sonin.mn
ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хүчирхийллийг буруушааж байгаагаа дахин илэрхийлж, эвлэлдэн нэгдэхийг уриалсан боловч Төлөөлөгчдийн танхимаас өөрт нь импичмент зарлахыг дэмжсэн талаар тайлбар хийсэнгүй.
"Өнгөрсөн долоо хоногт бидний харсан хүчирхийллийг буруушааж байгаагаа хэлмээр байна. Олон хүний ​​хүчирхийлэл нь миний итгэдэг бүх зүйл, манай хөдөлгөөний баримталж буй бүх зүйлтэй зөрчилдөж байна" гэж тэрбээр дүрс бичлэгээр хийсэн мэдэгдэлдээ хэлжээ.
Трамп улс орны ашиг сонирхолд анхаарал хандуулах шаардлагатай байгааг цохон тэмдэглээд “агшин зуурын уур хилэнгээ дарж” эвлэлдэн нэгдэхийг америкчуудад уриалсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч мөн үг хэлэх эрх чөлөөнд урьд өмнө байгаагүйгээр халдсан тухай мэдэгдэв. Энэ нь нийгмийн сүлжээнүүд дэх түүний хаягуудыг хаасантай холбоотой бололтой. “Энэ бол хурцадмал, хүнд хэцүү цаг үе. Манай иргэдийг цензурдэх, “баллах”, хар жагсаалтад оруулах гэсэн оролдлогууд бүгд буруу бөгөөд аюултай” гэж тэрбээр хэлжээ. “Бие биеэ дуугүй болгохыг бус” “бие биеэ сонсохыг” Трамп иргэддээ уриалжээ.
Тэрбээр мөн Вашингтонд болон орон даяар шинээр эмх замбараагүй байдал үүсэж болзошгүй байгаа тухай мэдээллүүдтэй холбоотойгоор эмх журам сахиулахын тулд бүхий л нөөцөө ашиглахыг Холбооны улсын байгууллагуудад үүрэг болгосноо мэдээлжээ. ““Эрх мэдлийг аюулгүй шилжүүлэхийн тулд” Үндэсний гвардийн мянга мянган цэрэг Вашингтонд ирнэ” гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Үүнээс гадна, Капитолын ордонд саяхан болсон үймээн самуунд буруутай этгээдүүдэд хариуцлага тооцно гэж амлав.
Конгрессын Төлөөлөгчдийн танхим Трампыг эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан хэргээр импичмент зарлахыг дэмжсэн билээ. Тэрбээр хариуцлага алдсаных нь төлөө албан тушаалаас нь огцруулж, шүүхэд татах асуудалд холбогдсон АНУ-ын түүхэн дэх хоёр дахь Ерөнхийлөгч болж буй юм.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг