sonin.mn

 

“Монголын саран ээж” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, “Ээж музей” сангийн тэргүүн, түүхийн ухааны магистр Д.Лхамсүрэнтэй монгол эхийн элбэрэл журам, сайн сайхан чанарын талаар ярилцлаа.
 
 
-Монголчууд эмэгтэй хүний хатан ухаан, тэсвэр хатуужлыг эрт дээр хүндэтгэн дээдэлсээр ирсэн. Гэтэл өнөө цагт “монгол уран бэрийн нүүдэл” өнөө цагт бүх салбарт үгүйлэгдэх боллоо гэж хүмүүс ярих болж?
 
-Дээр үед Алтан улсаас томилогдсон төрийн элч Монголын их гүрэнд таван жил амьдраад, нутагтаа очмогцоо хаандаа нэгэн зүйлийг чухалчлан өчсөн гэдэг. Тэрээр “Монгол төрийн хүчирхэгжиж буй нууц нь монгол ээжүүдийн цэцэн ухаанд оршдог юм байна.
 
 
Нэгэн зоригт хөвгүүний цаана хоёр ухаант хатан байдаг. Тиймээс ч монголчууд ээжийгээ бурхан хэмээн өргөмжилж, ухаанд нь сөгдөхийн зэрэгцээ монгол эрчүүд эхнэрээ тал биеэ хэмээн итгэмжилж үнэн мөнийг хэлэлцэн зөвшилцдөг аж. 
 
 
Түүгээр ч барахгүй монгол эмэгтэйчүүд хүү төрвөл “Хаан болно” хэмээн хамаг ертөнцийн явдлыг таниулж хатуужилд сурган, охин төрвөл “Хатан болно” хэмээн сэтгэлийн учгийг зангидсан ухаанаар хүмүүжүүлнэ. Ингэж л хүмүүн оршихын цул нэгдэл бүрдэж гадаад, дотоод мөн чанарын хил хязгаар бүрддэг юм байна. 
 
 
“Нэг хааныг егүүтгэвч цаана нь мянган хаан төрнө. Нэг хатныг хөнөөвч цаана нь мянган хатан мэндэлнэ” гэсэн баатарлаг үзэл оршсоор ирсэн нь Монгол гүрэн улам хүчирхэгжихийн үндэс суурь болж байна.
 
 
Энэ хүчирхэг гүрнийг сөгдүүлье гэвэл “Ухаан нь цэцэн саруул, сэтгэл нь уудам хязгааргүй бүсгүйчүүдийг нь сөгдүүлэгтүн. Монгол эрчүүд эхийгээ үл сонсож, эхнэрээ дорд үзэхийн цагт хүчирхэг төр өөрөө ганхана” гэж өчжээ. Гайхамшигтай сайн анзаарсан байгаа биз. 
 
 
-Үеийн үед гайхагдсаар ирсэн тэр хатан ухаан одоогийн бүсгүйчүүдээс гарахгүй байна уу, эсвэл бид үл ойшоогоод байна уу?
 
-Гаралгүй яах вэ. Монгол бүсгүйчүүдийн дийлэнх нь гэр бүл, хань ижил болоод өөрийгөө сайхан авч явж байна. Гэвч нэг хэсэг нь нэлээд задгайрч, эцэг, эхийнхээ үгийг сонсохгүй, өөрийнхөөрөө зүтгэж, бүхнийг өөрийнхөөрөө шийднэ хэмээн зүтгэснээс алдаж, эндэж байгаа тал бий. 
 
 
“Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг. Иймэрхүү хүмүүжлийн доголдолтой хэсэг хүмүүсээс болоод монгол эмэгтэйчүүдийн үнэ цэн алдагдаж, нийгэм даяараа “Бүсгүйчүүд болохгүй, бүтэхгүй байна” гэсэн үзэлтэй болчихоод байгаа нь нууц биш.
 
 
Энэ нь эцэг, эхийн ухаанаас ч их шалтгаалж байгаа. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүд, тэр дундаа охидынхоо хүмүүжил, ёс зүйд онцгойлон анхаарч, өвөг дээдсээс өвлөж ирсэн уламжлалт арга ухаанд сургах нь чухал байна. 
 
