sonin.mn

УИХ-ын гишүүн С.Зулпхартай ярилцлаа.


-Нийгмийн даатгалын багц хууль 2023 оны 7 сард батлагдаж, 2024 оны 1 сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Тэгвэл анх энэ хууль яаж хэрэгжиж эхэлсэн болон одоо энэ хуулийн хэрэгжилт ямар явцтай байгаа вэ?

 

-Монгол Улсад нийгмийн даатгалын тогтолцоо үүсч хөгжөөд 83 жил болж байна. Тэгэхлээр өмнөх социалист нийгмийн үед энэ нийгмийн даатгалын тогтолцоо ямар нэгэн байдлаар байсан гэсэн үг. Гэхдээ тэр үед төрөөс бүхий л харилцааг зохицуулдаг тогтолцоо байсан. 1992 онд шинэ Үндсэн хуулиас хойш Монгол Улс нийгэм, эдийн засаг, улс төрийн шинэ нөхцөл байдал руу шилжсэн. Өөрөөр хэлбэл шинэ тогтолцоо руу шилжсэн. Үүнтэй холбоотойгоор нийгмийн даатгалын тогтолцоо ч гэсэн уялдан шинэчлэгдэх шаардлагатай байсан. Үүний дагуу 1994 онд нийгмийн даатгалын тухай хууль батлагдаж, 1995 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Тэгэхлээр үүнийг шинэ тогтолцоо гэж хэлэх ёстой. Гэхдээ энэ нь айхтар шинэ бол биш, аль хэдийн 30 жил болсон тогтолцоо. Ямар ч байсан шинэ нийгэмд тохирсон тогтолцоо нь 30 жил боллоо гэсэн үг. Энэ 30 жилийн хугацаанд бид нар нийгмийн даатгалын томоохон сорилтуудыг давсан. Түүнээс гадна шинэчлэлүүдийг хийх гэж хичээсэн. Гэхдээ хамгийн томоохон шинэчлэлийн үндсийг 2023 оны 7 сард батлагдсан хуулиар хийж эхэлсэн. 2024 оны 1 сарын 1-нээс одоо үүнийг хийж хэрэгжүүлж байна.


-Яг анх хэрэгжиж эхлэхдээ ямар ажлаас хэрэгжиж байсан бэ?

 

Мэдээж хэрэг 1995 оноос хэрэгжиж эхэлсэн хууль нь ажилтан болон ажил олгогч аль аль нь шимтгэл төлж, өөрсдийнхөө эрсдэлийг даван туулахад чиглэсэн эрх зүйн зохицуулалт гэсэн үг. 


Орчин цагийн гэдэг юм уу тухайн нийгмийн онцлогт тохирсон нийгмийн даатгалын тогтолцоог бодит утгаар нь бид нар бий болгосон. Энэ үүднээс нь авч үзэх юм бол бидний хувьд томоохон алхам байсан гэж ойлгох ёстой.


Тухайн үед та бүхэн мэдэж байгаа, шилжилт явагдаж байсан учраас энэ нь өмнө нь дан ганц улсын байгууллагуудад л ажилладаг улсууд байсан бол одоо хувиараа бизнес эрхэлдэг компаниуд бий болсон. Үүнийг дагаад ажилтан ажил олгогчийн шинэ хөдөлмөрийн харилцаа бий болсон. Үүнээс шалтгаалсан нийгмийн хамгааллын шинэ харилцаа бий болсон гэсэн үг. Нийгмийн даатгал бол үндсэндээ дангаараа хүмүүсийн ойлгодог шиг тэтгэврийн тогтолцоо бол биш. Тухайн ажилтан ажил хийж байх үед үүсч байдаг эрсдэлүүд байдаг.


Тухайлбал ажилгүй болж болно, ямар нэгэн байдлаар осол эндэгдэлд орж болно, мөн цаашлаад магадгүй тэр хүнд хүүхэд төрүүлэх, жирэмсэн болох үеийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой нийгмийн асуудлууд тулгарч байдаг. Үүнийг даван туулахад чиглэсэн тогтолцоо.


Тэгэхээр энэ тогтолцоо нь бодит утгаараа хэрэгжих нөхцөлийг шинэ нийгмийн тогтолцоотой уялдсан байдлаар 1994 оны батлагдсан хуулиар тавьсан гэсэн үг. Гэлээ гээд бид энэ хугацаанд өөрчлөлт шинэчлэлүүд хийгээд явж байсан. Цаашдаа бид нийгмийн даатгалын тогтолцоог илүү боловсронгуй болгох шаардлагатай юм гэдгийг байнга ярьж ирсэн. Үүний дагуу энэ хууль батлагдсан.


