sonin.mn
БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар 3 дугаар сарын 20-ны үдээс хойш Кремлийн ордонд уулзаж, Хятад, Оросын харилцаа, хамтдаа анхаарч буй асуудлуудаар санал бодлоо солилцсон байна.  
 
Энэ үеэр Ши Жинпин:  "Эрхэм ноён таны урилгаар төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байна. Одоогоос арван жилийн өмнө БНХАУ-ын даргаар сонгогдсоныхоо дараа анхны айлчлалаа ОХУ-д хийж байснаа санаж байна. Арван жилийн турш бид маш нягт харилцаа тогтоож ажилласан. Хятад, Оросын харилцааны өнөөгийн хөгжил түүхэн гүн гүнзгий логиктой юм. Хоёр том хөрш орон, стратегийн иж бүрэн түншийн хувьд дипломат харилцаа, гадаад бодлогодоо нэг нэгнээ  чухал байранд тавьдаг. Хятад улс бие даасан дипломат бодлого баримталдаг. Хоёр орны харилцааг бэхжүүлэх бол Хятад улс өөрийн орныхоо язгуур ашиг сонирхол, дэлхийн хөгжлийн ерөнхий чиг хандлагад тулгуурлан гаргасан стратегийн шийдвэр, сонголт юм" гэжээ. 
 
Хариуд нь В.Путин:  "Эрхэм ноён Ши Жиньпин та манай оронд тавтай морилно уу. Та Хятад улсын даргаар улиран сонгогдсонд дахин халуун баяр хүргэе. Өнгөрсөн арван жилд Хятад улс нийгмийн олон салбараа эрчимтэй хөгжүүлж, дэлхий нийтийг гайхшируулсан амжилт оллоо. Энэ нь Ши Жиньпин даргын удирдлагатай салшгүй холбоотой бөгөөд Хятад улсын тогтолцоо, засаглалын системийн давуу талыг нотолж байна. Хоёр талын хамтын хичээл зүтгэлээр сүүлийн жилүүдэд олон салбарын харилцаа, хамтын ажиллагаа баялаг амжилт олсон. Хятад улстай ажил хэрэгч хамтран ажиллаж, олон улсын үйл хэрэгт идэвхтэй байр сууринаас оролцож, дэлхийн олон туйлт хөгжил, олон улсын харилцааны ардчиллыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахад Оросын тал бэлэн" гэжээ. 
 
Мөн тэд Украины нөхцөл байдалтай холбоотой асуудлаар санал солилцлоо.
 
Энэ сэдвээр Ши Жиньпин хэлэхдээ: "Украины асуудлаар энх тайван, ухаалаг байхыг уриалсан дуу хоолой  нэмэгдэж, нөхцөл байдлыг намжааж, энхийн хэлэлцээ хийхийг олон орон дэмжиж, "гал дээр тос нэмэхийг" эсэргүүцэж байна. Түүхийг сөхөж харвал мөргөлдөөн эцсийн эцэст яриа хэлцлээр шийдэгдэнэ. Саяхан Хятад улс тусгай бичиг баримтаар өөрийн байр сууриа тодорхойлж, улс төрийн аргаар Украины хямралыг зохицуулж, хүйтэн дайны сэтгэхүй, ганц талт хориг арга хэмжээг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн. Нөхцөл байдал хүндрэх тусам энхийн яриа хэлэлцээ хийхэд улам их орон зай үлдээх ёстой. Байдал улам хурцдах тусам яриа хэлцлийг орхиж болохгүй гэж Хятадын тал үзэж байна. Тиймд улс төрийн аргаар Украины хямралыг зохицуулахад бүтээлч үүрэг гүйцэтгэж ажиллахад Хятадын тал бэлэн байна" гэв.
 
Харин Путин хэлэхдээ, "Олон улсын том асуудлаар шударга голч байр суурь баримталдаг Хятад улсад талархал дэвшүүлж байна. Хятад улсын дэвшүүлсэн улс төрийн аргаар Украины хямралыг зохицуулах тухай байр суурийн баримт бичгийг Оросын тал хянуур судлан авч үзэх бөгөөд энхийн хэлэлцээ хийхэд нээлттэй байсаар байх болно. Үүнд Хятад улс бүтээлч үүрэг гүйцэтгэхийг сайшаан дэмжинэ" гэжээ. 
 
Хоёр орны төрийн тэргүүн өнөөдөр ахин уулзаж ярилцана.
 
Д.Хүчитбаатар