sonin.mn

Барилгын компаниуд ханшаа буулгахаас өөр аргагүй байдалд орж буй гэж сонссон. Энэ нь арилжааны банкууд барилгын санхүүжилтийн зээл олгохоо больж байгаатай холбоотой аж. Тиймээс барилгын компаниуд орон сууцаа зарж, эргэлтийн мөнгө олох гэж оролдоно. Үүний тулд ханшаа буулгах ёстой. Зах зээлийн зарчим уг нь ийм баймаар. Гэхдээ том толгойтой, их зантай барилгынхан зах зээлийн зарчмыг баримталж байгаа болов уу.

Энэ талаар мэдээлэл авахаар «100 мянган айлын орон сууц» хөтөлбөрийн жагсаалтад багтсан барилгын компаниудтай холбогдож, орон сууцны үнийг /метр. кв/ сонирхлоо.

Үүнд:
-«Тайгам Алтай» компанийн «Олимп» хотхонд орон сууцны нэг метр/кв нь 1.5-1.95 сая, «Алтай» хотхон 1.2-1.75 сая төгрөг

-«Алтан дөл» компанийн «Алтан орд өргөө» 1.48 сая төгрөг
-«Гурван билэг» ХХК- ийн 90 айлын орон сууц 1.75 сая төгрөг
-«Инэл» ХХК-ийн «Нарлаг Монгол» хотхон 1.4-1.5 сая төгрөг
-«Баян зориг» ХХК-ийн 345 айлын орон сууц 1.5- 1.55 сая төгрөг
-«Гэзэгийн худаг» ХХК- ийн «100 айл» хотхон / барилгын ажил нь зогссон, захиалга авахгүй байгаа/
-«Пума» ХХК-ийн «Пума Яармаг» хотхон 1.5 сая төгрөг
-«Шинэ эхлэл Түм» ХХК-ийн «Түмэн ганжир»
хотхон /баригдаж эхлээгүй, захиалга авахгүй/
-«Ганбат Өргөө» ХХК- ийн 1.4-1.45 сая төгрөг
-«Дако» ХХК-ийн «Дако» хотхон 1.55 сая төгрөг
-«Түмэн наст» констракшны «Түмэн наст» хотхон 1.55-1.6 сая төгрөг
-«Делта» констракшны «Кореа Таун-I» хотхон 1.6 сая төгрөг
-«Тайж» констракшны «Тайж Таун» хотхон 1.8 сая төгрөг
-«Блү Драгон» ХХК-ийн «АРТ-11», «АРТ-12» орон сууц 1.8 сая төгрөг
-«Хөх хайрхан Трейд» ХХК-ийн 20 айлын орон сууц 1.2 сая төгрөг

«100 мянган айлын орон сууц» хөтөлбөрийн жагсаалтад багтсан барилгын компаниудын үнийн байдал нэг иймэрхүү. Банкуудын хэлээд буй шиг орон сууцны нэг метр/кв талбайн үнэ буурсан нь үгүй ч бас өсөөгүй байгаа аж.

Гэхдээ саяхныг хүртэл барилгын компаниуд үнэ өсөх шалтгааныг зах зээлийн цэвэр зарчим мэтээр тайлбарлаж байсан ч үнэндээ банкууд их хэмжээний санхүүжилтийн зээл гаргаж, тэднийг «тэтгэж» байсан болохоор тэгж загнасан бололтой.

Хамгийн гол нь ОССК болон ЗТБХБЯ ямар шалгуураар эдгээр компанид хөтөлбөрт орох эрх олгосон нь сонирхолтой. Уг нь «100 мянган айлын орог сууц» хөтөлбөрт хамрагдаж, жилийн зургаан хувийн хүүтэй зээлээр байр худалдан авах гэж буй иргэд 50 хувиас дээш гүйцэтгэлтэй барилгаас сонголт хийсэн байх ёстой гэж журамд заасан. Гэтэл жагсаалтад багтсан оон сууцуудын дийлэнхийнх нь барилгын ажил талдаа ч ороогүй байгаа аж. Ер нь барилгын компаниудад энэ хөтөлбөрт орох сонирхол ихээхэн бий. Тиймээс л энэ жагсаалтад учир дутагдал багагүй байгаа юм.

Түүнээс гадна банкууд санхүүжилтээ татсанаас хойш цөөнгүй барилгын ажил зогсоход хүрсэн байна. Тухайлбал, дээр нэр нь гарсан компаниудаас «Гэзэгийн худаг» компанийн барилгын ажил зогсож, захиалга авахаа зогсоосон бол «Шинэ эхлэл Түм» компанийн барилгын ажил эхэлээ ч үгүй байж хөтөлбөрийн жагсаалтад багтсан байв. Мөн ихэнх нь 2013 оны II улирлаас хойш ашиглалтад орно гэж байсан. Жагсаалтын учир дутагдал нэг иймэрхүү. Харин үнийн хувьд иргэдэд бага зэрэг хүлээхэд гэмгүй гэж зөвлөмөөр байна.

Учир нь орон сууцны үнэ хоёр сарын өмнөхөөс дунджаар 100 мянган төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байгаа нь цаашид ч буурах магадлал өндөр байгааг харуулж байна. Орон сууцны компаниудын хувьд үнэ буурна гэх мэдээллийг олон нийтэд хүргэх тун дургүй. Аль болох «Цаашид өссөөр байна» гэх ойлголтыг өгөх гэж хичээнэ.

Засгийн газраас даварсан компаниудын үнэ хөөрөгдөж буйг цэгцлэхийн тулд жишиг үнэ хүртэл зарлах тухай ярьж байсан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, ЗТБХБЯ хамтран барилгын материал, ажиллах хүчний хөлс, зах зээлийн үнэлгээ зэргийг харьцуулсан өргөн хэмжээний судалгаа хийхэд орон сууцны үнэ 990 мянгаас 1.1 сая төгрөг байхад компаниуд дажгүй ашиг олох боломжтой гэдэг нь илэрхий болсон.

Одоогоос хоёр сарын өмнө гарсан энэхүү яриаг барилгын компаниуд эрс эсэргүүцэж «Даварсан Засгийн газар урдах ажлаа л хийвэл барав. Хувийн хэвшил юу хийх нь тэдэнд огтхон ч хамаагүй. Юуны чинь ханш бууруулах. Чадахгүй. Энэ чинь зах зээл. Ойлгохгүй байгаа бол тайлбарлаад өгье» гэхчлэн томорч, үүнийгээ ил тод зарлаж байв. Харин одоо тэд хүссэн ч, эс хүссэн ч үнэ буурах нь тодорхой болсон тул орон сууц авахаар судалж байгаа хүмүүс харзнахад илүүдэхгүй л болов уу.

Г.Амартүвшин

Эх сурвалж: "Өглөөний сонин"