сонин mn
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даваа гарагийн /2021.01.18/ ээлжит хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэв.
 
Үүнд:
 
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хууль батлагдан хэрэгжсэнээр хүлээгдэж буй үр нөлөө,
Коронавируст халдварт /Ковид-19/ цар тахлын үед нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт бий болж буй асуудал, ажилгүйдэл, тэтгэвэр, тэтгэмжийн нөхцөл байдал, айл өрхийн амьжиргааны нөхцөл байдал, хоол хүнсний чанар, хүртээмжийн байдал,
Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төсөл,
Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн танилцуулга,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг асуудал багтсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажил олгогч талын эрхийг хэт хязгаарласан, нэг талыг барьж амьдралд хэрэгжих боломжгүй заалтууд орсон гэж үзэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага аваад байгаа. Хууль батлагдсанаар ажилтан, ажил олгогч хамтдаа хөгжин, бүтээмж нэмэгдэж ингэснээр хөдөлмөрийн маргаан багасах ёстой.
 
 
 
 
Гэтэл улирлын чанартай ажилтны гэрээг хугацаагүй байгуулах бөгөөд ажилгүй сул зогсох үед ажил олгогч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинг олгоно. Уул уурхайд буюу гэрээсээ хол, уртын ээлжээр ажилладаг хүмүүсийг 14 хоног ажиллуулж мөн тооны өдөр амраах, ажилтнаас барьцаа хөрөнгө авахыг хориглох, ажлаас халах үед дөрвөн сарын тэтгэмж олгоно гэх зэрэг нилээд хэдэн заалт байгаа. Энэ нь шинээр бизнесээ эхэлж, хөл дээрээ зогсоогүй компаниудад хүндрэл үүсгэнэ.
 
 
 
 
Ажилтан, ажил олгогчийн эрх тэнцвэртэй байх өнөөгийн нийгэмд зохицуулсан хууль батлах ёстой. Хуулийн өмнө төр хувийн хэвшил гэлтгүй тэгш байх зарчим алдагдахгүй байх ёстой гэсэн байр суурь илэрхийлэв.
 
ЭДИЙН ЗАСАГ ДОЛООН ХУВЬ АГШСАН Ч АЖИЛГҮЙДЭЛ БУУРСАНГҮЙ
 
Хуулийн төслөөс гадна Коронавируст халдварт /Ковид-19/ цар тахлын үед нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт бий болж буй асуудал, ажилгүйдэл, тэтгэвэр, тэтгэмжийн нөхцөл байдал, айл өрхийн амьжиргааны нөхцөл байдал, хоол хүнсний чанар, хүртээмжийн асуудлаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулга хийж, бүлгийн гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Цар тахлын хөл хорионы хугацаанд эдийн засаг ойролцоогоор долоон хувь агшаад байхад ажилгүйчүүдийн тоо буурсангүй, харин ч эсрэгээрээ ажилгүйдэл буурсан дүгнэлтийн талаар гишүүд тодруулав. УИХ-ын гишүүн Б.Бейсен хөдөлмөрийн чадвар алдагдалтын асуудал хүнсний хангамж, аюулгүй байдал, хүнсний талон эзнээ олж чадаж буй эсэхийг тодруулсан бол зарим гишүүд хөдөө аймагт ковидын шинжилгээ авах тоног төхөөрөмж дутагдалтай хэвээр байгаа асуудлыг мөн хөндөж, шийдвэрлэх арга хэмжээний талаар тодруулга авлаа.
Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг гишүүд дэмжсэн. Хуулийн төсөлд бүх арилжааны банкийг 2023 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд хувьцаат компани болгохоор зохицуулалт тусгасан. “Анод” банкыг хувьцаат компани болгоод дампуурсан жишээ саяхных хэвээрээ байна.
Ковидын цар тахлын үе тохиож эдийн засаг унаж байгаа нөхцөлд дээрх хугацаа цаг үеэ олсон уу. Тусгаар тогтносон улсад эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь үндэсний томоохон компаниуд байдаг. Гэтэл банкны хамгийн том хувьцаа эзэмшигч нийт хувьцааны 20 хувиас дээш эзэмших боломжгүй болгох нь хөрөнгө оруулагчаа шахсан, үндэсний компаниа зэрэмдэглэнэ. Биелэгдэхгүй хууль болох магадлалтай гэж гишүүд байр сууриа илэрхийллээ.
 
 
УИХ дахь АН-ын бүлэг