sonin.mn

Зүүн Хойд Азид байдал улам бүр түшүүртэй болжээ. Өмнөд хөрштэйгээ дайны байдалд буй Хойд Солонгос энэ удаа сансарт пуужин хөөргөхийн зэрэгцээ цөмийн бөмбөг дахин туршив. Үүгээрээ Хойд Солонгос нь цөмийн бөмбөг тээсэн пуужин өөрийн хүссэн улсруу хөөргөж чадна гэдгээ харуулсан ажээ. Уг нь үүнээс өмнө ядарч туйлдсан, өлөн зэлмүүн энэ орон ийм амжилтанд хүрнэ гэдэгт эргэлзэгчид цөөнгүй байсан юм. Гэтэл одоо тэд Хойд Солонгосын хүчин чадалд эргэлзэх хэрэггүй болж байгаа бололтой.

Харин энэ эгзэгтэй үед Солонгосын Хойгоос алсдуу орших нэг жижиг улс Хойд Солонгосын цөмийн зэвсгийн туршилтыг буруутган яаран сандран мэдэгдэл хийв. Энэ бол 2010 онд Хойд, Өмнөд Солонгос их буугаар харилцан буудаж, Солонгосын хойгт байдал нэн түгшүүртэй болох үед Өмнөд Солонгосыг дэмжин сүржин мэдэгдэл гаргаж байсан Монгол Улс юм.

Монгол Улс дээрх давтан мэдэгдлээрээ Хойд Солонгосын гол дайсан болох Өмнөд Солонгосын талд зогсож байна гэх сэтгэгдлийг илт төрүүлж байна. Нөгөө талаар, Төв Азид орших боловч дэлхийн хамгийн тогтворгүй, аюултай бүс нутаг Зүүн Хойд Азид нэгдэхээр үхэн хатан тэмүүлэх Монгол Улсын энэ байр суурь үнэндээ ихээхэн хачирхалтай, эрүүл бус ажээ.

Зүүн Хойд Ази улс төрийн хувьд чухам ямар бүс нутаг вэ гэдгийг өнгийн харвал үнэндээ дотор эвгүйцмээр билээ. Энэ бүс нутагт хоорондоо дайтахад бэлэн Хойд, Өмнөд Солонгосоос гадна эдийн засгийн гайхамшигт ололтынхоо үлэмж хэсгийг цэрэг зэвсгийн хүч болгон хувиргаж буй Хятад орон, хамгийн олон цөмийн пуужинтай хоёр гүрний нэг Орос, даруухан загнах боловч хэрэг дээрээ сансар, цөмийн технологийг дээд зэргээр эзэмшсэн Япон оршино. Тэд ирээдүйд тохиолдож магадгүй ширүүн үйл явдалд байнга бэлдсээр байна.

Гэтэл Зүүн Хойд Азийн талаарх бидний төсөөлөл бодол туйлын болхи бөгөөд өнгөц болох нь харагдаж байна.  Тухайлбал, Монголын нөлөө бүхий улс төрч, шилдэг нийтлэлч гэгдэх нэгэн Хойд Солонгосын коммунист дэглэмийг халахад Монгол л тусалж чадна гэж бичих ба түүгээр зогсохгүй Монголын зовлон жаргалаа хуваалцах ганц ах дүү үндэстэн нь солонгос гэж сурталчлах ажээ. Түүний бичиж хэлж буй зүйлст Хойд Солонгосын дэглэмийн мөн чанар болоод бүс нутгийн бодит байдал, хэрэв энх тайван эвдэгдвэл ямар гай гамшиг тарих вэ гэдэг ойлголт тун дулимаг ажээ.

Үнэндээ Зүүн Хойд Азийн нөхцөл байдлыг олон улсын судлаачдын нүдээр харвал бэрхшээл АНУ, Хятад зэрэг том гүрнүүдийн хүчний харьцаагаар шийдэгдэх хялбар зүйл бус, харин ч тус бүс нутагт өөрт буй түвэгтэй үзэгдэл ажээ. Энэ бүс нутгийн ард түмнүүдийн хооронд түүхээс улбаатай үл итгэлцэл, үзэн ядалт өнөөг хүртэл давамгайлж ирсэн ба ялангуяа сүүлийн үед гаарах болсон тэдний үндсэрхэг үзэл гал дээр тос нэмжээ. Тэдний хооронд газар нутгийн маргааны тун хүнд асуудал бий. Хятад Японтой, Япон нь Өмнөд Солонгос, Оростой газар нутгийн маргаантай ба тэд буулт хийх сонирхолгүй, харин зэр зэвсгээ шүүрэн өндөлзөх ажээ.

Одоо тэдэнд бодитой, ид тулгамдаад байгаа бүс нутгийн асуудал нь Хойд Солонгосын цөмийн зэвсэг юм. Энэ бэрхшээл ЗХУ бутарч, Европт коммунист дэглэм нурж унасны дараа бий болжээ. Үнэндээ 1990 онд хоёр Герман нэгдсэний дараа дэлхий нийт Хойд, Өмнөд Солонгосыг харж байлаа. Гэвч хоёр Солонгосын хувь заяа огт өөр замаар эргэсэн ажээ. Хойд Солонгосын удирдлага цөмийн зэвсэг бүтээх хөтөлбөрөөр хамгаалалт хийж өөрийн дэглэмийг хамгаалж тэсч үлдэж чадсан байна. Судлаачдын үзэж буйгаар Хойд Солонгос ойролцоогоор найман цөмийн бөмбөг хийх уран баяжуулаад байгаа ажээ.

Судлаач Е.Корнеллийн бичсэнээр Хойд Солонгосын дэглэмийн оршин тогтнох чадвар энэ үндэстний язгуур түүх, соёлын онцлогоос бас шалтгаалж байна. Хойд Солонгосын удирдагчдын улс орноо удирдаж буй арга зам, ааш авир, гадаад ертөнцөөс тусгаарлагдмал ард түмнийх нь сэтгэл зүй солонгос үндэстэнд нэвт шингэсэн эртний хятадын Күнзийн суртлын нөлөө ба гажуудсан Марксист, Леннист үзэл өвөрмөгцөөр хоорондоо хольцолдсоны үр дагавар ажээ.

Цаг хугацаа өнгөрөх тусам коммунист удирдагчдаа Күнзийн сургаалын дагуу бурханчлан шүтдэг өвөрмөгц энэ улсын цөмийн зэвсэг хөрш улсууд төдийгүй цорын ганц дэмжигч гэгдэх Хятадын хувьд амаргүй зүйл болж хувирч байна. Хятад Хойд Солонгос цөмийн зэвсгээр хөөцөлдөж байгаад тун таагүй ханддаг. Хэрэв өөрийн бөөрөнд буй энэ жижиг улс цөмийн зэвсэг үйлдвэрлээд байвал бусад хөрш Япон, Өмнөд Солонгос ч цөмийн зэвсэгтэй болох вий гэхээс болгоожилжээ.

Зарим судлаачид Хойд Солонгосын өнөөгийн дэглэмийг дэмжих, хэвээр хадгалах сонирхол Хятадад үнэхээр бий эсэхэд ч эргэлзэн асуулт тавих болсон ажээ. Харин Хойд Солонгосын удирдлагууд цаг нь тулахаар Хятад тэдэнд тусална гэдэгт бас эргэлздэг. Иймдээ ч тэд цөмийн зэвсгийн хөтөлбөрөө зогсоох Хятадын ятгалгыг эс хайхран эцсийн эцэст цөмийн зэвсэгт л найддаг болжээ. Иймээс судлаачдын хувьд Зүүн Хойд Азийн улс төрийн нөхцөл байдал парадоксыг бий болгосон бөгөөд ирээдүй нь тодорхой бус ажээ. Хямрал энхийн замаар, эсвэл маш муугаар төгсөж болно. Өөр нэг таамгаар энэ байдал үргэлжлэх гэнэ.

Харин судлаач А.Ланков Хойд Солонгосын дэглэм тайван замаар унана гэдэгт эргэлзэж байна. Хойд Солонгост сурч амьдарч байсан энэ судлаачын үзэж буйгаар, хэрэв өөрийн дэглэм улс орны дотоод асуудлаа шийдэж чадахгүй нуран унахад хүрвэл Хойд Солонгосын удирдагчид гадагш чиглэсэн үйл ажиллагаа явуулах магадлалтай ажээ. Эцсийн аргаа хэрэглэж байгаа хэрэг. Хэрэв Солонгосын Хойгт оч үсэрвэл төсөөлөхөд бэрх их гай гамшиг ирэх юм.  

Эцэст нь өгүүлэхэд Солонгосын Хойгийн талаар сүржин мэдэгдэл хийх Монголын Гадаад яам, улс төрчид болон солонгосчуудтай ах дүү бололцоё гэж бичих их мэдэгч нийтлэлч нараас хамаагүй илүү бодитой зүйлийг “Ийгл” телевизийн тоймч н.Гантулга “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байна билээ. Тэрээр Монгол Улс Солонгосоос улс төрийн хамааралтай болж болохгүй гэдгийг сануулсан ба үүгээрээ Зүүн Хойд Азийн үйл явдал нь саваагүй хүүхдийн тоглоом биш гэдгийг Монголчууддаа анхааруулжээ.

2013.02.15      

Ү.Очсүрэн