sonin.mn
Өнөөдөр болсон БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны ээлжит хэвлэлийн хурал болох үеэр БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь Монгол улсад коронавирусын цар тахлыг дотооддоо алдсантай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тодруулбал тэрээр: "Хятад, Монгол хоёр орон уул усаараа залгаатай найрсаг хөрш юм. Халдвар гарснаас хойш хоёр тал халдварын эсрэг хамтдаа тэмцэж, идэвхтэй үр дүнд хүрч байсан. 
 
Хятадын Засгийн Газар Монголын талд яаралтай нуклейн хүчлийн шинжилгээний төхөөрөмж, урвалжуудын тусламж үзүүлэх шийдвэр гаргасан бөгөөд Монгол Улсын цар тахлын халдвартай тэмцэх ажилд цаашдаа ч дэмжлэг үзүүлнэ. Хятад улс Монгол улсад дэгдсэн цар тахлын халдварын нөхцөл байдалд анхаарал хандуулж, Монгол улстай нягт харилцаж, Монголын талын хүсэлтийг үндэслэн чадах чинээгээрээ дэмжлэг үзүүлэх болно.
 
Монгол улс Засгийн газрынхаа удирдлага дор халдварыг даван туулна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.