-Засаглал дээр нь яг ямар өөрчлөлт яаж явж байгаа вэ?


Нийгмийн даатгалын тогтолцооны хувьд бол одоо байгаа нь хуваарилалтын тогтолцоо гэж ойлгох ёстой. Сан руу орж ирсэн мөнгийг шууд хуваарилдаг тогтолцоо гэсэн үг. Гэхдээ шинэчлэгдсэн хуулийн зорилго бол хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоо руу шилжинэ. Тухайн хүмүүст тодорхой хуримтлал үүсдэг. Тэр хуримтлал нь эргээд тодорхой хугацаанд тэр хүний эрсдэлийг даван туулах цаашлаад тэтгэвэрт гарсан үед нь тэтгэвэр нь болох энэ чиглэл рүү хийгдэж байгаа шилжилт гэсэн үг. Тэгэхээр энэ нь томоохон өөрчлөлтийн нэг нь.


Гэхдээ өнөөдөр бид хуримтлалын тогтолцоогоо бүрэн хагас хуримтлалын тогтолцоо руу бүрэн шилжүүлж чадаагүй байна гэсэн үг. Хууль нь дөнгөж хэрэгжиж эхэлж байна. Хуваарилалтын тогтолцоо үндсэндээ суурь байдлаар ажиллаж байна.


Гэхдээ анхны хуримтлалын тогтолцоо нь тэр нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хүн болгон дээр данс нээж, дансанд нь мөнгө бүртгэх энэ тогтолцоо эхэлж байна гэсэн үг. Тэгэхлээр энэ хагас хуримтлалын тогтолцоо руу шилжих үндсийг тавьснаараа чухал гэж ойлгох ёстой. Түүнээс гадна мэдээж хэрэг нийгмийн даатгалын тогтолцооны хувьд гол зүйл нь тэтгэвэр авахтай холбоотой харилцаа байгаа. Тэтгэвэр авахтай холбоотой харилцаан дээр тухайн хүн тэтгэврээ авахдаа аль болох өөрийнхөө ажилласан жил төлсөн шимтгэлтэйгээ уялдсан байдлаар тэтгэврээ тогтоолгох энэ нөхцөлийн үндсийг тавьж байна гэсэн үг.


-Одоо энэ хуримтлалын тогтолцоо байна. Энэ нь 2040 он хүртэл хагас хуримтлалын тогтолцоотой байгаад 2040 оноос хойш бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжинэ гэж яригдаж байсан. Тэгэхлээр энэ шинэчилсэн хуримтлалын тогтолцоо гэдэг нь яг ямар давуу талтай болон тэрний онцлог нь юу юм. Ард иргэдэд ямар үр ашигтай вэ?

 

-Хуримтлалын тогтолцоо гэдэг бол ер нь дэлхий нийтээр нийгмийн даатгалын тогтолцоонд түгээмэл хэрэглэдэг ийм тогтолцооны хэлбэр гэсэн үг. Тухайлбал таны төлж байгаа шимтгэл тодорхой дансанд төвлөрч байх ёстой. Тэр төвлөрч байгаа данс нь хуримтлал үүсгэгдээд тэр хуримтлал нь таны явцын эрсдэлийг бүрэн даах ёстой. Өөрөөр хэлбэл тэтгэвэрт гарсан үед таны төлсөн шимтгэл чинь таны нийгмийн эрсдэлийг даван туулах хэмжээнд бүрэлдсэн байх ёстой. Энэ үүднээс энэ нь хуримтлалын тогтолцооны давуу тал юм. Та өөрийнхөө төлсөн шимтгэлийнхээ хувь хэмжээтэй уялдсан байдлаар дараа нь тэтгэврээ тогтоолгох боломжтой гэсэн үг. Энэ талаас нь аваад үзэх юм бол бид энэ чиглэл рүү явж байна гэсэн үг. Гэхдээ энэ хагас хуримтлалын тогтолцоо бол үндсэндээ одоо байгаа залуучуудад маш тодорхой үйлчилнэ гэсэн үг. Өнөөдөр хөдөлмөр хийж байгаа залуучууд тэр хуримтлалынхаа мөнгийг явцад нь зохих түвшинд ашиглах боломжийг нээх учиртай юм. Үүнийг бас эрэлхийлж байгаа гэсэн үг.


Өөрөөр хэлбэл боловсролын үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, ипотекийн үйлчилгээ гэдэг ч юм уу үүнийг авах байдлаар ашиглах боломжийг бид нээхэд чиглэсэн алхмыг дөнгөж хийж байна гэсэн үг. 


Тэгээд энэ нь өнөөдөр хөдөлмөр эрхэлж байгаа залуучуудын хувьд ирээдүйдээ томоохон эрсдэлүүдийг даван туулах мөн байж болох зарим нэг сорилтуудыг даван туулахад шаардлагатай нөхцөл байдлыг хангаж чиглэсэн энэ тогтолцоо руу шилжиж байна. Гэхдээ өнөөдөр манайд байгаа тогтолцоо бол гарцаа байхгүй шилжилтийн үйл явц учраас одоо байгаа хуваарилалтын хэлбэрийг хадгалахаас өөр арга байхгүй. Энэ сан руу орж ирсэн мөнгийг тодорхой тэтгэвэр тэтгэмж тавих хэлбэрээр бид нар ашиглана гэсэн үг. Гэхдээ нөгөө талаар хуримтлалын данс үүсгээд нэгдсэн хуримтлалын дансаар мөнгө хуримтлагдаад эхэлж байна. Өнгөрсөн жилүүдэд бидэнд бас эрсдэл үүсэж байсан. Энэ бол сан учраас сангийн мөнгийг бас тодорхой түвшинд менежмент хийж байх ёстой.


Менежмент хийнэ гэдэг нь энэ сангийн мөнгийг арвижуулж байх ёстой гэсэн үг. Тэгж байж мөнгөнийх нь үнэ цэн нь алдагдахгүй байх ёстой. Энэ дээр захиргааны түвшинд шийдвэр гарчихдаг байсан.


Захиргааны түвшинд гэдэг нь нийгмийн даатгалын үндэсний зөвлөл энэ мөнгөн хөрөнгийг хаана байршлуулах вэ гэдэг шийдвэр гаргадаг байсан гэсэн үг. Гэхдээ энэ шийдвэр нь өнгөрсөн таван жил гараагүй. Энэ мөнгөн дээр ямар нэгэн байдлаар үнэ цэнээ хадгалах эсвэл үнэ цэнээ илүү болгох хэмжээний тийм засаглал хийж болохгүй байгаад байсан. Шинэ хуулиар цаашдаа энэ сангийн удирдлага мэргэжлийн удирдлагатай байх нөхцөлийг заасан. Тэгэхээр мэргэжлийн хороод, олон нийтийн хяналтын зөвлөл гээд ийм зөвлөлүүд ажиллаж эхэлсэн. Мэргэжлийн хороод нь яах ёстой гэхээр аудитын чиглэлээр, санхүүгийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн улсууд энэ хороодод байх учраас тухайн чиглэлээр шийдвэр гаргахын тулд мэргэжлийн зөвлөгөө өгнө гэсэн үг. Мэргэжлийн зөвлөгөө өгсний дараа энэ үндэсний зөвлөл шийдвэр гаргаад үүнтэй холбоотой саяын засаглалын бие даасан мэргэжлийн шийдвэр гаргах боломж бүрдэнэ.


Тухайлбал би танд жишээ хэлье. Саяхан чөлөөт мөнгөн үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг Монгол банкны хувьд хамгийн эрсдэл багатай гэж үзсэн арилжааны банкуудад байршуулах шийдвэр гарсан. Нэг хэсгийг нь бол Засгийн газрын бонд худалдаж авч байна.


Ингээд ирэхээр саяын сангийн мөнгөн хөрөнгө өөрөө арвижих боломж бүрдэж байна гэсэн үг. Банканд байршуулсан мөнгөн хөрөнгө нь нэг жилийн дотор 100 тэрбумын үнэ цэн бий болохоор ийм тооцоолол хийгдэж байна. Тэгэхээр энэ нь сангийн менежмент илүү мэргэжлийн болоход томоохон алхам хийгдсэн гэсэн үг.


-Одоо энэхүү нийгмийн даатгалын реформ хэрэгжиж эхэлснээс хойш ямархуу өөрчлөлтүүд гарч байна вэ? Өнгөрсөн хугацаанд нэмэлт өөрчлөлт хийж үүнээс үүдэн бас эрсдэл үүссэн. Үүнтэй холбоотой тэгш бус байдал үүссэн. Энэ хуулийг яаж засаж залруулсан бэ?


-Манай нийгмийн даатгалын сантай холбоотой хамгийн их гардаг шүүмжлэлүүдийн нэг бол тэтгэвэр. Өөрөөр хэлбэл би насаараа НДШ төлчихөөд тэтгэвэр тогтоолгоход тэтгэврээ нөхөн тогтоолгосон буюу урьд нь НДШ-ээ бүрэн төлөөгүй, дутуу төлж байсан эсвэл огт төлж байгаагүй улсууд нөхөн шимтгэлээ төлчихөөд надтай адилхан тэтгэвэр авч байгаа нь шударга биш байна гэдэг ийм шүүмжлэл явж байгаа. Үүнийг бид хүлээж авах ёстой.


Яг ийм юм болсон уу гэвэл болсон. Үүнтэй холбоотойгоор хэлбэл иргэдийн НДШ-ээ нөхөн төлөх боломжийг хангасан хуулиуд баталж, тэр хуулийн дагуу нөхөн шимтгэлээ төлсөн иргэдийн нэг хэсэг нь тэтгэвэртээ гарчихсан, зарим нь тэтгэврээ тогтоолгоход энийг ашиглах байдлаар нөхцөл нь бүрдчихсэн байж байгаа.


Тэгэхээр энэ бол саяын иргэдийн хувьд тэгш бус байдал гэсэн үг. Нөхөн төлөхдөө мэдээж тэр хүний төлсөн шимтгэлээс багахан хэмжээний шимтгэл төлчихөж байна гэсэн үг. Тэгсэн мөртлөө адилхан тэтгэвэр авч байгаа. Гэхдээ үүнийг бид гарцаа байдлын улмаас хийсэн. Энэ бол бас байж болох л нэг шийдвэр байсан. Яасан гэхээр нэгэнтээ тэтгэвэр тогтоолгох насны улсууд байгаа бол тэр хүмүүсийн нийгмийн хамгааллийн эрсдэлийг нь багасгахын тулд гаргасан шийдвэр. Энэ бол улс төрийн шийдвэр байсан. Гэхдээ яг мэргэжлийн түвшинд сангийн талаас нь аваад үзэх юм бол энэ зөв шийдвэр байгаагүй. Энэ буруу шийдвэр байсан учраас өнгөрсөн хугацаанд үндсэндээ энэ нийгмийн даатгалын санд 5 их наяд гаран төгрөгийн ачаалал үүссэн.


Тэр сангийн мөнгө бол орлоготой бас зарлагатай. Тэгэхээр ийм хэмжээний зарлагын ачаалал үүсгэж байна гэдэг бол бусад нөгөө шударгаар тэтгэврээ тогтоолгосон иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэхэд бас нөлөөлж байна гэсэн үг.


Цаашлаад энэ сангийн алдагдал болж байна гэсэн үг. Тэгэхээр энэ алдагдалтай байгаагийн бас нэг шалтгаан нь энэ учраас цаашдаа ийм шийдвэр гаргуулахгүй байх талаар хуульд бас тодорхой өөрчлөлтүүд оруулсан. Өөрөөр хэлбэл цаашдаа нөхөн шимтгэлийг тооцуулах байдлаар тэр хүмүүсийг тэтгэврээ тогтоолгох магадгүй одоо жишээ нь тасалдсан жилээ нөхөх энэ боломжийг олгож болохгүй гэдэг ийм өөрчлөлт хийсэн. Одоо үүнийгээ бид мөрдөөд явна.


Нийгмийн даатгалын сан тогтвортой ажиллахад ямар өөрчлөлтүүд хийх ёстой гэж та бодож байна вэ?


Одоо бол мэдээж хэрэг энэ хууль хэрэгжээд үндсэндээ жил хагас болчихлоо. Гэсэн хэдий ч тухайн үед энэ хуулийг батлах үед бидэнд бас хийж амжаагүй зүйлүүд бий. Амжаагүй гэдэг нь зарим зүйлийг бүрэн хэлэлцэж шийдвэр гаргаж чадаагүй зүйлүүд бий. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр бас л хэлэлцүүлэг өрнөж байна.


Тэгэхээр нийгмийн даатгалд цаашдаа нэг зүйл байгаа. Тэр нь юу гэхлээр хувийн нийгмийн даатгалын тогтолцооны буюу дэд тогтолцооны боломжийг нээж өгөх ёстой. Тэгэхээр энэ бол угаасаа хууль нь бэлэн байсан. Одоо үүнийг оруулж ирнэ гэсэн үг.


Өөрөөр хэлбэл хувийн даатгалын системийг оруулж ирэх талаас нь сонголт олгож байна гэсэн үг. Хоёр дахь зүйл бол сангийн энэ эрсдэл цаашдаа бас байхаар байна. Тэр нь юу гэхлээр насжилттай холбоотой. Хүн амын насжилт нэмэгдэхийн хэрээр төдий хэмжээгээр тэр хүний тэтгэвэрт гарсны дараа тэтгэвэр авах хугацаа нь уртсана. Нэг талдаа дундаж насжилт сайжирч байгаа нь сайн хэрэг. Гэхдээ сан энэ ачааллыг даах уу гэдэг тооцооллуудыг нарийн хийгээд ирэхээр энэ өөрөө их тийм хүнд ачаалал болно. Тэгэхлээр үүнтэй уялдсан байдлаар нийгмийн даатгалын тогтолцоо нь тэрэн дотроо тодорхой зүйлүүдээр бид ахиад шинэчлэл хийх шаардлага байна гэсэн судалгааны үр дүн гарсан. Энэ нь манай дотооддоо хийсэн судалгаа, тооцооллууд, мөн гаднын экспертүүдийн хийсэн тооцооллууд харуулсан. Ийм болохоор үүнтэй уялдсан байдлаар бидэнд цаашдаа ийм параметрийн өөрчлөлтүүд хийх үү үгүй юү гэдэг ийм асуулт гарч ирж байгаа. Тэгэхээр үүнийг бид ахиад нарийн тооцоолно гэсэн үг.


Тухайлбал тэтгэврийн насыг бид ахиад ярилцах ярилцах уу? Тэтгэврийн нас ямар байх ёстой юм, хэд байх ёстой юм. Нөгөөтэйгүүр дан ганц энэ тэтгэврийн нас биш, шимтгэлийн хэмжээ ямар байх юм, энэ шимтгэлийн хэмжээг бид бууруулах уу, нэмэх үү гэдэг асуудлыг ярих ёстой.


Мэдээж хэрэг иргэдийн хувьд бол шимтгэлийг битгий нэмээч ээ гэдэг. Нэмэхэд энэ нь ажил олгогчийн хувьд ч гэсэн ачаалал үүсгэж байгаа. Мөн ажилтны хувьд ч гэсэн ачаалал үүсгэж байгаа. Тэгвэл одоо байгаа энэ зохимжтой хэмжээгээ бид нар багасгах юм бол ямар эрсдэл үүсэх юм гээд нарийн ширийн зүйлүүд яригдана. Тэгээд одоо зарим гишүүд маань үүн дээр хууль санаачилчихсан явж байгаа. Энэ хүрээнд асуудал яригдах байх. Гэхдээ шимтгэлийн хэмжээг хэрвээ буурууллаа гэвэл сан өөрөө ямар нэгэн байдлаар цаашдаа ажиллаж байхад эрсдэл үүсэх байдал гарах уу үгүй юу гэдгийг бид бас ярих ёстой. Энэ бол хэн нэгний би тийм юм хүсэж байна гэснээр дангаараа болчихдог зүйл биш. Энэ чинь сан учраас өөрөө орлоготой зарлагатай, тогтсон менежменттэй байж байж эрсдэлгүй байх ёстой. Эрсдэлгүй байж гэмээн нийгмийн хамгааллын эрсдлийг даах ёстой.

 

-Ер нь яг ард иргэдэд таны зүгээс нийгмийн даатгалын талаар товч ерөнхий ойлголт өгвөл?

 

-Нийгмийн даатгал бол бидний хувьд их чухал ийм тогтолцоо. Бид нийгмийн хамгаалал гэхээр ихэвчлэн хүмүүс халамж юм уу гэж ойлгодог. Нийгмийн даатгалыг болохоор энэ зөвхөн тэтгэвэр юм уу гэж ойлгодог. Тэгэхлээр энэ бол аль аль талдаа зөв. Гэхдээ үүнийг хүмүүс ингэж явцуу байдлаар ойлгоод байна. Нийгмийн хамгааллын хувьд бол 3 үндсэн дэд тогтолцоо байдаг. Хэрвээ одоо гарцаа байхгүй туслан дэмжих шаардлагатай бүлгийн гишүүн байх юм бол тухайн хүнд нийгмийн халамжийн сангаар дамжуулж дэмжлэг үзүүлнэ. Тухайлбал өнчин хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт. Ийм тохиолдолд нийгмийн халамжийн тогтолцоо ажиллаж байдаг. Нийгмийн даатгал дангаараа тэтгэвэр биш. Хөдөлмөр хийж байгаа хүнд эрсдэл үүсвэл ажилгүйдлийн тэтгэмж олгож байдаг. Энэ үүднээс нь авч үзвэл энэ нь өөрөө нийгмийн хамгааллын цогц арга хэрэгсэл гэсэн үг.


