sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх зургаан саналыг Засгийн газарт хүргүүлсэн билээ. Уг саналын талаар Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга Ө.Шижирээс тодруулга авлаа.
 
-Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр өрх бүрт сая төгрөгийн тусламж олгох саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Тооцоо судалгаа хийсэн үү?
 
-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд коронавирусын тархалттай холбоотой эдийн засгийн нөхцөл байдлыг шийдвэрлэхээр албан бичиг хүргүүлсэн. Гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас болж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа 14 хоног зогсож, ажилчин, албан хаагчид нь орлогогүй болж байна. Бизнес  эрхлэгчид 11 сарын сүүлийн цалинг хэрхэн өгөх вэ гэдэг асуудал  бүрхэг байна.  
 
Өрхийн санхүү, аж ахуйд нэлээд хүндрэл учирч байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчөөс маш тодорхой зургаан саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн.  
 
-Санал хүргүүлэхдээ тооцоо хийсэн үү?
 
-Эдийн засгийн тооцоолол хийсэн. Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны дараа Ерөнхийлөгч Сангийн сайдыг дуудаж танилцуулах байх. 2019 оны 12 сарын 31-нд Ерөнхийлөгч Х.Баттулга тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж хэлэхэд мөн л ийм эргэлзээ үүсч байсан. Гэхдээ эдийн засгийн тооцоолол хийсэн байсан нь тодорхой болсон. Нийт 248 мянган иргэн 690 орчим тэрбумын тэтгэврийн зээлээ тэглүүлсэн. Үүнтэй адил уг саналыг боловсруулахдаа бид тооцоолсон. Улсын төсөв хэрхэн бүрддэг вэ гэдгийг маш энгийнээр ойлгоход аж ахуйн нэгжүүдийн татвар, шимтгэлээс бүрддэг шүү дээ. ААН-ын орлогыг иргэд бүрдүүлдэг. Тасралтгүй үргэлжлэх ёстой процесс нэг газартаа тасарвал эдийн засагт хүндрэл үүснэ. Тиймээс улсын төсвийн орлого бүрдэх үү, үгүй юу гэдэг асуудал үүснэ. Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс уг саналыг хүргүүлсэн юм.
 
-Манай улсад энэ саналыг хэрэгжүүлэх эдийн засгийн боломж байгаа юу?Ерөнхийлөгч ганцаараа улс төр хийгээд байгаа юм биш биз дээ?
 
-Ганцаарчилж, улс төр хийсэн зүйл байхгүй ээ. Өмнө нь албан бус байдлаар Ерөнхий сайд, Засгийн газарт танилцуулга хийсэн.
 
 
-Засгийн Газар  Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг дэмжээгүй гэсэн мэдээлэл байна. Одоо яах вэ?
 
-Албан ёсны мэдээллийг аваагүй байна. Хэрвээ Засгийн газар Ерөнхийлөгчийн гаргасан зургаан саналыг дэмжээгүй бол Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард суух байх. 
 
-Хэрэв Ерөнхийлөгчийн иргэдэд нэг сая төгрөгийн дэмжлэг өгөх санал дэмжигдвэл Ерөнхийлөгчийн хамаарал бүхий компаниуд ваучерт хамрагдана гэсэн шүүмжлэл байна?
 
-Энэ бол хуулийн зохицуулалттай. Хэрвээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан иргэдэд нэг сая төгрөг олгох саналыг Засгийн газар дэмжвэл уг хөтөлбөрт Ерөнхийлөгчийн хувьцаа эзэмшдэг болон хамаарал бүхий компаниудыг хамруулахгүй, Ерөнхийлөгчийн хамаарал бүхий хоёр, гурван үйлдвэр хасагдана.