sonin.mn
Сүгияама Масааки гэдэг Японы эрдэмтэн Дэлхийн Тогтолцоог (World System) Монголчууд бүтээсэн тухай олон ном туурвисан байна. Гэтэл энэ эрдэмтний нэг ч ширхэг ном Монгол хэлэнд өнөөдрийг хүртэл орчуулагдаагүй байна. Түүхэн баримтаас харвал хүн төрөлхтний түүхэнд “ПАКС МОНГОЛИКА” (PAX MONGOLICA)-г бүтээсэн Монголчууд ЕвроАзийг багтаасан дэлхийн эх газрын 16 хувийг хамарсан, олон үндэстэн, ард түмнээс бүрдсэн,хүн төрөлхтөнд байгаагүй түүхэн хуудсыг нээсэн байна. 
 
Европын соён гэгээрүүлэгч Жан Жак Руссо 1751 онд “Үүрд Энх Тайван Европ” гэдэг номоо туурвиж, Ромын эзэнт гүрний тогтолцоог сүйрүүлсэн асуудал бол Европын гамшиг гэж шүүрс алдан бичиж байсан. 
 
Монголын эзэнт гүрэн нурж унасан асуудал бол ЕвроАзийн гамшиг гэж хэлж болно. Үүний хариуцах эзэн нь бол Монголчууд бидэн өөрсдөө. Монголын эзэнт гүрний тогтолцоо нурж унаснаас хойш ЕвроАзийн эх газарт өнөөдөр хүртэл хүний сэтгэлийг шившрүүлэм гамшиг болсоор байгааг ойлгосон нэгэн нөхөр бол Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч асан Рэйганий үндэсний аюулгүй байдлын зөвлөх байсан Збигнив Бирзэзинскиюм. 
 
Збигнив Бирзэзински Монголын эзэн гүрний дэлхийн тогтолцоог (world system)яаж бүтээх тухай, яагаад бүтээх ёстой тухай “Их Шатрын Хөлөг” номондоо бичсэн байдаг. 1751 онд Европын ирээдүйн төлөв байдлыг төлөвлөсөн Жан Жак Руссогийн хүсэл эрмэлзэл Европын Холбоог байгуулснаар биелэлээ олсон. Бирзэзинскигийн хэлсэнээр ЕвроАзийн эх газрыг нэгтгэсэн дэлхийн тогтолцоог бүтээх хүсэл эрмэлзэл хүн төрөлхтний хөгжил болон энх тайванд хэрэгтэй учир хэзээ нэгэн өдөр энэ тогтолцоо биелэгдэх нь тодорхой.
 
Монголын эзэнт гүрний тогтолцоо сүйрэн унасан шалтгаан нь авилгал, залгамж чанар үгүй байснаас болсоноос гадна дэлхийн санхүүгийн тогтолцоог бүрдүүлж чадаагүйгээс болсон гэж хэлсэн байна. 
 
Дэлхийн түүхийн эзэн Монгол одоо хаана байна вэ? гэж дэлхий дахин эрэлхийлж байгаагаас гадна Монголчууд ч өөрсддөө энэ асуултыг тавьж байгаа. Өнөөдрийн Монгол 13-р зууны Монголоос долоондор болсон нь тодорхой байна шүү дээ. Амтай болгон уралдан Таван Толгой, Оюу Толгой гэж Толгой л ярьдаг болсон байна даа. Дараа нь хар толгойгоо ярих байх даа. Унжсан толгой ч ярьж магад. Унжсан толгойгоор таашаал авдаг бас нэг толгой ярьж магадгүй. Хүн дордохоороо толгой ярьдаг болдог тухай хүн төрөлхтний соён гэгээрүүлэгч Зигмунд Фройд хэлсэн байдаг. 
 
Өнгөрсөн 30 жилийн дотор бидний Хужаа гэж нэрлэдэг Хятадын төр 600 сая гаруй ядуу хүнийг өлсгөлөнгөөс салгаж, амьдралын урам, баяр бахархлыг авчирсан байна. Дэлхийн тогтолцоог (world system) бүтээсэн Монголын ард түмэн түүхэндээ байгаагүй 3 сая хүн амтай болжээ. Гэтэл өнөөдөр Монголчууд 3 сая хүнээ өлсгөлөн ядуугаас салгаж чадахгүй “Толгой” ярьсаар, бусад л муу бусад л буруу болохоос өөрийн хар толгойд хир халдаахгүй. 
 
Өнөөдрийн дэлхийн тогтолцоог бүтээсэн Монголчууд энэ дэлхийг мэдлэгээр бүтээсэн нь тодорхой. Гэтэл өнөөдөр хулгай дээрэмд идэгдэж, худал хуурамчаар амьдарч энэ дэлхийн шившиг болж дууслаа даа. 
 
Хүн төрөлхтний агуу бодогч Хэгэл “түүх давтагддаг” гэж хэлжээ. 21-р зуун түүнээс цаашлаад хүн төрөлхтний дэлхийн тогтолцоог бүтээх Монгол хүн гарч ирэх нь тодорхой. Харин хэзээ бол доо. Тэр хүн үнэн мэдлэгтэн, үнэн философич байх нь тодорхой. 
 
Монгол орон мандан бадрахын тулд дэлхийн мэдлэгийн төв, дэлхийн философийн төв болохоос өөр гарц байхгүй. Ингэж байж л энэ дэлхийг Монголчууд дахин сэргээн мандуулж, хүн төрөлхтний бахархал болж түүхэн хуудаст бичигдэнэ. 
 
С. Тулга