
БЕРЛИН, 2025 оны долоодугаар сарын 21 /DW/. Гитлерийн амь насанд халдах оролдлого гарснаас хойш 81 жил өнгөрч буйтай холбогдуулан Германы улс төр, нийгмийн зүтгэлтнүүд хүний эрх, ардчиллын үйл явц саарч сулрахын эсрэг тэмцэж, нацистуудын үйлдсэн гэмт хэргийг мартахгүй байхыг уриаллаа. Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус Бундесверийн шинэ цэргүүдийн тангараг өргөх ёслолын үеэр үг хэлэхдээ “долоодугаар сарын 20-ны өдөр бол шударга бусыг эсэргүүцсэн тэмцлийн бэлгэ тэмдэг, шударга ёс, хүнлэг ёсны бэлгэ тэмдэг болж байна” гэж онцлон дурдав.
Плетцензегийн хорих газар дахь дурсгалын цогцолборын дэргэд болсон ёслолын үеэр Германы Канцлер асан Вилли Брандтын хүү, зохиолч, жүжигчин Матиас Брандт үг хэлэхдээ, тус улсад эмгэнэлт түүхийн гашуун сургамжийг улам бүр мартсаар сануулжээ. Мөн Холбооны хуульзүйн сайд Стефани Хубиг хэлэхдээ, түүхийг давтахгүй байхыг уриаллаа.
Фашист дарангуйллын үед Плетцензегийн шоронд 2800 гаруй хүнийг хөнөөсөн байна. 1944 оны 8 дугаар сараас 1945 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд Гитлерийн амь насанд халдсан гэх үндэслэлээр шүүхээс ял авсан 89 хүнийг энд цаазалжээ. Германы Соёл урлаг, хэвлэл мэдээллийн сайд Вольфрам Ваймер үг хэлэхдээ Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчдын төрөл төрөгсдийн гүйцэтгэсэн үүргийг өндрөөр үнэлж, “иргэний чимээгүй эр зориг”-ийг нь онцлон дурдлаа.
Сануулан дурдахад, 81 жилийн өмнө буюу 1944 оны долоодугаар сарын 20-ны өдөр Дорнод Прусс дахь Гитлерийн “Чонын үүр” гэдэг командлалын байранд хүчтэй дэлбэрэлт болсон боловч “фюрер” азаар амьд үлджээ. Энэ бол түүний амийг хөнөөх анхны оролдлого биш байсан боловч сайтар зохион байгуулсан халдлага байв.
Оролдлого бүтэлгүйтсэнээр түүнд оролцсон олон зуун хүн цаазлуулжээ. Жил бүрийн энэ өдөр Берлин хотноо Эсэргүүцлийн хөдөлгөөний баатрууд болох эдгээр хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөдөг. Хурандаа Клаус Шенк фон Штауффенберг бол уг ажиллагааг толгойлж, Гитлерийн өргөөнд тэсрэх төхөөрөмжийг авч орсон хүн юм.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл2
Орос ард түмэнд өгч байгаа нэг бас мecceж юм даа.Нэг тэнэг хүнээс болж ард түмэн нь зовдог.
Энэ валкири ажиллагаа гэгч нь гитлерийг унагааж төрийн эргэлт хийсэний дараа хүчээ дахин хуваарилалт хийж шинэ давшилтад бэлтгэж оросын эсрэг загалмайтны аян дайныг эхлүүлэх явдал байсан.Энэ төлөвлөгөөг оросын тагнуулчид олж мэдэж ажиллагааг амжилтгүй болгож хуйвалдагчид үхэл рүү илгээсэн.