sonin.mn
Монголын үндэсний олимпын хорооноос “Токио-2020” олимпын эргэн тойронд болж буй үйл явдлын талаар мэдээлснийг хүргэе.
 
● Японы парламентын шинэ чуулганы үеэр Ерөнхий сайд Ё.Суга хойшлогдсон олимпын наадмыг заавал зохион байгуулах түүхэн үүрэгтэй гэдгээ дурдаад, цар тахлыг хяналтдаа авч, фронтын тэргүүн шугамд ард түмнийхээ хамт зүтгэх болно гэдгээ мэдэгдэв.
● “Токио-2020 олимп руу урагшилдгаараа л урагшилна” гэж түрүүчийн долоо хоногт мэдэгдсэн Японы Захиргаа, шинэтгэлийн сайд Т.Коно хурц байдлыг даван туулах Вакцин эрхэлсэн сайдаар томилогдов. Ирэх сарын сүүлчээр Японд вакцинжуулалт эхлэх юм.
● “Токио-2020” олимпыг зохион бай­гуулагчид нь баг тамирчдыг тухайн тэмцээн болохоос тав хоногийн өмнө олимпын тосгонд нэвтрэхийг зөвшөөрч, тэмцээн дууссаны дараа хоёр хоногийн дотор тосгоноос нэн даруй гарах хатуу дүрэм баримтлахаа мэдэгдээд байна.
● ОУОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд удаа дараа ялагдсан, Дэд ерөнхийлөгч асан Канадын Д.Паунд, Австралийн К.Госпер нар “Токио-2020” наадмыг цуцлагдах магадлал өндөр бөгөөд 206 орны эрх ашиг хөндөгдөх тул НҮБ-ын оролцоо их чухал талаар дуу дуугаа авалцан мэдэгджээ.
● Гэтэл Английн сэлүүрт завины олимпын дөрвөн удаагийн аварга, ОУОХ-ны гишүүн асан М.Пинсент “Токио-2020” олимпыг шууд 2024 он руу шилжүүлж, “Парис-2024”-ийг 2028 онд, Лос-Анжелесын олимпыг бүр 2032 онд “цааш нь гүйлгэн зохиох” тэс ондоо, этгээд хувилбарыг санал болгов.
● ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хурлаар дээрх асуудлыг нухацтай хэлэлцэнэ. Хамгийн гол нь ирэх гуравдугаар сарын сүүлчээр Японы Засгийн газар олимпын талаар ямар шийдвэр гаргахаас бүх зүйл шалтгаалах юм.
● Гэхдээ дэлхийн бүх орны тамирчид “Олимп болдгоороо болно, олимпын медаль авдгаараа авна” гэсэн өөдрөг сэтгэлээр бүгд бэлтгэлээ хийж байна.
 
Сагсан бөмбөгийн 3Ч3 төрөлд “Токио-2020” олимпын эрх авсан Монголын эмэгтэй тамирчид. Тэд Монголын сагсан бөмбөгийн спортын түүхэнд анх удаа олимпын эрх хүртсэн юм.
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин