sonin.mn
АНКАРА. /Anadolu/. Туркийн Үндэсний их хурал (парламент) Финланд улсыг НАТО-д элсүүлэх тухай протоколыг пүрэв гарагт соёрхон баталлаа. 
 
 
Нэгдсэн хуралдаанд оролцсон 276 гишүүн бүгд протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжсэн байна. Ийнхүү Финланд улс Умард Атлантын эвсэлд бүрэн эрхт гишүүнээр элсэх хууль эрх зүйн үндэслэлтэй болж байна. 
 
 
Скандинавын тус орныг НАТО-д элсүүлэх тухай протоколыг гуравдугаар сарын 17-нд Туркийн парламентын тэргүүлэгчдэд хэлэлцүүлэхээр өргөн барьсан бөгөөд тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мөн гарын үсэг зурсан байна. Р.Эрдоганы хэлснээр, Финландын тал хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлжээ. 
 
 
Турк улс өнөөдрийг хүртэл эвсэлд нэгдэх Хельсинкийн хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байсан НАТО-гийн сүүлчийн гишүүн орон болж байв. Тус улсаас гадна, Унгар энэ үйл явцыг гацаасан ч гуравдугаар сарын 27-нд холбогдох хуулийн төслийг баталсан юм. 
 
Одоогийн байдлаар эвслийн бүх гишүүн орон Хельсинкийн хүсэлтийг дэмжээд байна. Үлдсэн үйл явцыг дуусгасны дараа Финланд улс албан ёсоор НАТО-гийн гишүүн болно.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг