sonin.mn

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Ардын Намын удирдлагууд 1911 оны үндэсний хувьсгалын удирдагчийн нэг Монгол улсын гадаад харилцааны ууган сайд Эрдэнэ дайчин, хошой чин ван Мижиддоржийн Ханддоржийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

 

Харийн түрэмгийлэгчдийн дарлалд нухлагдсан хүнд үед эдүгээгийн туурга тусгаар Монгол орноо сэргээх эхлэлийг эх оронч нөхдийн хамт тавьж, нөр их үйл хэргийн ачааны хүндийг үүрсэн хүн бол М.Ханддорж байжээ. Тэрээр хүүгээ нөлөө бүхий том хүнийг дагалдуулан ном үзүүлэхээр явуулахад нь манжууд хүүг нь хороож толгойг нь хатаачихсан ирүүлэхэд ихэд хилэгнэн "Жагар түвдийн орноос ширээний лам залахгүй, Жанчхүүгийн даваанаас нааш шаахайны мөр гаргахгүй” гэж уурсаж байсан гэдэг.

1912-1913 оны заагаар манай төлөөлөгчдийг тэргүүлэн Хаант орос улсад очиж Монгол туургатныг нэгэн улс гэр болгохын төлөө улс төр дипломатын аргаар хүчин зүтгэсэн байдаг. Мөн түүний санаачилгаар 1912 оны гуравдугаар сард 47 сурагчидтай орчин цагийн анхны бага сургуулийг байгуулсан түүхтэй. Түүнчлэн орос улсаас хэвлэлийн машин, үсгийн хэв захиалан авчирч гадаад яамны дэргэд хорголжин барын жижиг хэвлэх үйлдвэр байгуулсан удаатай. Үүгээр манай улсад анх удаа тогтмол сонин, сэтгүүл хэвлэдэг болсон түүхтэй юм. М.Ханддорж анх Богд хаантай тохиролцон халхын дөрвөн аймаг, шавь тавыг уриалснаар Өндөр Жанрайсэгийн сүм, бурханыг 1911-1913 оны хооронд байгуулсан гавъяатай билээ.

Чин ван М.Ханддорж Улс үндсээ харийн дарлалаас чөлөөлөх үйл хэрэг, тулгар төрийн бодлого, үйл ажиллагаанд дайчин зоригтой байдал, ухаалаг чанар, сэтгэлийн хатамжаар үлгэр жишээ үзүүлж чадсан Чингис хааны удмын хат сайт төрийн түшээ байсан нь он цаг улирах тусам батлагдсаар байна.

Түүхэнд Монголын үе үеийн ноёд дээдсүүд эх оронч, эрэмгий зоригтой байсныхаа төлөө харийнхны гар хөлөөр хөнөөгдсөн байдаг. Чин ван М.Ханддорж ч мөн л зүй бусаар учир битүүлэг нас нөгчжээ. Тэрээр Монголынхоо төлөө амь нас, гэр бүл, үр хүүхдээрээ дэнчин тавьж, болохоос нь болохгүйд хүртэл зүтгэсэн цогт эх оронч билээ.