 
-Таныхаар өнөөгийн монгол гэр бүлд юу хамгийн их хэрэгтэй байна вэ?
 
-Монгол Улсын хэмжээнд хүмүүсийн амьдрал ядуу байна. Эдийн засгийн байдлаас шалтгаалаад хүмүүс ч оюуны ядууралд их өртөх болж. Бид өдөр ирэх тусам эцэг өвгөдөөс уламжилж ирсэн зан заншил, ёс суртахуун, биеэ авч соёлоос холдсоор байна.
 
 
Эрдэм ном сурахаас гадна гэрийн хүмүүжил, ёс суртахууны боловсрол чухал гэдгийг ойлгохгүй байна. Залуус ёс суртахууны боловсрол дутуугаас эцэг, эхийнхээ үгийг ч сонсохоо больсон. Энэ байдал өдрөөс өдөрт даамжирсаар улс орныг хамрах шинжтэй боллоо. 
 
 
 
-Зарим хүн үүнийг сонсоод “Дээр үед монгол эмэгтэйчүүд ямар ч боловсрол эзэмшилгүй, насаараа мал дагасан хэрнээ хүүхдүүдээ сайн хүмүүжүүлдэг байсан. Гэтэл өнөөгийн бүсгүйчүүд харин ч боловсролдоо анхаардаг болчихсон шүү дээ” гэж бодож байгаа байх даа?
 
-Өнөө цагт бүсгүйчүүд ар гэр, үр хүүхдүүдээсээ илүү өөрийнхөө боловсрол, ажил мэргэжил, бизнестээ анхаарал хандуулж байна. Тэдэнд амьдралынхаа дийлэнх хугацааг сурч, өөрийгөө боловсруулахад зориулж байгаа учир харьцангуй цөөн хүүхэд төрүүлдэг. Тэр ч утгаараа хүүхдүүдээ зоргоор нь тавьдаг. 
 
 
Өнөөгийн хүүхдүүд дээр үеийнхнийг бодвол элбэг хангалуун амьдрал дунд хөлбөрч байна. Үнэндээ компьютер тоглож, зурагт үзэхээс өөр хийх ажил тэдэнд алга. Энэ нь тэдний мэдлэгийг тэлж, боловсролтой болгож байгаа сайн талтай ч басхүү элдэв гаж буруу зүйлст автуулах муу үр дагаврыг ч дагуулж байна.
 
 
Энэ нь эргээд хүүхдийг хүмүүжлийн доголдолтой болгож байна. Гэтэл дээр үеийн хүмүүс хүүхдүүдээ хурга, ишиг эргүүлэхээс эхлүүлээд бага наснаас нь хар бор хийлгэх замаар амьдралд сургаж байсан. 
 
 
 
-Бид хүүхдүүддээ зөв хүмүүжил төлөвшүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?
 
-Сэхээтнүүдээс эхлээд алс хязгаарын суманд амьдарч байгаа малчиныг хүртэл шат, шатанд нь эмэгтэйчүүдтэйгээ тулж ажиллах хэрэгтэй. Бид одоогийн байдлаар энд тэнд хэсэг бүлгээрээ төрийн бус байгууллага байгуулж, явцуу хүрээг хамарсан арга хэмжээнүүд зохион байгуулж байна. Үнэн хэрэгтээ Монгол Улсыг нийтэд нь хамарсан соёл хүмүүжлийн ажил дутагдаад байна шүү дээ. 
 
 
-Олон нийтийг хамарсан тийм арга хэмжээнд хамрагдах “завтай” хүн цөөхөн л байх даа?
 
-Бид мэдээллийн технологийн эрин зуунд амьдарч байна. Тиймээс жижигхэн Азийн жижигхэн Монгол байтугай дэлхий нийтийг хамарсан мэдээллийн хэрэгслийн энэ өргөн сүлжээг ашиглах ёстой. 
 
