sonin.mn
ЛОНДОН. /Reuters/. Газрын тос экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ энэ онд хэд хэдэн удаа бууруулсан 2022, 2023 оны газрын тосны эрэлтийн өсөлтийн төсөөллөө дэлхийн эдийн засаг саарах нь “тодорхой” байгаа ч Хятадад “COVID-19” халдвартай тэмцэх бодлогыг сулруулж байгаа зэрэг хүчин зүйлийг харгалзан хэвээр үлдээжээ.
 
Газрын тосны эрэлт 2022 онд өдөрт 2.55 сая торхоор, 2023 онд 2.25 сая торхоор буюу ойролцоогоор 2.3 хувиар өснө гэж ОПЕК мягмар гарагт танилцуулсан сар тутмын шинэ тайландаа тэмдэглэсэн нь өнгөрсөн сарынхаас өөрчлөгдөөгүй байна.
 
“Хэдийгээр дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал өсөн нэмэгдэж, голлох эдийн засгуудын өсөлт саарах эрсдэлтэй байгаа ч өнөөгийн болон цаашдын сорилтуудыг саармагжуулж чадах хүчин зүйлс мөн бий болж байна” гэж ОПЕК-ийн тайланд дурджээ.  ОПЕК газрын тосны эрэлтийн өсөлтийн төсөөллөө хэвээр үлдээсэн хэдий ч 2022 оны дөрөвдүгээр улирал, 2023 оны нэгдүгээр улирлын эрэлтийн төсөөллөө бууруулсан байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг