sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны тавдугааар сарын 26 /Reuters/. Европын Холбооноос /ЕХ/ нийлүүлэх бараа бүтээгдэхүүнд 50 хувийн татвар ногдуулах хугацааг ирэх долоодугаар сарын 9 хүртэл хойшлуулсныг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт мэдэгджээ. 


Тэрбээр Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйентай утсаар ярьсныхаа дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна. 


У.Ляйен хэлэхдээ, харилцан ашигтай тохиролцоонд хүрэхийн тулд илүү их цаг хугацаа хэрэгтэй гэдгийг цохон тэмдэглэжээ. Өнгөрсөн баасан гарагт Д.Трамп ЕХ-той хийж буй худалдааны хэлэлцээ хангалттай хурдан өрнөхгүй байгаад бухимдаж байгаагаа илэрхийлж, зургаадугаар сарын 1-нээс татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх гэж байгаагаа мэдэгдсэн юм. Түүний хэлсэн энэ үг дэлхийн зах зээлийг донсолгожээ.


Харин У.Ляйен утсаар ярих үеэрээ, тохиролцоонд хүрэхийн тулд ЕХ-нд илүү их цаг хугацаа хэрэгтэй гэдгийг хэлээд, шинэ тарифын талаар дөрөвдүгээр сард зарлахдаа анх тогтоосон хугацаа болох долоодугаар сар хүртэл татвар ногдуулах хугацааг хойшлуулахыг хүссэн байна.


Д.Трамп ням гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ, уг хүсэлтийг хүлээн авсан гэдгээ мэдэгджээ. Д.Трамптай үр дүнтэй яриа өрнүүлсэн гэдгээ У.Ляйен нийгмийн сүлжээний хуудсандаа бичээд, ЕХ худалдааны хэлэлцээ хийх чиглэлд шуурхай ажиллахад бэлэн байна гэжээ. Дөрөвдүгээр сарын эхээр Д.Трамп ЕХ болон АНУ хооронд худалдааны хэлэлцээ хийх 90 хоногийн хугацааг тогтоосон бөгөөд энэ хугацаа долоодугаар сарын 9-нд дуусах юм.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг