
ВЕНА, 2025 оны зургаадугаар сарын 27 /DW/. Дэлхий дахинд тогтворгүй байдал нэмэгдэж буй энэ үед мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо 2023 онд 316 саяд хүрч нэмэгджээ. 2022 онд энэ тоо 292 сая байсан гэж НҮБ-ын Мансууруулах бодист хяналт тавих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх газраас (UNODC) пүрэв гарагт нийтэлсэн тайланд дурдсан байна.
Мансууруулах бодисуудын дотроос каннабисыг хамгийн ихээр хэрэглэдэг хэвээр байгааг тайланд дурджээ. UNODC-ийн мэдээлснээр, 244 сая хүн каннабис хэрэглэж байгаа бол дараа нь опиоид (61 сая), амфетамин (30,7 сая), кокаин (25 сая), экстази (21 сая) орж байна.
Үүний сацуу кокаины наймаа хурдацтай өсөж байгаа нь НҮБ-ын мэргэжилтнүүдийг хамгийн ихээр түгшээж байгаа юм. Энэхүү мансууруулах бодисын хууль бус үйлдвэрлэл 2023 онд 3708 тонн болж, 2022 оныхоос 34 хувиар нэмэгджээ. Сүүлийн арван жилийн хугацаанд кокаин хэрэглэгчдийн тоо 8 саяар өссөн байна.
"Зохион байгуулалттай хар тамхины бүлэглэлүүд дэлхийн даяарх хямралыг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглаж, эмзэг бүлгийн иргэдийг онилж байна" гэж UNODC-ын гүйцэтгэх захирал Гада Вали мэдэгдээд, олон улсын хамтын нийгэмлэгт хандан гэмт хэргийн сүлжээнүүдтэй илүү хатуу тэмцэхийг уриаллаа. Хар тамхины картелүүдийн хатуу ширүүн "дайн" зөвхөн Латин Америкаар хязгаарлагдахгүй Африк, Ази, Европыг хамарч байна гэж тайланд онцолжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Ардчиллын өлгий америк хар тамхины хэрэглээг хүлээн зөвшөөрсөн байдаг