sonin.mn

2025 оны 5 сарын 30-наас 6 сарын 1-ний өдрүүдэд болж өнгөрсөн 22 дахь удаагийн Азийн аюулгүй байдлын Шангри-Ла диалогийн үеэр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсеттэй хийсэн шинжээчдийн ярилцлагад үндэслэн АНУ-ын Энэтхэг Номхон далайн бүсэд баримтлах шинэ стратегийн зорилго, бодлого, практик алхмуудад дүн шинжилгээ хийв.


Стратегийн зорилго ба үзэл баримтлал:


АНУ-ын гадаад бодлого, аюулгүй байдлын “тэргүүлэх чиглэл” нь Энэтхэг Номхон далайн бүс бөгөөд энэ нь Америкийн үндэсний ашиг сонирхолд нийцсэн, Хятадтай өрсөлдөх өргөн хүрээний геостратегийн зорилго юм. “America First, not America alone” буюу “Америк нэгдүгээрт, гэхдээ ганцаараа бус” гэх стратегийн томьёолол нь холбоотнууд болон түншүүдтэй харилцаагаа гүнзгийрүүлэх замаар бүс нутагт Хятадын стратегийн тэлэлтийг тэнцвэржүүлэх зорилгыг илтгэнэ. АНУ дараах үндсэн чиглэлүүдэд анхаарч байна. Үүнд:


1.Цэргийн хүчний байршлын стратегийн хуваарилалт:


  • АНУ нь хүчээ дахин байршуулах, Энэтхэг Номхон далайн бүсэд илүү их цэргийн нөөцийг төвлөрүүлэх зорилготой бөгөөд энэ нь бүс нутгийн түншүүддээ өгөх баталгааг бэхжүүлэхийн зэрэгцээ Хятадын эсрэг тодорхой стратегийн мессеж болно.
  • Тус улс Ойрх Дорнодын аюулгүй байдалд богино хугацааны цэргийн хүчийг хуваарилсан шийдвэрээ онцгой нөхцөл гэж тодорхойлж буй нь АНУ-ын бүс нутгийн стратегийн уян хатан байдлыг харуулж байна.


2.Кибер ба технологийн интеграцчлал:


  • Кибер хүчин чадлыг нэмэгдүүлэх нь АНУ-ын стратегийн анхаарлын төв болж, холбоотнуудтай кибер аюулгүй байдлын хамтын ажиллагааг идэвхжүүлж байна.
  • Хиймэл оюун ухааныг (AI) команд, хяналт, шуурхай шийдвэр гаргах үйл явцад чухалчлан авч үзэж байгаа нь АНУ-ын технологийн давуу байдлыг хадгалах урт хугацааны зорилгыг тодорхойллоо.


3.Түншлэл ба холбоотны харилцааг өргөжүүлэх стратеги:


  • АНУ уламжлалт холбоотнуудаас гадна уламжлалт бус холбоотнууд, хамтын ажиллагааны шинэ платформ (Quad, AUKUS)-ыг идэвхтэй хөгжүүлж, бүс нутгийн геополитикийн тэнцвэрийг хадгалахыг зорьж байна.
  • ASEAN-ийн төвийг сахих байр суурийг дэмжиж буйгаа илэрхийлсэн ч АНУ өөрийн стратегийн зорилгод нийцсэн илүү уян хатан, прагматик хандлагыг эрхэмлэх хандлага ажиглагдаж байна.


4.Эдийн засаг ба аюулгүй байдлын уялдаа холбоо:


  • АНУ-ын Батлан хамгаалахын сайд эдийн засгийн бодлогын асуудалд шууд хариулахаас зайлсхийсэн нь эдийн засгийн асуудлыг аюулгүй байдлын асуудлаас тусгаарлан авч үзэх хандлагатай байгааг илтгэнэ. Гэвч бодит байдал дээр эдийн засаг, аюулгүй байдал нь хоорондоо нягт холбоотой байгаа энэ бүс нутагт эдийн засгийн бодлого (татвар, тариф гэх мэт) бүс нутгийн харилцаанд шууд нөлөөлөх чухал хүчин зүйл болно.


5.Чухал эрдэс, түүхий эд ба ханган нийлүүлэлтийн стратеги:


  • АНУ Хятадын эрдэс баялгийн салбар дахь давамгай байдлыг стратегийн эрсдэл хэмээн үзэж, энэ асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх (“Operation Warp Speed”) шаардлагатай асуудал гэж харж байна. Энэ нь Хятадын стратегийн давуу талыг тэнцвэржүүлэх урт хугацааны стратегийн салшгүй хэсэг юм.


Дүгнэлт:


Батлан хамгаалахын сайд Пит Хегсетийн тайлбарлаж буй энэхүү стратеги нь АНУ-ын зүгээс Энэтхэг Номхон далайн бүс нутагт тодорхой, бодитой алхмуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бөгөөд энэ бүсэд Хятадтай өрсөлдөх АНУ-ын стратегийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон юм. Гэхдээ стратегийн уян хатан байдал, холбоотнуудтай харилцах прагматик харилцаа болон богино хугацааны шийдвэрүүдийн цогц байдал нь АНУ-ын цаашдын стратегийн нөхцөл байдалд чухал нөлөөтэй. Түүнчлэн АНУ-ын хэрэгжүүлэх дипломат, эдийн засгийн болон технологийн хүчин чадлыг нэгтгэсэн цогц бодлогоос Энэтхэг Номхон далайн бүс нутгийн геостратегийн тэнцвэр ихээхэн хамаарна.


Аюулгүй Байдал судлалын хүрээлэн бэлтгэв