sonin.mn
Давхар дээл тайлах асуудал нуран унав. Энэ бол монголын улс төрийн стратегийг шийдэх асуудал байсан юм. Мэдээж Монголд ямар ч стратеги хэнд ч байхгүй учраас би улс төрийн шинжлэх ухааны заншил ёсоор “стратеги” гэж нэрлэж байна. МАН олон жил санаж мөрөөдсөн юмаа өөрөө нураав. 
 
Энэ асуудлыг шинжлээд үзье. Гэхдээ энд би үйл явдлын нийгэм-эдийн засгийн үр дагаврыг биш, тэр байтугай улс төрийн үр дагаврыг биш, харин улс төрийн төлөвлөлт, зохион байгуулалт, өрсөлдөөний талыг л хөндөж байгаа гэдгээ онцлон дурдаж байна…
 
Уг нь бол…
 
Уг нь бол ийм үед ийм Засгийн Газрыг унагана гэдэг бол хүүхдийн тоглоом юм. Үүнийг нотлох шиг амархан юм байхгүй.
1. УИХ-д МАН-ын хүчирхэг бөгөөд өөрийгөө туршлагатай гэж үздэг бүлэг байв.
2. АН-ын алдарт 4 хүнээс гадна УИХ-ын дарга өөрөө байв.
3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүчтэй дэмжлэг байв.
4. Толгой нь эргэсэн, эргүү мунхаг “Шударга ёс эвсэл” байв,
5. Бие даагч нар байв.
6. Засгийн Газар дотроо хүртэл дээлээ тайлъя гэсэн Х.Баттулга мэтийн сайд байв.
 
Хүчний харьцаа ийм байхад Засгийн Газрыг унагаж чадахгүй бол ёстой заяа нь хаяна гэдэг юм. Уг нь бол “шинэ” Засгийн Газрын хоёр хувилбар байсан юм. Нэгдэх нь АН-ын хувилбар. Удаах нь Хамтарсан МАНАН хувилбар. Энэ талаар олон хүн “мянган удаа” цуурсан болохоор яриад яахав.
 
АН, МАН-ын олон “горьдлого” үсээ засуулж, костюмаа захиалж, цүнхээ тосолж, толины өмнө бэлтгэлээ хангаж байв. Харин ихээхэн ялгаа байсан юм. АН-ынхан ерөнхийдөө “гудамжны” гаралтай тул горьдох нь арай гайгүй. Харин МАН-ын бол угаасаа “дарга” гаралтай тул ёстой жинхнээсээ итгэж байгаа юм чинь. Эрэгтэй хүний хөх хавддаггүй тулдаа л мэдэгдээгүй байх…
 
Энэ ялгаанаас болоод алдаа гаргаж эхлэв. МАН-д байдаг хэзээ ч эдгэршгүй “томрох” гэж нэг өвчин байдаг юм. Энэ өвчин нь сэдрэв. Үүнээсээ болоод хуучны хувийн тоглолт хийдэг өвчин нь гаарав.
 
УИХ дахь МАН-ын бүлэг, МАН хоёр тус тусдаа ажиллав. Хоорондоо бараг утсаар ч ярьдаггүй бололтой. Ийм байж нам байгаад яана…
 
Бурхан гурав дахидаг
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарчмаар тоглодог зарчимгүй явдал аль эрт 1998 оноос эхэлсэн. Энэ талаар би хэд хэдэн өгүүлэл бичсэн. Үгүй ядахдаа энийг олоод уншчихаж болно оо доо.
 
Гэтэл МАН-ынхан Ц.Элбэгдоржтой найзалж зарчмаар “тоглохоор” шийджээ. Муу юмандаа сайн улс чинь бараг хоёр жил бэлтгэсэн юм. Гэхдээ “Зарчим хоёрдвол завхрал болдог” гэдгийг огт санасангүй.
 
МАН Ц.Элбэгдоржтой нийлээд “сайн юм” хэзээ ч болж байгаагүй юм. Энэ урт түүхийг санах ухаан МАН-ын удирдлагын хэнд ч байсангүй. Ингээд асуудал УИХ-д орж ирэв.
 
1. Давхар дээлийг 2014, 2016 оны алинд тайлах вэ гэсэн анхны хэлэлцүүлэг болох үед УИХ-ын гишүүн Г.Уянга санал өгөөгүй юм. Ингээд УИХ-д орохоор болов. Асуудал ганц хүний саналаар шийдэгдэж байна.
 
2. Дараа нь уг асуудал Байнгын Хорооны хурлаар хэлэлцэх үед Г.Уянга бас л санал өгөөгүй юм. Бас л ганц хүний санал шийдвэрлэх нөлөөтэй байна.
 
Энэ үед “Бурхан гурав дахидаг” гэсэн үг санаанд орж билээ. Хэрэв нүдтэй, чихтэй, мэдрэлтэй бол ганц саналыг анзаарах ёстой байсан. Гэтэл МАН анзаарахгүй томорч давхив.
 
3. Ингээд чуулганы хуралдаан болоход Г.Уянгийн дээрээс бие даагч 2 хүн нэмэгдсэн байна. Г.Уянга мөн л санал өгөөгүй ба энэ нь татгалзсанд тооцогдож Засгийн Газар аврагдаж байгаа юм.
 
Ингээд “Бурхан гурав дахидаг” гэдэг нь батлагдаж байна. Хэрэв Г. Уянга “эзгүй” байхад картыг нь хэн нэгэн сугалчихсан бол яахав ? гэвэл яахав гэхчлэн “толгой ажиллах” юм олон л байх…
 
Та нарын наад эргүү толгой чинь муу юмандаа жигтэйхэн сайн ажилладаг биз дээ. “Би хүний кноп дарж хууль зөрчөөгүй, зүгээр л эзгүй гишүүний картыг “авч хаяж байна” гэж хэлэх ухаан алга уу, эргүү малууд аа…
 
Үр дүн
Саяхан болсон үйл явдлын үр дүнг субъект бүрээр товч жагсаавал:
1. АН, МАХН-ын нууц гэрээ будаа болов.
2. МАХН ихээхэн хүнд байдалд оров.
3. МАН үхээнц байдалд оров.
4. “Шударга ёс эвсэл” номхон хүлцэнгүй болов.
5. Ц.Элбэгдорж хүнд цохилт авав.
6. АН тэнцвэрээ олов. (Эдгээрийг тус тусад нь задлан үзвэл нэн сонирхолтой.)
 
АН-ын хувьд бараг үнэмлэхүй ялалт олж, МАН-ын хувьд үнэн гутамшиг болж Монголын улс төрийн хүчний харьцаанд бараг эргэлт гарав. Үүгээрээ би Монголын улс төрийн системийн задрал, нуралт зогссон гэж хэлээгүйгээ онцлон дурдаж байна.
 
Дөнгөж хэдхэн хоногийн өмнө байдал огт өөр, бүр шал өөр Н.Алтанхуяг бараг “үхэхийн наагуур” байсан юм шүү дээ. Гэтэл МАН өөрийн гараар татаад босгоод ирдэг байна ш дээ. Энд би хөшигний цаана болсон олон явдлыг ярихгүй, лайтай олон юм болсон.
 
Үүнийг би харамсаад яриад байгаа юм биш, улс төрийн өрсөлдөөний төлөвлөлт, зохион байгуулалтын талаас нь яриад “гайхаад” байгаа юм. Ийм лайтай тэнэг юм гэж байхгүй л дээ… 
 
МАН-д чаддаг юм гэж алга даа…
 
МАН-ын дарга асан Ө.Энхтүвшин: “Сөрөг хүчин болсон үеийн Намын дарга гэдэг бол, ялангуяа манай намын Дүрмээр хазъя гэхэд шүдгүй, мөргөе гэхэд эвэргүй, тийрье гэхэд туурайгүй юм байна” гэж 2013 оны 8 дугаар сарын 5-нд хэлж билээ.
 
Мөн МАН-ын дарга, Ерөнхий сайд асан С.Баяр: “Тэр бэрс гарчихсан шатрын хүү хаана байгаа юм бэ…Хамтарч Засгийн газар байгуулна гэдэг бол улс төрийн намуудын хамтын ажиллагааны дээд хэлбэр” гэж 2013 оны 10 дугаар сарын 15-нд хэлж билээ.
 
Түүнээс хойш “эвэргүй, туурайгүй” Ө.Энхтүвшинг солиод “бэрс” болох М.Энхболдыг сонгосон. Тэр намаа шинэчилсэн бол өдийд “эвэртэй туурайтай” болсон байх ёстой.
 
Н.Алтанхуягийг “мөргөсөн” байдлаас үзэхэд МАН-ын дарга М.Энхболдод молцог ч алга, бүлгийн дарга С.Бямбацогтод тагалцаг ч алга. С.Баяр өөрөө МАН-ыг “дасгалжуулсан” чинь Н.Алтанхуягийг бэрс болгоод алдчихдаг байна ш дээ. Одоо өөрсдөө хүү болох уу…
 
Жагсаал хийнэ, УИХ-ын эмэгтэй гишүүн ганц Г.Уянгаас долоон дор хөгийн юм хийнэ. Парламентад байна, давуу хүчтэй байж Засгийн Газрыг дэнжигнүүлж ч чадахгүй.
 
Гудамжинд олон нийтийг зохион байгуулж чадахгүй, парламентад амжилт олж чадахгүй. МАН-д чаддаг юм үнэндээ алга даа. Тэгээд Та нар юу хийж чадах юм ?!
 
Ичихгүй намаа шинэчилнэ гэж битгий нүдний булай болж үзээрэй дээ. Хүн хулхидаад байхаар ийм болдог юм…
 
Судлаач Х.Д.Ганхуяг.
 
Эх сурвалж: ganaa.mn блог
 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn - ээс уншина уу?