sonin.mn

Өчигдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Сангийн сайд Ч.Улааныг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Энэ үеэр өмнөх Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд асан С.Батболд МАН, АН-ын хамтын ажиллагаа, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой байр сууриа илэрхийлсэн юм.


Тэрээр:
" Энэ Засгийн газар МАН-ыг Засгийн газарт байх үеийн алдаа дутагдлыг  сайжруулаад явж байгаа бол сайн байна. Бидний үед буюу намайг Ерөнхий сайд байх 2008, 2009 онд дэлхийн хэмжээний  эдийн засгийн хямралтай байсан. 2010-2012 онд эдийн засгийн өсөлтийн талаар гадныхан хараагаа сунгаж, Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлэх улсуудын нэг болж байна гэж байсан нь үнэн. Гэтэл жил хагасын хүрээнд нэлээд уруудсан, хөрөнгө оруулагчид буурсан нь ч  бас үнэн. Хэрэв алдаа оноо байвал хамт ярих ёстой. Учир нь хамтарсан МАН, АН-ын  Засгийн газар  бодлого барьж байсан шүү дээ. Гарцаагүй гацсан байсан Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөөнд оруулсан нь хамтарсан Засгийн газар. Өнөөгийн сөрөг хүчин үүргээ биелүүлэх боломж байхгүй, байнгын хороонд харьяалагдах тоо бага, санал хураалтаа олонхоороо шийдээд явчихдаг гэх мэт зүйлүүд бий.  Өмнөх Засгийн газрын буруу гэж ярих гэж байгаа бол бүгдийг хамтарсан Засгийн газар хийсэн. Бид хамтдаа ярилцаж, хамтдаа алдаагаа засаад явья гэдэг зүйлийг  өнгөрсөн намраас хойш ярьсан ч олонхи авч хэлэлцэхгүй байна. Саяхан Ерөнхийлөгч энэ асуудлыг авч үзээд эдийн засагт асуудал байна, үүнийг нийлж байгаад ярья гэсэн санал гаргасан. МАН дургүйцсэн зүйл алга. Бодит зүйлийг яриад, ил тод биш байгаа зүйлд хаалт хийгээд байгаа нь зохисгүй зүйл юм. Бид бонд гаргая гэж УИХ-аар оруулсан ч өнөөгийн УИХ-ын дарга эсэргүүцээд унагааж байсан удаа ч бий. Суурийг тавьж өгөөд, суурин дээр “тарвалзах” боломжийг бид гаргаж өгсөн. Харин үүнийг хариуцлагатайгаар ярих ёстой. Цаашид зөв дүгнэлт хийж, өргөжүүлж, хариуцлага, хяналттай болоё гэж яриад байгаа. " хэмээв.


Улс төрийн хүрээнийхэн дунд С.Батболдыг чамбай Ерөнхий сайд байсан ч олигтой баг бүрдүүлж чадаагүйгээс алдсан гэх яриа байдаг билээ.

Э.Мягмар