 
Өөрөөр хэлбэл Монгол Улсыг бүхэлд нь хамарсан арга хэмжээ зохион байгуулж, оролцож амжаагүй хүмүүсийг радиогоор сонсож, зурагтаар үзэх боломжийг бий болгох хэрэгтэй.
 
 
-Орчин үеийн хүмүүс хүүхдээ сайн хүн болгохын тулд “Сайн боловсрол эзэмшүүлэх хэрэгтэй” гэж ойлгоод, хүүхдэдээ өвлүүлэх ёстой үүнээс том баялаг байгааг мартаад байх шиг? 
 
-Тийм шүү. Бидний хүүхдэдээ өвлүүлэх ёстой хамгийн том баялаг бол гэр бүлийн хүмүүжил. Гэтэл өнөөгийн эцэг, эхчүүд хүүхдийнхээ боловсролд анхаараад, хүмүүжлийг нь орхигдуулаад байна.
 
 
Тиймээс “Хүмүүжил эрхэм” гэсэн зорилго дэвшүүлж, хүн хүнээ хүндэтгэх асуудлыг ясли, цэцэрлэгээс эхлээд бүх шатны сургуулийн сургалтад хөтөлбөр болгон тусгаж өгөх хэрэгтэй.
 
 
Мөн эцэг, эхчүүд сургууль, багш нарт найдаад орхих биш өвөг дээдсээс өвлүүлж өгсөн уламжлалт ухаан, ёс суртахууныг эзэмшүүлэх гэрийн хүмүүжилд анхаарлаа хандуулах шаардлагатай байна.
 
 
Ер нь хүүхдийн хүмүүжлийг бүх нийтийн хэрэг гэж үзэж, хувь хүн, албан байгууллагууд өөр өөрийнхөө бололцооны хэрээр олон нийтийг хамарсан арга хэмжээнүүд зохиож байх нь зохилтой. 
 
 
-Бидний эцэг, эхийн үед олон нийтийг хамарсан соёл хүмүүжлийн ажилд идэвхтэй оролцох нь тухайн хүний заяагдмал үүрэг мэт ойлгодог байсан гэдэг. Гэтэл өнөө цагт хэн хүнгүй олон нийтийн ажилд хойрго ханддаг болчихож?
 
-Тэр ч тийм шүү. Хүн бүр амин хувиа хичээж байгаагаас нийгмийн хөгжил ч урагшлахаа болилоо. Биднийг залуу байхад сайн сайхан бүхнээ нийгэм, хамт олонтойгоо хуваалцдаг байлаа. Гэтэл одоо сайн сайхан юмаа бусдадаа хэлэхээ больчихож.
 
 
Хүмүүс “Энэ бол миний хоол. Би өөрөө идэхгүй бол худалдаж мөнгө болгоно” гэсэн сэтгэхүйгээр аливаа зүйлд хандах болсон байна. Хэрвээ ийм сэтгэхүйгээр бүх зүйлд хандаад байвал бид хойч үеэ сайн сайханд сургаж, мөрөөдлийн ирээдүйгээ цогцлоож чадахгүй. Тиймээс хүн бүр сэтгэлээ ариусгаж, аливаа зүйлд энэрэнгүй сайхан сэтгэлээр хандаж сурах хэрэгтэй. 
 
 
 
-Ээж гэдэг хүний ач гавьяа хэмжээлшгүй гэдгийг хүн бүр мэддэг. Гэвч чухам ямар хүнийг хамгийн шилдэг, сайн ээж гэж нэрлэвэл зохистойг тэр бүр мэддэггүй?
 
-Эх хүн гэдэг үрээ арван сар хэвлийдээ тээж, 57 яс зэрэг хугарсантай тэнцэх өвдөлтийг мэдэрч хүүхдээ төрүүлдэг. Тэгээд сэтгэлээ төрүүлсэн хүүхдийнхээ тоогоор хувааж, өөрт байгаа бүхнээ тэдэндээ зориулсаар насыг бардаг. Энэ хорвоогийн хамгийн энэрэнгүй өрөвч сэтгэл гагцхүү эх хүнд л байдаг.
 
