sonin.mn
УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд “Хамтдаа өөрчилье” аян өрнүүлж буйгаа зарлан, Төв талбайд мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэрээ тэрээр: " Яг нэг жилийн өмнө "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" гэдэг тайван жагсаал хийж байсан. Ер нь Монгол улс хөгжих юм уу? үгүй юм уу? 30 жил явж ирсэн тогтолцоогоо цаашаа авч явах юм уу? үгүй юм уу? Залуус нь гадагшаа амьдрал хөөж явдаг хэвээрээ байх юм уу? үгүй юм уу? Ирээдүйгээ сонсоё, өөрчил, үгүй бол тар гэдэг тайван жагсаал хийж байсан. Үүнээс хойш бүтэн жилийн дотор маш их зүйл болж өнгөрлөө.
 
 
Том хулгайнуудын ард төр байна. Төр маш гүнзгий гацсан байна. Энэ гацааг гаргахгүй бол хөгжил байхгүй юм байна. Хулгайгаа дийлэхгүй юм байна. Төрийн компаниуд дээр үндэслэсэн хулгайнууд зогсохгүй юм байна. Ийм учраас тогтолцооны өөрчлөлт хийе гээд маш олон иргэд залуучууд саналаа өгсөн.
 
 
Бид Монгол орон даяар явж 100 гаруй мянган хүний гарын үсгийг цуглуулж УИХ-д өгсөн. Үүнийг шийдэж чадаагүй. Шийдэж чадаагүй учраас нүүрсний хулгай гарч ирлээ. Өнөөдөр бас койны асуудал гарч ирлээ. Хулгай ярьсаар байтал амьдрал дуусах нь ээ. Тогтолцоогоо өөрчилье гэхээр тэгье , бүр үндсээр нь өөрчилчихье гэдэг өвөө нар гараад ирлээ. Цаашаа давуулж шидээд бүр том тогтолцооны өөрчлөлт, дэглэмийг өөрчлөх асуудал ярьж байгаа нь буруу. ХҮНам, иргэд залуучуудын зүгээс авлигыг өөрчлөөд өгөөч, хулгайг өөрчлөөд өгөөч ээ, бодит орлогыг нэмээд Монголдоо амьдрах боломжийг л бий болгоод өгөөч гэдэг зүйлийг л хүсч байгаа.
 
Зарим хэсэг нь Үндсэн хуулийг бүр ор үндсээр нь өөрчлөөд, 2 танхимтай болгоё, засаглалыг нь өөрчлөе гээд яваад, нөгөө хэсэг нь үгүй ээ энэ хууль маань ёстой сайхан гэж яриад байна. Болохгүй байна. УИХ, Засгийн газар нь болохгүй байна. Ерөнхийлөгч байсан хүмүүс нь болохгүй байна. Өөрсдөө эрх мэдэл, олонхийн замаар Үндсэн хуулийг өөрчилнө гэвэл бид зөвшөөрөхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж болохгүй байгаа зүйлээ засья.
 
 
Шинэ Үндсэн хууль хийх хууль эрхзүйн орчин өнөөдөр байхгүй. Язгууртнуудын авч ашигладаг 2 танхим, дээд доод танхим гэдгийг хүлээж авч болохгүй. Тэр танхимдаа хуучин Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан дарга нар квотоор орж ирнэ гэдгийг эрс эсэргүүцэж байна.
 
 
Үндсэн хууль гэж юу юм? Өөрчилж болдог юм уу? үгүй юм уу? Дэлхий яаж явдаг юм? Өнөөдөр бид алийг нь өөрчилбөл бодит үр дүн гарах юм бэ? гэдгийг энэ аянаараа эхлүүлж байна. " гэв.
 
 
М.Чой