sonin.mn

-Бэлэгийн гэрээгээр орон сууц авсан бол татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлнэ-

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, буцаан олголтын талаар Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Д.Болор-Эрдэнэтэй уулзаж тодрууллаа.

-Удахгүй татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхийг хүсэгчдийн материалыг хүлээн авч эхлэх нь. Анх удаа хувьдаа орон сууц худалдан байр авч байгаа болон хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хүн амын орлогын албан татвараас чөлөөлдөг. Энэ тухай тайлбарлаж өгөөч..?

-Хувь хүний орлогын албан татварын тухай хууль 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэн. ХХОАТТХ-ийн 16 дугаар зүйлийн 16.1.12-д “хувь хүн өөрийн орлогоор болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр анх удаа хувьдаа орон сууцны барилга барих эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлого”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6- д заасан “Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургуульд элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ”,

24.7- д “Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөд хамааруулна” эж хуулинд заасан. ХХОАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлүүлэхдээ татвар төлөгч иргэний тухайн жилийн орлогоос нь төлсөн татварыг нь хасч тооцдог.

-Үүнийг уншигчдад ойлгомжтой байлгах үүднээс жишээгээр тайлбарлахгүй юу?

-Жишээ нь 300.000 төгрөгийн цалинтай иргэн Бат орон сууц худалдан аваад чөлөөлөлтөд хамрагдсан гэж тооцъё. Батын үндсэн цалин 300.000 бол жилийн орлого нь 3 сая 600 мянган төгрөг болно гэсэн үг. Үүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд 10 хувийн шимтгэл төлнө гэхээр 360.000 төгрөгийг хасаад татвар ногдох орлого нь 3.240.000 төгрөг болно. Төлбөл зохих татвар нь 324.000 болно. Төлбөл зохих 324.000 мянган төгрөгөөс ХХОАТТХуулийн 24.1-д заасны дагуу 84.000 төгрөгийг хасч тооцоод 240.000 төгрөгийг буцаан авах тооцоолол гарч байгаа юм. Энэ нь нэг ёсондоо тухайн жилдээ төлсөн татвараа буцааж авч байна гэсэн үг. Хэрэв түүний жилийн орлого тогтмол 300.000 төгрөг байна гэвэл 9,3 жилийн хугацаанд чөлөөлөлтөө эдлэх тооцоо гарч байна.

-Энэ хөнгөлөлтөд хамрагдахын тулд ямар бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай байдаг вэ?

-Татварын албанаас гаргасан бүрдүүлэх материалын жагсаалтыг цахим хуудсанд байршуулсан байгаа. Тэдгээр баримт бичгийг бүрдүүлээд харъяа дүүргийнхээ татварын хэлтэст очиж, тайлангийн хамт өгөх ёстой. Тухайлбал: анх удаа орон сууцны чөлөөлөлтөд хамрагдаж байгаа татвар төлөгч иргэний тухайд:

I. Үл хөдлөххөрөнгийн газраас тухайн иргэнд олгосон байрны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
II. Иргэний банк болон санхүүгийн байгууллагатай хийсэн зээлийн гэрээ
III. Иргэн хэн нэгэн этгээдээс уг орон сууцыг худалдан авсан бол үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны хоёр хувийн албан татвар төлсөн баримт
IV. Хэрэв иргэн Бат дээрх орон сууцыг өөрийн хөрөнгөөр худалдаж авсан бол орон сууцыг худалдаж авсан буюу барьсан хөрөнгийг нотлох орлогын баримт
V. Ажлын газрын болон цалингийн тодорхойлолт
VI. Хөрөнгийн үнэлгээний тайлан
VII. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
VIII. Оршин суугаа газрын хорооны тодорхойлолт гэх мэт 12 нэр төрлийн баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай.

-Чөлөөлөлтөд хамрагдаж чадаагүй бол нөхөн олгох боломж бий юү?

-”Хувь хүний орлогын албан татварын тухай” хууль 2007 онд шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэн гэж өмнө нь хэлсэн. Тиймээс татвар төлөгч иргэн 2007 оноос хойш орон сууцаа худалдан аваад одоо хүртал чөлөөлөлтөд хамрагдаагүй бол тайлан гаргасан жилээс эхлэн чөлөөлөлтөд хамрагдах боломж үүснэ.

-Тэгвэл сургалтын төлбөрийг нөхөн олгож болох уу?

-Сургалтын төлбөрийг нөхөн олгох боломжгүй. Учир нь сургалтын төлбөрийг тухайн жилдээ л төлдөг учраас тэр жилдээ л хөнгөлөлтөд хамрагдах боломжтой.
-Иргэд татварын хөнгөлөлт,чөлөлөлтөд хэр хамрагдаж байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад ямар тоон үзүүлэлт гарч байна вэ?
-Хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Тухайлбал 2008 онд 21 мянга гаруй иргэнд дөрвөн тэрбум төгрөгийн буцаан олголт өгч байсан бол 2011 онд 2010 оны хөнгөлөлт, чөлөөлөлтийн тайлангаар гарсан 32 гаруй мянган иргэнд 9.4 тэрбум төгрөг олгоод байна.

-Иргэд орон сууц худалдан авсны буцаан олголтыг авах нь их байна уу. Эсвэл сургалтын төлбөрт үү?

-Жил бүрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлсэн судалгаанаас харахад орон сууцны чөлөөлөлтөд хамрагдаж байгаа иргэдийн тоо өндөр байдаг. Буцаан олголтоор авч байгаа мөнгө нь ч тэр хэрээр их байгаа.

-Байраа энэ жил худалдан авбал хэзээ хөнгөлөлтөд хамрагдах вэ?

-Орон сууцны чөлөөлөлтөд хамрагдах тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь дараа оны хоёрдугаар дугаар сарын 15-ны дотор гарсан байх шаардлагатай. Хэрэв хоёрдугаар сарын 15-наас хойш үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гарвал дараа жил чөлөөлөлтөд хамрагдах эрх нь нээлттэй гэсэн үг.

-Хүмүүс баримт бичгээ бүрдүүлэхдээ юунд дээр алддаг вэ?

-Татвар төлөгч иргэд баримт бичиг бүрдүүлэхдээ анхаарах зүйлс байдаг. Тухайлбал харилцдагбанк, дансныхаа дугаарыг өгөхдөе эхнэр нөхрийнхөө дансны дугаарыг өгсөн байдаг. Энэ тохиолдолд дахин данс залруулах асуудал гарч буцаан олголтын мөнгөө авах нь хойшлогддог. Иймээс чөлөөлөлтөд хамрагдах хүсэлтэй иргэн зөвхөн өөрийн нэр дээр байдаг харилцдаг банкны дансны дугаараа өгөх шаардлагатай.

-Хэрвээ бэлэглэлийн гэрээгээр орон сууц авсан бол хөнгөлөлт, чөлөелөлт эдлэх үү?

-Өнгөрсөн жилээс эхлэн бэлэглэлийн орлого хүлээн авах боломжтой болсон. Хуулинд татвар төлсний дараах орлогоор орон сууцны чөлөөлөлт болон сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах ёстой. Иймээс бэлэглэлийн орлого хүлээн авсан бол чөлөөлөлтөд хамрагдахдаа бэлэглэгч этгээдийн иргэний орлого татварын бүртгэлийгхавсаргах шаардлагатай. Хэрэв татвараа төлөлгүй бэлэглэвэл ХХОАТХХуулийн 9.1.3 заалтыг хэрэгжүүлнэ.

-Хонжвороор олсон хөрөнгииг чөлөөлтөд хамруулах уу?

-Хуульд хувь хүн нь өөрийн болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр гэж заасан байдаг. Хонжворын орлогоор байр худалдаж авсан тохиолдолд албан татварын чөлөөлөлт эдлэхгүй. Тухайн иргэний төлбөр татвар бооцоот тоглоом, эд мөнгений хонжворт сугалаагаар хожиж олсон орлого хөдөлмөр эрхлэлтийн болон аж ахуй бизнес эрхлэлтийн орлогод хамаарахгүй.

Б.Бэлгүүн
Эх сурвалж: “Бизнесийн мэдээ”