sonin.mn
Хагацаах ятгалгад бүү итгэ!Гэсэн Чингэс хааны үг билэг сургаал  “Монголын Нууц Товчоо”-нд нь бий. Монголын нийгэм өдгөө коммунизмд итгэхгүй, ардчилалд ч итгэлгүй эв нэгдэлгүй, эмх замбараагүй болжээ. Үүнийг шинжлэх ухаан “нэгдсэн тодорхой зорилгогүй” гэсэн албан хуурай үгээр илэрхийлж “зарчмын хувьд шинжлэх ухааны нарийн тооцоо судалгаан дээр үндэслэсэн нарийн төлөвлөлт”-өөр шийдвэрлэхийг шаардана. 
 
Тэр нарийн төлөвлөлт, ардчилсан зарчим, шинжлэх ухааны тооцоо судалгаа, мастер төлөвлөгөө, зорилтот хөтөлбөр, үндэслэл энэ тэр нь хоёр намын хоёр өөр арга ухаан зорилгод тэлэгдээд итгэх гол төв нь дундуураа хагарчихдаг бололтой. Зорилго гэдгийг шинжлэх ухаан “Зорилго гэдэг нь хувь хүн, хэсэг бүлэг,хамт олон, улс орон, олон улс хамтран ажиллаад хүрэхийг эрмэлзэн тогтоосон эцсийн тодорхой нөхцөл байдал буюу үр дүн,  ирээдүйн төлөвлөлт мөн” гэх мэтээр тодорхойлдгийг бид мэднэ. Нийгмийн Итгэлийг эрдэм ухаантай том дарга нар, лут эрдэмтдийн хийсэн гоё зорилго юмуу үндэслэлтэй нарийн төлөвлөлтөөр  эсвэл нийгмийн /социалогийн/ зөв судлагаагаар бий болгох боломжгүй. Яагаад гэвэл Итгэл бол илтгэл сонсоод, мөрийн хөтөлбөр уншаад буй болдог үзэл, санал шүүмжлэл, албан дүгнэлт биш. 
 
Тарьдаг бус төрдөг заяамал далд хүчний /бид синергетик, эзотерик, телепат, парапсихологи, телекинез энэ тэр гэж өмнө дурдсан/ бодотгол, заавал бүтэх нь дамжиггүй энгийн мөртлөө мөрөөдлийн шинжгүй жам ёсоор бүрдсэн тийм эерэг хуримтлалыг бид ИТГЭЛ гэж тодорхойлж байгаа билээ. Иймд хоёр том намаас ард олон баярлан үнэмшиж магадгүй сайхан зорилго, сонирхолтой амлалт боловсруулан шашинтай адил горьдлого төрүүлж үнэмшихүйц зорилго төлөвлөж  Итгэлийг  нь татахаар уралдан уралцан өрсөлдөх болжээ. Энэ нь увайгүй хийрхэл, ашиг завшаанд улангассан арчаагүй бэртэгчин нийгмийг төр өөрөө удирдан буй болгож байгаа доройтол бөгөөд Итгэл зүйн ухаанаа үнэн зүйгээр нь нээх шаардлага монголчуудад тулгарсны наад захын жишээ юм. 
 
Хүүхэд бүрт мөнгө өгнө, хосын хуримын зардлыг төр даана…гэх мэт коммунизмын үл гүйцэлдсэн үзэл мэт зорилго нийгэмд тэд дэвшүүлнэ. Үнэхээр амиа аргацаасан ядуу сэтгэлгээний энэ жишээ хоцрогдсон үзэл бөгөөд бүрэн төгсөө байг гэхэд хомс гөмс  итгэл төрүүлэх гэсэн зальхай арга юм. Нийгмийн Итгэл зүй ийнхүү хүүхдийн зүггүйтэл мэт хөнгөн гоомой болсноос ард түмний Итгэл зүй алдагдаж Аман хөгжил, Үгэн шинэчлэл өрсөлдөж төр, тоглоом шиг юм болж аугаа их Итгэл, зорилго шиг зохион төлөвлөх хиймэл зүйл болон хувирхад хүрчээ. Хүүхдээ эцэг эх нь тэжээж хурим найрыг нь өмч таслан айл орон болгодог монгол ёсон буй. Энэ бол эцэг эх, хүүхдийн заяамал үүрэг. Иймэрхүү коммунизмын онол шиг, Ардчилсан хувьсгалын амлалт шиг гүехэн зорилгууд монголчуудын итгэл яавч биш. 
 
Бүх айлууд үр хүүхдээ төрд хагас үрчлүүлж  асаргаа үрчилгээний мөнгө авах, гэрлэх болоход нь худын хувь нэхэх болгосон нь эх эцэг, үр хүүхдийн жам ёсыг гутаасан, хагас өнчин мэт зэрэмдэг муу ёрын зорилго болно. Орон сууцыг үнэгүй хувьчлав гэж буга буулгаж согоо суулгасан мэт хөөрцгөөх аж. Тэр сууцыг Ардчилал бариад бэлэглээгүй биздээ. Нөгөө социализмынх нь буян бус уу? Мөн гэрийн хорооллын жинхэнэ ардуудаа яагаад Үндсэн хууль зөрчин гадуурхаж орон байрны талаар хоосон үлдээж юу ч эс хувьчлав? Тэдэнд нэг толгой мал хувьчлан өгсөн үү? Тэгсэн атлаа бас яагаад хөдөөгийн хоёр зуугаас доош толгой малтай малчдын болон төрд ажиллаж амьдралын зохих эх үүсвэртэй болсон айлуудын хүүхдийн сургалтын зардлыг төрөөс даах болов? 
 
Мал болон орон сууцны хувьчлалаас хувь хүртээгүй, социализмын үед орон сууцанд орж чадаагүй ,малаа аль хэдүйн нэгдэлд нийгэмчилсэн атлаа хов хоосон хоцорсноос гадна нийгмийн өөрчлөлтийн үед хамгийн түрүүнд ажил албагүй болсон иргэдийн хүүхдийг үнэ төлбөртэй сургаж нэн ядуу, эмзэг бүлгийн  нүсэр өргөн давхарга бий болгох харалган бодлогыг яагаад энэ хоёр нам зорилго болгон хэрэгжүүлэв? Малын буян, орон сууцны ашигаар сургалтын төлбөрөө төлөх шийдвэр гаргавал ядуусын эмзэг бүлэг үүсгэхээр үлдээсэн тэр дорд хэсэгтэй ижилтгэн үзсэн юм шиг зохимжгүй зорилго болох гээд байсан хэрэг бололтой. 
 
Яагаад ардчилсан төр нь ард түмний  нэгэн хэсгийн итгэлийг ийн мухарлан ягт нь тулгаж шинэ хэлмэгдүүллээр боолчлолын хэлбэр тогтох зам үүсгэв?  Монгол цэцэд “Үлдэх хүнээр ачаа бүү татуул.Явах хүнд идээ бүү бариул” гэдэг сэн. Ачаа нэгэнт хөдлөвөл нурах хазайх зэрэг бэрхшээл үлдэх хүнд хамаагүйтэй адил явах хүн идээ ундаа хуваах ахул үлдэх хүмүүсээ боддоггүй аж. Явсан социалист нийгэмд идээгээ бариулж, үлдсэн ардчилалаар ачаагаа татуулсан аж. Аливаа зорилгын үүсэл өрнөл төгсгөл ийм байдлаар төлөвлөгдөж эрэмдэг янзаар хэрэгжиж элбэг үгээр өндөрлөдөг. 
 
Гэтэл итгэл гэдэг зорилго төлөвлөлтийн үр дүн, тод бүтэлд суурилсан бодот байдал, цааш заавал бүтэж байхын үнэн магадлал билээ.Гэрийн хорооллын суурин иргэдийг яагаад юу ч үгүй хаяж гадуурхав аа? Өнөөдрийн ядуу зүдүүгийн зовлонг төр өөрөө үүсгэжээ. Хоёр намын  үйл хэргийн алдаа мадаг төрх төлөв,хүний мүс жудаг, ноён нуруу яагаад ийнхүү хугарч нийгмийн итгэлийг сэвтээчихвээ? Зорилгоос амлалт шүүмжлэл, Итгэлээс амьжилт амьдрал төрдөг ялгаа энд л байна. Намууд ард түмний итгэлийг биш албан амлалтын зорилго төлөвлөсөөр аж. Иймд намгүйгээр хөгжиж ялж байсан түүхээсээ ухаан авах шаардлагатай болжээ.
                               *                               *                             *
Мал ахуйгаас өөр мэргэжилгүй,дөрвөн улирлын нүүдлээс цааш алсгүй уйтгартай хашигдмал бөглүү амьдрал дунд нэгэн насаа элээдэг боловсролгүй бүдүүлэг харанхуй хүмүүс тодорхой юунд итгэн тэмүүлэх юм бэ? Тэд ирээдүйд юу болно,яана, ямар шинэ юм угтана гэж мөрөөдөх юм? гэх таамаг төрж болох .
 
”Итгэлээ барвал хүнээн байж, үнэнээ  гээнэ” гэх монголчуудын мэргэн үг Хүний үнэт зүйл “Итгэл” түүний “Үнэн” болохыг номложээ. Хүн + Итгэл+ Үнэн гэх монголчуудын гурамсан эрдэм ухаан тэдний АМЬ үндэстэй гүн ухааныг цогцлоосон байна./ “Хүн”  ухааны зураг зурхай ертөнцийн шүтэлцээг Н.Нагаанбуу “Монгол он цаг тоолол” УБ.2006, “Монголчуудын Анх Энх Мөнхийн Амин зурхай” УБ 2009 Гүн ухааны монгол үнэн Амь гаргалгааг “Монголын гурвал онол” УБ 1999,2003,2005 он номуудаас минь тулган тольдож тунгаахыг хүсмү./
 
Эдгээр бүтээлүүддээ тулгуурлан эл сэдэвтэй уялдуулж монгол итгэлийн нийгмийн өөрмөц онцлогийг товловоос
Эцэг дээдсээс өвлөсөн буянт  мал сүргээ өсгөн үржүүлсэн ухаан эрдмээ удамлан өртөөлөх
Гал голомтоо мандаан бадраах
 
Үр хүүхдээ морьтон монгол хүн болгон хүмүүжүүлж ухаан санааг нь хөгжөөх хэмээн тоймлож болох юм. 
Энэ нь хар муйхар бус маш нарийн  мэргэжил , мал дагасан амин хөгжил, Мөнхгал шүтээнээ дээдлэсэн үр хүүхдийн сайхан ирээдүй гэх итгэл шингэмэл ухагдахуунууд болно. Дэлгэрүүлбэл мэргэжилдээ дуртай байх, бахархал болгон өвлүүлэх, монголоо монголоор нь хөгжөөж мандуулан бадруулах, өвөг дээдсээс өвлөсөн баатарлаг ухаалаг эрдмээ хайрлаж хадгалж хамгаалах удамшил итгэл үнэмшил юм.
 
Мал тойрсон үйлдвэрлэгч эрдэм, их сүргээ дэлхэй ертөнцтэй холбосон хүн ухаан, байгалд ивээлтэй амин хөгжлийг хоцрогдсон бүдүүлгээр хоргомчлон үнэлсэн цаг үе, эрдэмтэд, шинжлэх ухаан өөрөө харийн үзлээр өөрийгөө хуурсан  явуургүй үзэл болохыг дурдсу. Бид монголоо монголоор нь хөгжүүлэх итгэл зүтгэл дүүрэн өвөрлөсөнгүй. 
 
Эс нутагших үл зохицох бүхэнтэй гаднаас нь харж жишэн өөр газар орны эрдэмтдийн ажил онолтой дүйлгэн харьцуулаад тийн үнэлэх нь үнэхээр  бүдүүлэг үзэл санаа юм. Амьжиргаа амьдралын хамгийн гол баялаг болох мал сүрэгт нь аюул учруулах ган зуд, гамшигт өвчин нүүдэлч малчдын итгэлийг барж шавар оромж барин, шавхай намагт тариа ногоо тарихаар шавалдан амиа хоохойлсонгүй. 
 
Мал нь мянга түмээр өсч манхан халзан хонио сэтэрлэхийн ерөөл нь горьдлого биш итгэл юм. Яахаараа шавар, мод, өвс, чулуун туургатнуудын газар талхалж, далан шороо босгоод бөөгнөн шавалдаж,  булаалдан бөхөлзсөн үймээнт амьдрал боловсон байдаг, яахаараа хээрийн  зэлүүд нутагтаа мал сүргээ идэшлүүлж дураар тааваар нүүдэллэн амьдрах малчид бүдүүлэг болдог билээ? Энэ мулгуу үзлийг няцаах ёстой. 
 
  Эрэлхэг нүүдэлчид ган гачиг, зуд турхан болох юм бол  өнтэй шимтэй, өвстэй устай нутаг руу өрнө дорно, өмнө хойно хаашаа ч нүүгээд явчихдаг бол тариалан төвтнүүд шороо хийссэн талбайгаа шүүрс алдан харахаас өөр аргагүй. Эсгий туургатнуудын гэр өргөөний уран байгууламж, төсөр хийц, ур ухаан, тэнгэрлэг дугуй хэмжээст соёл, газраа бурхан хэмээн хайрласан амь шүтлэг, хүн ахат дээл захат төр дээдлэл гайхамшиг гэдгийг нүүн ирж нүдээр үзэж гараа хөдөлгөн судлалгүй зөвхөн европ онолоор таамаглан харьцуулж доршоогсод монголчуудын итгэлийн ухааныг тайлна гэж үү? 
 
Бас нүүдэлчдийн амьдралыг хэзээ ч үл хөгжих хэмээн үзэх нь ноцтой алдаа гэдгийг сөргөн шүүмжлэхээр зогсохгүй зад эсэргүүцэх ёстой.Нүүдэлчдийн иргэншил эх нутгаа энгээр нь эзэгнэх тэнгэрийн одод мэт түгээмэл, газрын цэцэгс шиг ариун шимийг эзэгнэдэг бол шаазангийн хагархай мэт энд тэнд тархай бутархай шигдсэн амьдрал харин ч тархай бутархай бус уу? Тархай бутархай гацаа тосгод балгадад хороолж шивээлсэн суурин иргэншилийн бузар булхай хурсан сул дорой чанарыг өвөг нүүдэлчид өрнө дорно, өмнө хойно хаана ч үнэнийг нотлосон цуут түүх бий. Нүүдэлчдийн итгэлийн хүч чухам энд эчин агуулагдму. 
 
Мал хүртэл нэг газраа хашигдаж бус өдөр бүр өөр сэрмүүн соргог бэлчээр хайдаг. Чоно ч гэсэн бөөнөөрөө нэг газар бүгээд байдаггүй идэш хүнсээ дагаж бүлээрээ цөөхүүлээ амьдардаг жамтай. Халуун пийшин тойрсон жоом бясаа мэт шавмал амьдрал хувин халуун ус цацах төдийд хиарахын адил суурин амьдралыг мөхөөе гэхүйеэ мөн ч хялбархан гэдгийг түүх шарласан хуудсууддаа гэмэрхэн тэмдэглэсэн буй. 
 
Бас олон дундаас хоолоо олж идэхийн тул өлөн зөлөм нь юу ч хийхээс үл буцах муу муухайн үүр болдог тэр иргэншил олз ашгийн улайрсан арцалдаан, улангасуу тэмцлийн толхилдоон дунд итгэл бус идэх юм олохын төлөөх зорилго, түүнээ хэрэгжүүлэх үзэл  үүсгэж, өрнөж, өрсөлддөг юмсанж. Өнөө үед ардчилал, тэгш эрх чөлөө гэх мэт нийгмийн зүй ёсны шаардлагууд  сонгуулд төвлөрч зорилго ач холбогдол нь Итгэлээ илэрхийлэх эрх үүрэг болжээ.
 
Холбоос овогт Төмөрдөшийн Баярхүү