sonin.mn

Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиевын Украины ард түмэнд хандан “хэзээ ч бууж өгөлгүй тэмцэх”, “эзлэн түрэмгийллийг хүлээн зөвшөөрөхгүй” болон “нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах” талаар гаргасан уриалга нь Орос дахь зарим “Z-патриот” буюу цэргийн дэмжигчдийн уур бухимдлыг өдөөжээ.

Тэд Алиевын энэ мэдэгдлийг “Оросын эсрэг” хэмээн үзэж, Азербайжанд дайралт хийх заналхийллийг илэрхийлсэн байна. Оросын цэргийн чиглэлийн блогер Юрий Подоляка “Азербайжан өнөөдөр Оросын хувьд нөхөрсөг бус улс төдийгүй геополитикийн өрсөлдөгч болж хувирсан” гэжээ. Түүний бичсэнээр, Алиев “хүчирхийллийг өдөөх бодлого барьж байгаа” бөгөөд “түүнтэй зөвхөн хүчээр харьцах боломжтой” гэнэ.


Мөн бусад “Z-блогерууд” Азербайжаны нийслэл Бакуг НАТО-гийн салбар руу улам ойртох гэж байна хэмээн үзэж, Каспийн бүс нутаг цэрэг дайны шинэ талбар болох эрсдэлтэйг анхааруулжээ.


Оросын Батлан хамгаалах яаманд ойр байрладаг зарим сувгууд ч Алиевын байр суурийг Оросын эсрэг чиглэлээ илэрхийлсэн “анти-орос” бодлого гэж дүгнэсэн байна. Тэд 38 хүний аминд хүрсэн Азербайжаны агаарын тээврийн осол болон Екатеринбургт оршин суугч Азербайжаны диаспорынхны баривчилгааг Азербайжаны эрх баригчдын барууны болон Туркийн талд ойртоход нөлөөлсөн үндэслэл хэмээн тайлбарлажээ.


Улс төрийн шинжээчдийн дунд Азербайжаны зүгээс Украины талд “волонтер” нэрийн дор цэргийн хүч илгээж магадгүй гэсэн таамаг ч гарч байна.


Оросын Ерөнхийлөгчийн Хүний эрхийн зөвлөлийн гишүүн Кирилл Кабанов Азербайжанд чиглэсэн санхүүгийн урсгалыг шалгаж, Азербайжаны гаралтай олигархиуд болон диаспорыг улс төрийн нөлөөллөөс хасах шаардлага тавьж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Азербайжан болон түүний удирдлага “Оросын эсрэг хүчтэй байр суурь барьж, англичууд, туркуудын удирдлага дор ажиллаж байгаа” хэмээн тодорхойлсон юм.

Улс төрийн шинжээч Аббас Галлямов “Оросын ‘патриот’ нийгэмлэг аливаа логикгүй, дотоод хэтрүүлэлтийг гаргаж, Азербайжанд дайны заналхийлэл илгээх боллоо. Азербайжан Орос руу довтолсон зүйл үгүй, харин олон улсын шүүхэд хандаж, Украины нутаг дэвсгэрийг хамгаалах хэрэгтэй гэж үзсэн нь л гол шалтгаан” гэж шүүмжилжээ.


Х.Цэцэнноров


Эх сурвалж: https://www.moscowtimes.ru/