sonin.mn
БЕРЛИН. /Anadolu/. Герман улс өөрийн үйлдвэрийн “Leopard 2” танкийг Украинд нийлүүлэхэд Польшид саад болохгүй гэж тус улсын Гадаад хэргийн сайд Анналена Бербок мэдэгдэв.
 
“Германы танкуудыг Украинд нийлүүлэх талаар Варшав албан ёсоор хүсэлт тавиагүй. Гэхдээ биднээс энэ талаар хүсвэл бид саад болохгүй” гэж А.Бербок Францын телевизийн “LCI” сувагт ням гарагт ярилцлага өгөхдөө хэлжээ. 
 
Украины батлан ​​хамгаалах асуудлаарх холбоо тогтоох бүлгийн гишүүн орнуудын Батлан хамгаалахын сайд нар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Германы Рамштайн агаарын цэргийн баазад уулзаж, тус улсад үзүүлэх зэр зэвсгийн шинэ багцыг хэлэлцэн тохирчээ. Гэвч Герман улс шийдвэрээ гаргаж чадаагүйтэй холбоотойгоор "Leopard 2" танкийг нийлүүлэх тал дээр нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй байна. 
 
Үүнтэй холбогдуулан Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий твиттер хуудсаараа мэдэгдэхдээ, Берлин “Leopard” танкийг Украинд нийлүүлэхийг зөвшөөрөхгүй бол Варшав шинэ эвсэл байгуулахад бэлэн байна гэжээ.
 
Түүний хэлснээр,  “орчин үеийн танкуудаасаа Украинд олгоход бэлэн байгаа” улс орнууд шинэ эвсэлд нэгдэж болох аж.  Үүнээс өмнө Литва, Латви болон Эстони улсын Гадаад хэргийн сайд нар “Leopard” танкаа Украинд нийлүүлэхийг зөвшөөрөхийг Германы эрх баригчдад уриалсан байна.  
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг