуг нь хараад байгаа юм. Та нар 65-уулаа байгаа биз дээ. Бүрэн эрхийг нь чөлөөлөөд шоронд хий л дээ. Бид нар бол хэнийг ч өмөөрөхгүй. Хэрвээ шүүхээр гэм буруутай нь нотлогдох юм бол бид нар намын гишүүнчлэлээсээ хасна. Үүн дээр бол хатуу байна. Гэхдээ нэг юмыг яриад ойлголцох хэрэгтэй. Сүүлийн зургаан жил хэн төр барьж байгаа билээ. 2018 оны 11 сарын 27-нд Миеэгомбын Энхболдыг буулгах гээд, МАНАН мафийн эсрэг гэх том жагсаал болж байлаа. Дөрвөн жилийн ой нь сая боллоо. Дөрвөн жилийн хугацаанд ард түмний амьдрал өөрчлөгдөв үү? юу ч өөрчлөгдсөнгүй шүү дээ. Энэ хэдэн хүмүүсийн хулгай дээрэм, авлига л өөрчлөгдлөө. МАНАН мафийн дараа бас нэг мафи гаргаж ирсэн. Нүүрсний мафи, ЖДҮ гээд. Эд нар нэг юм нь болохоо байхаар бусад руугаа чихдэг. Эд нар Монголыг зуун нэгэн жил удирдлаа шүү дээ. Тийм биз дээ? Хоёр сонгууль дараалж ялаад, тасралтгүй удирдаад 7 дахь жил рүүгээ орлоо. Одоо юу хүсээд байгаа юм? Би одоо асуумаар байна. Л.Оюун-Эрдэнэ чи яг юу хүсээд байгаа юм. Бид нар ёстой шүдгүй арслан байна гээд л Үндсэн хуулийн бус аргаар АТГ-ыг солиод л, Ерөнхий прокуророор солиод л, Дээд шүүхийг сольсон шүү дээ. Д.Амарбаясгалан чи яг юу хүсээд байгаа юм? Яавал та нар ер нь Монгол Улсыг хөгжүүлэх гээд байгаа юм. Та нарт яг юу хэрэгтэй юм?
 
Та нарт бүх юм байна. Мөнгө байна уу? Байна. 20 их наяд төгрөг. АТГ чинь байна уу? Байна. Шүүгч нь байна уу? Байна. Та нарт цагдаа, дарангуйлал бүгд байна. Та нар амаа ангайсан юм болгоныг барьж шоронд хийж байна шүү дээ. Тэгээд та нар нүүрсний мафитайгаа тэмцэж чадахгүй байна гээд худлаа гоншигнохоо больчих. Нэг гомдомтгой усан нүдэн гүнж шиг болчихож, энэ Л.Оюу-Эрдэнэ. Юм л бол гомдоод л залуучуудыг барьдаг. Би гомдож байна, миний нэр хүнд гээд л шүүхэд өгөөд л...Түүнд ямар нэр хүнд байгаа юм. Монгол Улсынхаа байгаа байдлыг харчих л даа. Тэгээд том, том юм яриад л, тэнгэрээс буугаад ирсэн тэнгэрийн хүү шиг аашилдгаа боль оо л гэж хэлмээр байна. Энэ маань надаас дүү шүү дээ. Хэдэн залуучууд чадна гэж гарчихаад чадахгүй байна шүү дээ.
 
Би яагаад 2023 он хар жил болно гэж хэлсэн гэхээр, угаасаа дэлхий нийтээрээ дампуурч байгаа. Орос Украйны дайн сунжрахаар болчихлоо. Одоо бид түлш, бензинээ өөр 2 дахь, 3 дахь эх сурвалжаас хайхгүй бол болохгүй. Хятадуудтай тохироогоо хийж төмөр замаа сайжруулж, нүүрсээ гаргахгүй бол болохгүй. Бид нарт нүүрснээс орж ирж байгаа мөнгө байна. Даан ч сэтгэл алга. Хулгай л байна. Энэ улсын төлөө, эх орныхоо төлөө ажиллах сэтгэл алга. Дэлхийн түүхүүдийг харахаар өлсгөлөн, дарангуйлал, тахал өвчин гарахаар хувьсгал болдог. Английн хувьсгал, Францын хувьсгал, Африкийн хувьсгал гээд. Хэрвээ та нар ингээд тэнэгтээд байх юм бол нэг л өдөр өөрсдөө “улныхан” болчихсон сууж байх вий дээ. Ер нь бол 2023 он гараад эдийн засаг маш хүндэрнэ. Үүнийг эдийн засагчид хэлээд байна. Бид нар өөрсдөө бүгд биеэрээ мэдрээд байна шүү дээ. Мөнгөтэй хүн байхгүй болчихлоо. Юмны үнэ өдрөөс өдөрт өсөөд л байна. Тэгэхэд энэ тэнэг дарга нар нь яаж байна. Бүр тэнэгтээд л байгаа биз дээ. Шал өөр юм яриад л, жаран сая доллароор Сэлбэ голыг сайжруулна гээд л... Оронд нь нийтийн тээврээ сайжруулаач. Хотын төсөв 2 их наяд шүү дээ. Энэ бол Монгол Улсын бараг 2010 оны төсөвтэй тэнцэнэ. Улсын төсөвтэй тэнцэхүйц төсөвтэй Д.Сумьяабазар гарч ирж байгаа. Тэгээд эндээс бид нар бас нэг сайн юм олж харах хэрэгтэй л дээ. Ер нь хувийн сургууль төгссөн жүжигчнээр Ерөнхий сайд хийлгэж болдоггүй юм байна. За бөхөөр хотын дарга хийлгэж болдоггүй юм байна. Эдийн засагч, инженерүүд улс оронд хэрэгтэй юм байна гэдгийг бид нар олж харлаа. Ийм гашуун сургамжтай л он жилүүд болж байна. Хичнээн муу юм байгаа ч гэсэн нөгөө талаас нь харвал тэнэгүүдийг улс төрд оруулж болдоггүй юм байна гэдгийг харлаа.
 
Бөх нь бөхөөрөө, жүжигчин нь жүжигчнээрээ байг. Д.Сумьяабазар бол сайн аварга. Гэхдээ муу хотын дарга.  
 
Хотын дарга гэснээс Монгол Улсын хүн амын тал нь амьдардаг Улаанбаатар хотын нөхцөл байдал хүнд байгааг бид бүгд мэдэж байна. Та хотын даргын ажил, түүний бодлого, үйл ажиллагаанд ямар үнэлэлт өгөх вэ? 
 
Би хот төлөвлөлтөөр Э.Бат-Үүл даргын багт ажиллаж байсан. Хот гэдэг чинь юу юм гэхээр зах зээл, бизнесийн төвлөрөл байхгүй юу. Энд хүмүүс цуглаж махтай нь махаа, тостой нь тосоо, байшинтай нь байшингаа түрээсэлж амьдардаг л орчин. Энэ бол зах зээлийн бөөгнөрөл. Үүнийг манай коммунистууд юу гэж хараад байна гэхлээр засаг захиргааны нэгж гэж харсан байхгүй юу. Зүгээр дарангуйллын төв гэж харж ирсэн. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй хотуудыг харахаар том бизнесменүүд цуглаад хоол идээд, зочид буудалд амраад, бүх бизнесээ явуулж байдаг, чөлөөтэй л орчин байдаг. Тэгээд тэр хүмүүсээс татвар авч байдаг ийм л орчин байхгүй юу. Улаанбаатар бол энэ байдлаа алдчихлаа шүү дээ. Бизнес уулзалт хийх гэж, 6 цаг түгжирдэг Монголд хэн ирэх юм бэ? Дараа жилийг Монголд зочлох жил гэж зарласан. Тийм юм байхгүй ээ. Ийм хачин хотод хэн ирэх юм. Нийтийн тээвэр байхгүй. Олигтойхон ресторан, барууд нь бүгд хаагдаад байхгүй болчихлоо. Ажиллах хүн байхгүй болчихлоо. Бид нар жуулчдад яг юу санал болгох гээд байгаа юм бэ? Хот өөрөө бүтээгдэхүүн санал болгодог байхгүй юу. Жуулчид Улаанбаатарт ирээд юу үзэх юм. Авлигачид, луйварчид эсвэл энэ Б.Цэцэгээ гээд хүүхний хийх гээд байгаа Сэлбэ голыг үзэх гэж ирэх юм уу? Ямар, ямар давуу тал байгаа юм бэ? Улаанбаатар хотод. Түүнийгээ олон улсад сурталчлах ёстой байхгүй юу.
 
Хотын дарга гэдэг чинь хотынхоо том төлөвлөлтүүдийг бүгдийг нь хийгээд, баталгаажуулаад, цүнхэнд хийгээд дэлхийн том экспо, чуулга, хөрөнгө оруулалтын уулзалтуудаар хэсээд явж байдаг л хүн. Түүнээс эндээ суучхаад л, Билл Гэйтстэй өрсөлдөөд л, түүнийг доош нь хийгээд суудаг хүн биш байхгүй юу. Яагаад гэхээр хотын дарга гэдэг бол хот руугаа хөрөнгө татаж байдаг, түүгээр нь бүтээн байгуулалт хийж байдаг ийм л хүн байдаг юм шүү дээ. 2014 оны Инчоны Азийн наадмын өмнө, бид нар 2013 онд очиход Инчон хотыг барьчихсан байсан. Жилийн өмнө гадаадынханд газруудаа дүүрэг, дүүргээр нь хуваагаад, зараад, нөгөөдүүл нь хөрөнгө оруулаад хотын барьчихсан. Хотын дарга ийм л ажил хийдэг байхгүй юу. Бид нар Яармагт ийм хот төлөвлөж байна, гаднынхан хөрөнгө оруулаач, Сонгинохайрханд ийм хот төлөвлөж байна, Арабуудаа хөрөнгө оруулаач, Тэрэлжид ийм байгалийн цогцолбор газар хөрөнгө оруулах гээд, Европчуудаа хөрөнгө оруулаач гээд хөрөнгө оруулалтын чуулга уулзалт хийгээд, гаднынхныг найраад явж байдаг л хүн байхгүй юу. Тэгсэн чинь энд нэг бөх суучхаад л хүн загнаад л байна шүү дээ... Энэ чинь зүгээр л сэтгэлгээний ялгаа. АН, Коммунист нам хоёрын сэтгэлгээний л ялгаа. Тэд үүнийг ойлгохгүй байна. Хот гэдэг ямар учраас бий болсныг анхнаасаа ойлгохгүй байгаа байхгүй юу. Эд нар болохоор засаг захиргааны нэгж гээд дарамтална. Та нарыг татвартай болгоно, ална л гээд байгаа боловч хот бүтээгдэхүүн зарж байх ёстой. Лас Вегас казино санал болгодог шүү дээ. Нью Йорк бол бид нар бол дэлхийн соёлын төв, Франц болохоор Эйфлийн цамхаг гээд санал болгох, ядаж нэг очоод үзэх юм сан гэдэг бүтээгдэхүүнтэй байдаг. Бид нарт яг юу байна. Байхгүй байгаа биз дээ.
 
Ярилцсан Ч.Явуу