-Монгол улсад энэ даатгал хүрэх ёстой хүндээ хүрч чадаж байгаа юу?

 

-Өнгөрсөн хугацаанд энэ тогтолцоо зохих үүргээ гүйцэтгэсэн. Цаашдаа энэ тогтолцоо яг энэ үүргээ илүү тогтвортой эрсдэл багатай гүйцэтгэх тэр шинэчлэлийг тухайн тухайн тохиолдолд нь бас хийгээд явна. Бид экспертүүдтэй тухайн үед ярилцаж байгаад асууж байсан. Хамгийн сайн тогтолцоо нь аль нь вэ гэхэд хамгийн сайн тогтолцоо бол танайд тохирсон тогтолцоо гэж байсан. Тэр танайд тохирсныг та хэд өөрсдөө цэвэр судалгаа, тооцоолол дээр суурилсан байдлаар хийх ёстой гэж хэлсэн. Тэгэхээр тэр шинэчлэлүүдийг л бид нар хийгээд явж байгаа гэсэн үг.


-Яг энэ нийгмийн хамгааллын салбарын хувьд анзаарахад зарим хүмүүс энэ талаар ойлголт муутай байдаг юм шиг санагддаг. Энэ талаар та юу гэж хэлэх вэ?


-Би бас ажил хариуцаж байсан хүний хувьд олон талын одоо уулзалтуудад, олон шинэ газарт очиж ажил ажиллаж байсан. Орон нутгаар явж ажиллаж байлаа. Тодорхой салбарууд дээр очиж ажилтан ажилчидтай уулзаж байлаа. Энэ үед мэдээж хэрэг ажиглагддаг зүйл нь хүмүүст нийгмийн даатгалын тогтолцооны талаар бүрэн ойлголтыг өгөх ёстой юм байна гэсэн бодол төрж байсан. Бүрэн ойлголт гэдэг бол энэ тогтолцоог ерөнхийд нь ойлгуулна гэсэн үг. Мэдээлэл хүргэнэ гэдэг чинь өөрөө бас чухал ажил.


Мэдээж нэг хэсэг нь мэдэж байгаа, нөгөө мэдэхгүй хэсэг нь нарийн сайн мэдэхгүй байна. Гэхдээ нийгмийн даатгалд хамрагдах нь өөрөө их чухал шүү гэдэг ойлголтыг бид нар бүрэн ойлгуулах тал дээр бас учир дутагдалтай байгааг хүлээн зөвшөөрөх ёстой.


Тийм учраас иргэддээ энэ талын мэдээлэл өгөх чиглэлээр сайн ажиллах ёстой юм байна гэдэг ойлголтыг бид тухайн үед авч байсан. Тодорхой ажлууд хийгдэж байсан. Жишээ нь малчдад сайн дурын даатгалд хамрагдаач ээ гэдгийг ойлгуулах ажлыг хийж байсан. Тэгэхлээр энэ бол дан ганц нийгмийн даатгалын байгууллагын дангаараа хийчих ажил бол биш гэдгийг бас ойлгосон. Сүүлд би орон нутгаар иргэдтэй уулзаж явахад ажиглагдсан юм бол энэ мэдээллийг өгөхөд орон нутгийн эрх бүхий албан тушаалтнууд оролцох ёстой юм байна гэдгийг ойлгосон. Тухайлбал сумын ИТХ-ын төлөөлөгч хууль сурталчлах, хууль таниулах үүрэгтэй. Тэд малчиддаа саяын энэ ойлголтыг өгөх ёстой. Мөн хувиараа ажил эрхэлж байгаа иргэдэд бас тэр сайн дурын даатгал яагаад чухал юм бэ гэдгийг ойлгуулах ёстой. Бас хэвлэл мэдээллийн байгууллага ч гэсэн энд зохих түвшинд оролцох ёстой байх. Нөгөө талаар мэдээлэл нээлттэй байгаа энэ үед иргэд бас өөрсдөө энэ дээр санаачилга гаргаад мэдээллийг олж авах ёстой. 




Ярилцсан У.Анударь