 
Тиймээс тэднийг бурханчлан тахихаас өөр аргагүй.  Гэтэл бас нийгэм, цаг үеэ дагаад муу ээжүүд гарч ирээд байгаа нь нууц биш. Тиймээс хүнд хэцүү амьдрал, нийгмийн байдлаас болоод зан ааш нь эвдэрч, мөн чанар нь муудсан энэ эмэгтэйчүүдийг олж, тэднийг жаахан ч гэсэн засч, зөв зам руу чиглүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй байна. 
 
 
Би хорооны засаг даргаар ажиллаж байхдаа иргэдээ жилд дөрвөн удаа нийтээр нь хүлээн авч уулздаг байлаа. “Эрдэнийн дээд-хүн” гэсэн энэхүү арга хэмжээндээ дандаа өнчин, ядуу, хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт нийгмийн эмзэг бүлэгт тооцогддог хүмүүсийг хамруулдаг байсан юм.
 
 
Бас хүмүүсийг хамаатан садангуудаар нь нэг дор цуглуулж, ургийн зөвлөл байгуулж үзсэн. Энэ ажлын хүрээнд ургийн даргаар сонгогдсон хүн нь хэцүү амьдралтай ахан дүүсээ анхааран халамжлах ажил зохион байгуулсан.
 
 
Энэ бүхнээс хүн хүндээ хүрч ажиллах нь л хамгийн чухал гэдгийг л хамгийн сайн ойлгосон.  Бүсгүй хүн биенээсээ бие тасдаж хүн төрүүлж, басхүү хүнээр хүн хийх агуу их ухаанд насан туршдаа суралцдаг. Агуу байдгийнх нь нууц үүнд л оршдог байх. 
 
 
-Ээж гэдэг нэрээр овоглосон байгууллагууд борооны дараах мөөг шиг л олширлоо. Гэвч залуу бүсгүйчүүд аборт хийлгэж, төрүүлсэн хүүхдээ гудамжинд хаясаар байна. Уг нь тэдний хийх ёстой эн тэргүүний ажил нь залуу ээжүүдийг зөв замд чиглүүлж, энэ мэт ёс бус үйлдлийг багасгахад чиглэх ёстой мэт санагдах юм?
 
-Төрийн бус олон нийтийн байгууллагууд чиглэл, чиглэлээ дагнаж үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл манайхан мөнгөний төлөө л ажиллаад байна. Манай нийгэмлэг 1993 онд анх “Монголын саран ээж”-ийг өргөмжилж гарч ирсэн. Нэг жилийн дараа нийгэмлэгээ байгуулсан.
 
 
Тэр цагаас хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Энэ ч утгаараа ээжүүдийг албан ёсоор өргөмжилдөг байгууллага нь ганцхан манайх байх учиртай. Гэтэл сүүлийн үед манайхыг дуурайдаг байгууллага олон болсон.
 
 
Бүр ах дүүсээрээ төрийн бус байгууллага байгуулж, хөдөөгийн айлуудаар орж, 30 мянган төгрөг хураагаад өргөмжлөл, тэмдэг тарааж байна. Тухайн ээжийн амьдрал, хүүхдүүдийнх нь хүмүүжил боловсролыг ч судлахгүй байна. Нөхрөөсөө салсан, хүүхэд нь шоронд ороод гарсан ээжийг ч хамаагүй өргөмжилж байна.
 
 
Гэтэл манай өргөмжлөлийн нэр хүртэл утга учиртай. Тодорхой шалгууртай. Өөрөөр хэлбэл тэр шалгуурт тэнцэлгүй тунаж үлдсэн ээжүүдийг олзолж, бизнес хийж байна. Уг нь шинээр байгуулагдсан олон нийтийн байгуулагдсан тэр тунаж үлдэсэн ээжүүдийн дунд тодорхой болзолтой соёл хүмүүжлийн ажил зохион байгуулж, идэвхтэй сайн оролцсон хүмүүсийг урамшуулбал зүйтэй санагддаг юм.
 
 
 
-Ээжийгээ баярлуулъя, хүндэтгэе гэсэн хүний сайхан сэтгэлээр ингэж бизнес хийгээд байгаа байгууллагуудтай “Монголын саран ээж” нийгэмлэг хэрхэн тэмцэж байна вэ?
 
-Бид эхэндээ “Нэг ч гэсэн ээжийг баярлуулж л байг” гэж боддог байлаа. Гэтэл энэ байдал сүүлдээ даамжрах хандлагатай болж байна. Уг нь төр засаг, хууль хяналтын байгууллагууд үүнд анхаарлаа хандуулж, зорилго, зорилт, дүрэм журмыг нь сайтар судалж үзсний дүнд зөвшөөрөл олгож, цаашид үйл ажиллагааг нь хянаж байх учиртай. 
 
 
Түүнээс биш манай байгууллага үүнтэй тэмцээд хүчрэхгүй.  Уг нь хүн өөрийгөө мөнх юм шиг санаж, цаг үргэлж мөнгөний төлөө явж, эдлээд барахгүй эд хөрөнгө цуглуулахыг эрхэмлэхээ болимоор санагддаг.
 
 
Түүний оронд бусдын төлөө гэсэн сэтгэлээр аливаад хандаж, нэг ч гэсэн хүнд тус болж байвал эргээд тэр хүнд хэрэгтэй. Бид ийм л бодлого барьж, хийж байгаа ажил, хэлж байгаа үгээрээ нийгэмдээ нөлөөлөхийг илүүд үздэг.
 
 
 
-Танай нийгэмлэгээс санаачилсан нэгэн сайхан ажил бол “Ээж музей” байгуулах явдал. Суурь нь тавигдсан ч ажил нь урагшлахгүй нэлээд хугацаа өнгөрлөө. Ямар бэрхшээл тулгараа вэ?
 
-Энэ ажлыг хийж гүйцэтгэх явцад асар их бэрхшээл тулгарсан. Гэвч бид энэ бүгдийг даван туулж, музейнхээ суурийг тавьсан. Уг нь 1997, 1998 онд гаргасан төсвөөр “Ээж музей” 40 гаруй сая төгрөгөөр бүрэн босох тооцоо байсан.
 
 
2007 оны байдлаар энэ төсөв 780 гаруй сая төгрөг болж өссөн. Одоо бараг нэг тэрбум төгрөгөөр босохоор болчихоод байна. Гадна талын тохижилт зэргийг оруулбал энэ мөнгө даруй хоёр дахин өснө. 
 
 
 
-Санхүүгийн асуудлаа шийдвэрлэх талаар олон нийтийн байгууллага, төр засаг, холбогдох хүмүүст хандаж үзэв үү?
 
-Олон газар хандсан. Бүгд нааштай хүлээн авч, сайхан хариу өгдөг ч “Ээж музей”-г бүрэн босгочих хэмжээний хөрөнгө мөнгө цуглуулж чадаагүй л байна. Бид хамгийн сүүлд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хандсан.
 
 
Тэрбээр Н.Сувд даргыг хүлээн авч уулзаад, бидний ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлж, холбогдох байгууллага, яаманд хүсэлт гаргана гэдгээ мэдэгдсэн.  Хэрвээ энэ асуудал шийдэгдчихвэл “Ээж музей” маань ирэх жилээс бодит ажил болон хэрэгжиж эхлэх байх гэсэн итгэл өвөрлөөд, хүлээж л байна. 
 
 
 
-“Ээж музей”-д чухам ямар үзмэр тавигдах бол гэж олон хүн сонирхож байгаа байх?
 
-Энэ музейд тавих үзмэр мундахгүй. “Сайхан биеийг минь өсгөсөн ээжийнхээ ачийг яанам бэ” гэсэн оршил хэсэгт Монголын төдийгүй дэлхийн олон үндэстэн ястны хүүхдийн өлгийнөөс эхлээд төрөл бүрийн тоглоом наадгай, угсаатны соёлын үнэт зүйлс байрлуулна.
 
 
“Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь” хэсэгт ээжийн ач гавьяа, үзэсгэлэн гоо болон жаргал зовлон, баатарлаг үйлс дүр төрхийг харуулсан урлагийн бүтээлүүд байна. 
 
 
“Ээжийн элбэрэл, эхийн ач” хэсэгт эх үрсийн элбэрэл журмын бэлгэдэл болсон Сикстиний дагинаас эхлээд Цагаан, Ногоон дарь эх, Саран ээжийг хүртэлх түүх, урлаг, уран сайхны болон баримтат үзмэр төдийгүй ээжийн тухай кино, дүрс бичлэг, яруу найраг хосолсон уянгын агуулгатай зүйлс байрлуулна.
 
 
Харин “Монголын үзэсгэлэнт саран гоо намайг төрүүлсэн ижий” гэсэн орчин үеийн хэсэгт Монголын нийгэмд чухал үүрэг гүйцэтгэсэн бүсгүйчүүдийн эдлэж хэрэглэж байсан эд зүйлсийг байрлуулах юм. 
 
 
Үзмэр цуглуулгаас бүрдсэн музейгээр зогсохгүй олон талт үйл ажиллагаа явуулдаг судалгаа, соёл, танин мэдэхүй, хүмүүжлийн ордон цогцолбор, аялал жуулчлалын төв байгуулах төлөвлөгөөтэй байгаа.
 
 
 
-Та Монголын хамгийн үлгэр жишээ ээжүүдтэй олон жил хамтарч ажиллалаа. Үр хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ тэднээс сурсан зүйл, хуримтлуулсан туршлагаа хэрэгжүүлдэг үү?
 
-Би нөхөртэйгээ 44 жил ханилж, зургана хүүхэд төрүүлсэн. Миний ээж дуучин, аав маань цэргийн хүн байсан болохоор би өвөө, эмээ хоёр дээрээ өссөн юм. Эмээ маань намайг үлгэрээр бүүвэйлэн унтуулж, үнэрлэж үнсдэг байлаа.
 
 
Хэн бүхнээс дотно санагдах тэр л сэтгэлээр хүүхдүүддээ хандаж, мэдлэг боловсрол, хүмүүжилд нь анхаарсаар ирсэн.  Би “Хамгийн гол нь зөв хүн байгаарай” гэж хүүхдүүддээ захидаг. Мөн эрдэм мэдлэгийг эрхэмлэхээс гадна ажилсаг, хов жив зөөж, бусдын улыг шагайдаггүй, олны дунд биеэ зөв авч явдаг байхыг сургадаг. 
 
 
 
-Биеийг нь төрүүлдгээс ухааныг нь төрүүлдэггүй гэдэг. Гэвч эцэг, эхчүүд хүүхдүүдээ өөрийнхөө хүссэнээр хүмүүжүүлэх сонирхолтой байдаг. Харин өнөөгийн залуус өөрийнхөөрөө байхыг илүүд үздэг. Энэ хоёрын аль нь зөв бол?
 
-Энэ талаар бодож үзсэн. Хүүхдүүд маань ч “Та биднийг хэтэрхий шударга, зөөлөн өсгөчихжээ” гэж намайг зэмлэж байсан удаа ч бий. Эцэг, эхээс олгох хүмүүжлээс гадна хүнд удам угсаа гэдэг маш чухал зүйл байдаг. Хүн ер нь удмаа л дагаж хүмүүждэг юм билээ. 
 
 
Эмэгтэй хүн эхийн хэвлийд байхаасаа тархи, зүрх хоёртой ажиллаж, жинхэнэ удмыг тархи, зүрхний түвшинд бүтээх ажил хийдэг гэнэ. Монголчууд эр ухааныг хаан, эм ухааныг хатан ухаан гэж хэлдэг. Монголчуудыг хүчирхэг байлгадаг гол хүч нь энэ хоёр ухааныг хослуулж чаддагт оршдог байна. 
 
 
 
Ц.Баттуяа
 
Эх сурвалж: