sonin.mn

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 60 жилийн ой энэ жил тохиож байгаа. Саяхан Даланзадгад суманд ажиллаж амьдардаг Гурвантэсчүүдийн золголт, уулзалт болж нийт 100 гаруй хүн цугларч төрөлх нутгийнхаа сайн сайхны төлөө сэтгэл зүрхээрээ нэгдэн хамтран ажиллахаар нутгийн зөвлөлөө шинэчлэн байгууллаа. Өмнөговь аймаг дахь  Гурвантэс сумын нутгийн зөвлөлийн даргаар Нямжавын Хандмаа, зөвлөхөөр Үржээгийн Батням, Дуламын Жамъян, нарийн бичгийн даргаар Бадрахын Уянга, тэргүүлэгчээр Бямбаагийн Цэрэн-Очир, Жамсрангийн Сайнжаргал, Дэлдэнгийн Нарангэрэл, Жанчивсэмбийн Туяа, Лодонгийн Батчулуун, Галаахүүгийн Далай, Шоовдорын Наран, Загдбазарын Оюун нарыг сонгон батлав.


Шинэхэн сонгогдсон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүн золголтын дараагаар Гурвантэс сумын ИТХ-ын дарга Б.Дэжид, Засаг дарга Гангамаа нартай уулзаж цаашид нутаг усаа гэсэн сэтгэлээр холбогдон төрөлх уул, усныхаа төлөө хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.


Арван жилийн дараа болж буй тус уулзалтан дээр сумын ЗДТГ-аас Гурвантэс сумын 60 жилийн ой наймдугаар сарын 08-нд болно. Цаашид энэхүү золголт уулзалт жил бүр уламжлал болон зохион байгуулагдна гэдгийг албан ёсоор зарлахад нутгаа гэсэн иргэд талархан хүлээж авч байлаа. Энэ үеэр Гурвантэс сумынхаа 60 жилийн ойн баярын хурдан соёолон морины бай шагналыг төрсөн ах дүү гурав болох начин овгийн “бөх” Жамсран, дүү Г.Сосор, Г.Жаалхүн нарын үр хүүхдүүд ивээн тэтгэхээр болсноо илэрхийлэв. Мөн Галаахүүгийн Далай, Дуламын Жамъян нарын гэр бүл өсвөрийн бөхийн барилдааны үзүүр түрүүг байлахаар болсоноос гадна аймгийн Хөдөлмөрийн хэлтэс 3 сая төгрөгийн хөдөлмөрийн хөлс өгөхөөр амалж байгаа нь нутгаа гэсэн тэдний сэтгэлийн илэрхийлэл юм.


 Ж.Сайнжаргал

Эх сурвалж: "Монгол говь" сонин