sonin.mn
"... Муу ч гэсэн хуультай байгаа нь их юм, энэ хуулийг би дагахгүй бол өөр хэн дагахав дээ, би эндээ үлдье..." Хилсээр цаазлагдахын өмнө шоронгоос оргуулахаар ирсэн шавь нартаа Сократын хэлсэн үг
 
Бид нүүдэлчний соёлтой. Нүүдлийн соёл гэж хэнэггүй занг хэлдэггүй болов уу. Хуулинд захирагддаг, хуулийг дагадаг байна гэдэг тухайн нийгмийн хамгийн том соёл бөгөөд энэ нь том жижиг ямар ч асуудлыг хуульчлагдсан, батлагдсан нэр томъёогоор хэлж ярьж, дагаж мөрдөхөөс эхэлдэг юм байна.
 
Гэтэл, хуулийн хэлээр ярихаар, зарим хүмүүс өмнөөс өөр юм ярьж "... тэгж л ярьдаг байсан ш дээ. Манай нутгийнхан тэгж л ярьж ойлгодог ш дээ..." хэмээн цэцэрхэн маргана. Дэлхий дахинд биологийн болон чулуулгийн төрөл зүйл, амьтны эд эрхтэн зэргийг нэрлэдэг нэгдмэл стандарт нэр томъёо гэж байдаг.
 
Үүнийг scientific нэр буюу шинжлэх ухааны нэр хэмээгээд ихэвчлэн латин хэл дээр Italic фонтоор бичдэг. Яагаад гэвэл латин хэл нь одоогийн аль нэгэн улсын хэл биш нейтрал хэл учраас аль ч улс үндэстэнд хүлээн зөвшөөрөгдөх үндэслэлтэй юм.
 
Энэхүү нэр томъёог дэлхийд хаана ч, ямар ч мэргэжлийн хүн хараад ямар ч маргаангүй нэг зүйл гэдгийг ойлгодог. Гэхдээ улс үндэстэн болгон өөрийн хэл дээрээ шинжлэх ухааны нэр, нэршилийг зохиож хуульчилсан байдаг. Мөн нийгмийн бүхий л харилцаа нь хуульчилсан нэр томъёо, үг хэллэгээр зохицуулагддаг.
 
 
Жишээ №1:
 
Scientific нэр нь Lilium pumilium хэмээх ургамал байна. Энэ нэрийг хараад дэлхийд хаана ч нэг зүйлийн ургамал гэдгийг ойлгоно. Энэ ургамлыг монгол улсад Одой сараана гэдэг нэрээр шинжлэх ухаанд бүртгэж авчээ. Нэгэнт ШУ-нд бүртгэж авсан учраас энэ нь ургамлын тухай хуулиар хуульчлагдсан нэр томъёо болж байгаа юм.
 
Тэгэхээр Монгол хэлээр бичиж байгаа судалгааны, иргэний, нийтлэлийн ямар ч материалд энэ нэрээр нь бичиж байх ёстой. Хууль журмыг хэрэгжүүлж, хуулийг даган мөрдөнө гэдэг үүнээс л эхлэх ёстой аж. Түүнээс биш манай нутагт ингэж хэлдэг гээд энэ ургамлыг цагаан төмс, уулын төмс, улаалзай, төмсний улаан гэх мэтээр бичвэл хууль зөрчигдөнө.
 
Бид хуулиар зохицуулагддаг улс юм бол одой сараана гэж л ярьж бичиж занших ёстой. Төмсний улаан гээд биччихсэн байхад хэдийгээр хүмүүс ойлгох боловч энэ нь хуулийг үл тоомсорлосон хэнэггүй байдал болон хувирч байгаа юм.
 
 
Жишээ №2:
 
Манай хэвлэл мэдээллийнхний болон албан тушаалтнуудын яриа, бичиж нийтэлсэн юмсыг харахад сэтгүүлчээс эхлээд парламентийн гишүүн, сайд, ерөнхий сайд хүртэлээ нэгэн хуулийг "урт нэртэй хууль" хэмээн албан ёсны яриан дээр хээв нэг нэрлэн ярьж, нийтэлсэн байх юм.
 
Тийм нуршуу нэртэй юм бол уг хуулиндаа товчилсон хураангуй нэр өгч болох л байсан. Нилээд чухал царайлсан, албархаг хүмүүс атлаа хуульчилсан нэр томъёог хэрэглэх учир утгыг ойлгохгүй байгаа нь өрөвдөлтэй.
 
 
Жишээ №3:
 
Хууль бус нэрлэлтийн хамгийн тод жишээ бол бид одоо хүртэл хууль ёсны овог нэрээ бүтнээр хэлж заншиж сурахгүй байгаа явдал юм. Монгол улс хууль ёсоор гурван нэрийн системд ороод жил болж байна. Иргэний үнэмлэх бол хуулиар батлагдсан бичиг баримт бөгөөд энэ үнэмлэх дээр монгол хүн бүр овог, эцгийн нэр, нэр гэсэн гурван нэртэй.
 
Гэтэл одоо болтол үнийг хуулийн дагуу хэрэглэж заншихыг хэн ч шаардаж хүчлэхгүй байна. Хууль хэрэгжүүлэхийн төлөө татвар төлөгчдийн мөнгөөр цалинжигч этгээдүүд хүртэл үүнийг ойлгож байгаа шинжгүй. Тиймээс ихэнх албан хэрэгт овог нэр гэж асуугаад эцгийн нэрээ өөрийн нэртэйгээ бичсээр байна.
 
Тэр бүү хэл улсын бүртгэлийн газар, нийгмийн даатгал, татварын байцаагчид, банкууд хүртэл "ургийн овог" гэдэг хууль бус нэр зохиочихсон анкет авч байгааг юу гэж ойлгох вэ. Ургийн овог гэх нь зөв бол иргэний үнэмлэх дээрх овог гэдэг асуултыг ургийн овог гэж хуульчилж болох л байсан.
 
Нэгэнт тэгээгүйгээс хойш хуулиа дагахаас өөр зам байхгүй. Тийм учраас иргэний үнэмлэх дээр юу гэсэн байна түүгээр л ярьж бичиж занших ёстой. Олон хүмүүс овог нэрээ хэл гэхээр эцгийн нэрээ өөрийн нэртэйгээ хэлдэг, Эцгийн нэр бишээ овгоо хэл гэхээр ургийн овог уу гэнэ. Зарим хүмүүс боржигон мөн эсэхийг асууж байна уу гэнэ.
 
Эцэст нь иргэний үнэмлэхийг нь гаргаж үзээд таны хууль ёсны овог энэ юм байна гэхээр манай энд үүнийг чинь омог гэдэг юмаа гэнэ. Хамгийн гол нь үүнийг засгийн газар, бүх шатны захиргааны албан хаагчид шахаж шаардаж, сурталчилж хэрэгжүүлэх ёстой юм.
 
Түүнээс биш нийгмийн даатгалын байцаагч, иргэний бүртгэлийн ажилтан, татварын байцаагчид, цагдаа нар таны ургийн овог юу вэ гэж асуугаад сууж байж таарахгүй байхаа.
 
Миний бие хуулийг дагагч хүний хувьд ургийн овог, овог нэр гэсэн асуулт асууж байгаа төрийн байгууллагын ажилтаныг хараад хэлэх үг олддоггүй. Эрхэм уншигч та хуулийн талыг нь сурталчилж хамгаалах нь иргэний үүрэг юм шүү.
 
 
Жишээ №4:
 
Нийгэм дэх хуулийн соёлын индикатор болсон дараагийн нэгэн том асуудал бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцааны статус. Манай улс муу ч гэсэн гэр бүлийн хуультай. Олон хүмүүс гэр бүлийн хуулийг гэр бүл цуцлахад эд хөрөнгийг хуваадаг гэдгээс цааш сайн мэдэхгүй байна.
 
Уул нь энэ хууль бол хүний тухай, хүний эрхийг хамгаалсан амин чухал хуулийн нэг. Ардчилал хөгжсөн, хүний эрхийг дээдэлдэг улсад гэр бүлийн хууль нь үндсэн хууль, иргэний хуулийн дараа орох үнэ цэнэ, ач холбогдолт хууль.
 
Манайд хуулийн соёл муу хөгжсөнөөс эр эм хоёр хүн хэсэгхэн хугацаанд хамт байхад л асууж тодруулахгүйгээр авгай, нөхөр гэж эрээ цээргүй тулган ярьдаг. Уул нь хуулийн соёл хөгжсөн газарт тэр бүсгүй (залуу) таны юу вэ гэж асууж байж ярьдаг юм байна.
 
Ардчилал, хүний эрх, хуулийн соёл хөгжсөн газарт сүйт бүсгүй (залуу), эхнэр (нөхөр) гэдэг ойлголт хэллэг хуульчлагдсан байдаг аж. Тийм учраас эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаа найз бүсгүй (залуу), сүйт бүсгүй (залуу), эхнэр (нөхөр) гэдэг тов тодорхой статусуудын аль нэгэнд хамаарч байдаг ба таамгаар танай авгай, танай нөхөр гэж ярих нь бүдүүлэг гэхэд багадах хэрэг юм.
 
Эцэст нь хэлэхэд боловсролтой хүн гэж ямар нэгэн нэр томъёог өөрийн дураар, нутгийн хэллэгээр, таамгаар ярьж бичиж мэдэмхийрдэггүй хууль ёсны нэр, хэллэгээр нь бичиж хэлэхийг эрмэлздэг хүнийг хэлдэг юм байна.
 
 
Балбарын Ганхуяг ингэж өгүүлэв
 
Онон гол 2013.10.03.
 
Эх сурвалж: “Хэнтийн мэдээ” сонин