sonin.mn
Монголын бокс төдийгүй дэлхийн боксын ертөнцөд өөрийнхөө орон зай, ур чадварыг мэдрүүлсэн өнөө цагийн шилдэг тамирчдын нэг нь яах аргагүй Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар билээ. Сонирхогчдын боксыг орхиж буйгаа зарлан мэргэжлийн рингэнд хүч үзэхээр хойд хөршийг зорьсон тэрбээр саяхан болж өндөрлөсөн УАШТ-д оролцсон нь олон хүнийг гайхашруулсан, бас баярлуулсан. Магадгүй түүний эрч хүчтэй тулааныг үзэхийг хүсдэг фэнүүд нь баярласан байх. Тэр ч утгаараа Э.Цэндбаатарын тоглолтыг харах гэж бокс сонирхогчид Бөхийн өргөөг дүүргэсэн ч байж мэднэ. Ямартай ч тэр сонирхогчдын бокстоо эргэн иржээ. Түүний зорилго дутуугаа гүйцээж, олимпын медальтан, цаашлаад аварга болох. Энэ зорилгынхоо төлөө тууштай байхаа илэрхийлсэн Гавьяат тамирчин Э.ЦЭНДБААТАРТАЙ ярилцлаа. 
 
-Хэдхэн хоногийн өмнө улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Таны хувьд хагас шигшээ тулаанд ялагдсан. Зорилго­доо хараахан хүрч чадсангүй юү?
 
-Юуны түрүүнд маш сайхан тэмцээн зохион байгуулсан Монголын боксын холбооныхоо хамт олонд баярлалаа гэж хэлье. 
Зохион байгуулалт сайтай, гоё тэмцээн болсон. Зорилгодоо хүрэлгүй яах вэ. Яагаад гэж та гайхаж магадгүй. Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно гэдэг нь миний зорилго байлаа. Сонирхогчдын бокстоо дахин тоглох болсондоо баяртай байна. Хамт олонтойгоо бэлтгэлээ хийх үнэхээр сайхан байна. Хүн л юм чинь ялж, ялагдах үе байлгүй яах вэ. Тэр чухал биш. Улсын аваргад түрүүлж үзсэн, мөнгө, хүрэл медаль ч авч л явлаа. Тэмцээн нэгээр дуусахгүй. Удахгүй Монголын бүх ард түмний спартакиад бий. Энэ бол манай боксчдын нэг сорил байх болно. Түрүүлж чадвал Хятадын Ханжоу хотод зохион байгуулах Азийн наадамд оролцоно. 2024 он хүртэл сонирхогчдын боксоороо дагнана. 
 
-Нэгэн цагт жингийнхээ ах нартай тулалдаж байсан бол одоо дүү нартайгаа хүч үзэх боллоо. Боксын ертөнцөд хөл тавьсан залуучуудын гар хэр чанга байна вэ. Тэдний ур чадвар ямар санагдав?
 
-Би өрсөлдөгч нараа залуу тамирчин гэж дутуу үнэлж явсангүй. Бидний залгамж халаа болсон дүү нар үнэхээр сайн байна. Тэдний тулааныг үзэхэд урамтай. Тэдэнтэй тулалдахад сэтгэл өөдрөг байна. Ялагдсан ч харамсах зүйл байхгүй. Ер нь залуучууд илт сайжирчээ. Би нэг л зүйлийг хэлье, дүү нартаа. Нэгэнт эхлүүлсэн бол битгий шантраарай. Тамирчин хүн ялж, ялагддаг хорвоо. Эцсийг нь үзээрэй. Боломжгүй зүйл гэж үгүй. Боломжтой болтол нь өөрөө хичээгээрэй. Өдөр бүр бэлтгэлээ хий, бүү тасал. Зорилго, мөрөөдлөө томоор хар. 
 
-Та сонирхогчдын бок­соор дахин тоглохгүй. Энэ мөчөөс эхлэн мэргэжлийн бокст хүчээ сорино гээд ОХУ-ыг зорьж байсан. Яагаад бодол санаа тань өөрчлөгдөв. Гаргасан шийдвэрээ буцаахад юу нөлөөлсөн бэ?
 
-Бүр багаасаа бокс тоглосон. Сонирхогч, мэргэжлийн боксын ялгаа байхгүй. Нэг нь олимпын хөтөлбөрт багтдаг, нөгөөх нь мэргэжлийн статустай. Адилхан л хөдөлмөрлөнө, бэлтгэл хийнэ, рингэнд гарна. Хүмүүс намайг янз бүрээр л хэлдэг юм. Тэр надад нэг их сонин биш. 16 жил энэ спортод өөрийгөө зориуллаа. Хайртай, дуртай спортоороо хичээллэж, тэндээсээ таашаал авна гэдэг чинь өөрөө сайхан шүү дээ. Би энэ спортод хайртай учраас сонирхогчдын бокст эргэн ирсэн. Би өөрийнхөөрөө л байна. Тиймээс улсын аваргад орсондоо баярлаж байгаа. Медаль сонин биш. 
 
-АНУ руу мэргэжлийн бокст тулалдахаар явах гэж байгаа тухай сонссон. Энэ хэр бодит яриа вэ?
 
-Зургадугаар сард нэг тулаан бий.
 
Ер нь бол амьдралаа бодсон ч, карьераа бодсон ч явмаар л байна. Монголд амьдрахад улам бүр л хэцүү болж байгааг бид мэдэрч байна. Ямар сайндаа залуус жагсаал хийх вэ дээ. Би ч гэсэн тэдний нэг болж дуу хоолойгоо өргөсөн, жагссан. Айл гэр авч яваа өрхийн тэргүүн, аав хүний хувьд өдрөөс өдөрт бараа таваарын үнэ өсөхөөс эхлээд авч байгаа цалин нь хүрэлцээ муутай хэцүү л байна. Тиймээс АНУ-ыг зорино. Зардал мөнгөө өөрөө гаргана. 
 
 
-Цэндбаатар гэдэг хүн боксоор хичээллэж эхэлснээс хойш шантарч үзэв үү?
 
-Шантрах үе зөндөө л байсан. Ер нь бол тэмцээн бүрийн өмнө шантардаг байлаа. Бүгдийг хаяад зугтмаар санагдана. Жин хасах үнэхээр хэцүү. Гурав, дөрөв хоног хоолгүй, долоо хоног ус уухгүй явна гэдэг хүнд шүү дээ. Ингээд ирэхээр “Яах гэж энэ спортыг сонгож, өөрийгөө зовоож байгаа юм бэ. Яршиг, бүхнийг орхиод явъя” гэх бодол толгойд олон удаа  орж ирсэн. Гэхдээ даваад л гарсан. Энэ бүхэнд тэвчээр л хэрэгтэй. Өчүүхэн тэвчээрийн цаана маш том амжилт хүлээж байдаг. Тэвчсэний эцэст санасан, зорьсон амжилтдаа хүрэх шиг сайхан зүйл, жаргал гэж үгүй. Аварга болсны дараа хүссэнээ идэх чинь бас нэг төрлийн таашаал юм билээ. Энэ үед өнөөх шантрал ор тас алга болж байгаа юм. Бас урам зоригтойгоор дараагийн алхмаа хийнэ. Аялал үргэлжилнэ. Шантрах бүрдээ тэвчээд, даваад л гарсан даа. 
 
-Та юунаас таашаал авдаг вэ?
 
-Төрийн дууллаас. Аварга болоод төрийн дууллаа сонсох нь маш гоё таашаал өгдөг.  
 
-Азийн наадамд түрүүллээ, дэлхийн аваргаас медаль авсан. Тэгэхээр медалийн цуглуулгад тань олимпынх л алга байх шив?
 
-Тийм ээ, тийм болохоор л би эргэн ирсэн. Азид гурав түрүүллээ. Ер нь боксын тэмцээнээс авч үзээгүй медаль байхгүй. Ганц л медаль дутуу байна. Тэр нь олимпынх. Хоёр удаа олимпын наадмын хүрэл медалиас атгаад алдлаа шүү дээ. Олимпод орно гэдэг  амаргүй даваа. Сорилоос шалгарч, эрхээ авахын тулд бүхнээ зориулна. Надад аз дутсан. Бэлтгэлээ тохируулж чадаагүй учраас олимпын медалиас мултарсан. Түүнээс биш ялагдлаа хэн нэгэнд тохмооргүй байна. Өөртөө л гомддог. Гэхдээ Парист боломжоо тултал ашиглана гэж бодож байгаа. Дутуугаа гүйцээж, эргээд харамсахгүйн тулд би сонирхогчдын бокстоо эргэн ирсэн юм шүү. Миний боксын спортоор үзүүлсэн амжилтыг эх орон минь үнэлж Гавьяат тамирчин болголоо, ард түмэн намайг хайрлаж байна. Энэ бүхнийг би олимпоос медаль авч хариулах хүсэлтэй. Бүх зүйл дууссаны дараа эргээд харахад харамсахгүй баймаар байна. Өнөөдрийн Цэндбаатарыг бий болгосон хүмүүстээ баярлалаа. 
 
-Мэргэжлийн бокс тоглоно гээд хань ижил, үр хүүхдээ орхиод явах хэцүү байсан уу?
 
-Тэр мэдээж. Би төсөөлдөг байлаа. Өөрийнхөө дуртай аян дээр, мэргэжлийн боксын нөмрөгийг нөмрөөд, Монголоо, өөрийнхөө нэрийг зарлуулж байна гэж. Тэр төсөөлөл биелсэн. Дөрвөн удаа рингэнд гарахдаа бүгдэд нь яллаа. Хүсэл мөрөөдөлдөө тууштай байвал биелнэ гэдгийг би биеэрээ мэдэрч байна. Миний төсөөлөл, мөрөөдөл бүхэн минь биелсэн. Хүн зөвхөн мөрөөдөөд суух биш түүнийхээ төлөө уйгагүй тэмцэх ёстой. Тэгвэл хэзээ нэгэн цагт үр дүнд хүрнэ. Гэхдээ мэргэжлийн боксын хамгийн оргил нь АНУ юм. Яг үнэндээ ОХУ-ын мэргэжлийн тулааны ертөнц жижиг юм билээ. Хамгийн том шоуны ертөнц АНУ учраас тийшээ л явах зорилготой. “Сэрүүн” группийн Булгантамир ахтайгаа хамтарч байна. АНУ-руу холбоо тогтоосон, Булгаа ах миний менежер. 
 
-Мэргэжлийн бокст хүчээ сориход ивээн тэтгэгчийн дэмжлэг маш их хэрэг болдог. Та ивээн тэтгэгчтэй юү?
 
-Одоогоор алга. Мэдээж хамтарч ажиллах сонирхолтой хүмүүст нээлттэй. Санхүүгийн асуудлаа шийдчихвэл АНУ руу виз асуудалгүй. Боломж гарахыг нь хүлээж, Спортын төв ордонд өдөр тутмын бэлтгэлээ хийгээд явж байна. Боломжийг ч, амжилтаа ч алдахгүй. Нэгэн хэмд барьсаар байгаад карьераа дуусгана. Би өнөөдөр 25 настай. 35 нас хүртлээ рингэн дээрээ хүч үзнэ дээ. 
 
-35 нас гэснээс Мөнх-Эрдэнэ гавьяат 40-тэйдөө улсын аваргаас мөнгөн медаль хүртлээ. Хамт боксоор хичээллэж яваа хүний хувьд юу хэлэх вэ?
 
-Зүгээр л гайхамшиг. Тэр хүн бол бидний толь юм. Амьд домог байхгүй юу. Чадаж байна. Форм, мэдрэмж өндөр. Мөнх-Эрдэнэ ахыг шүтэхгүй байхын арга алга. Зан чанар, тууштай байдал гээд бүх талаараа тэр өнөөгийн боксчдод зөв үлгэр дуурайл болж чадаж байна. Би бол Мөөгий ахыг шүтдэг. Энэ хүн бидэнтэй бэлтгэл хийнэ гэдэг аз. Бидэнд маш их туршлага болно. Хийж буй хөдөлгөөн бүрийг нь ажиглаж, өөртөө нааж авах хэрэгтэй. 
 
-Цэндээгийн сэтгэл зүй хэр вэ. Сэтгэл зүйчтэй ажилладаг уу?
 
-2017 онд тамирчдын байрнаас гарч яваад осолд орсон. Тэр үед эмнэлэгт хэн ч биш болоод байж байхдаа нэг зүйлийн тухай бодлоо. Намайг янз бүрээр хэлж, элдвээр доромжилж, гутаадаг хүмүүсийн ярихыг огт тоодоггүй. Би өөрийн гэсэн ертөнцтэй. Аав, ээжтэй, ханьтай, ханьдаа хайртай. Миний гэрэл гэгээ болсон хоёр охин минь байна. Энэ гэр бүл, аз жаргал байгаа цагт бусдын юу ярих надад хамаагүй. Би энэ хүмүүсийн төлөө л амьдарна. Тиймээс сошиалын болон хүмүүсийн явган яриа, хов живийг тоох шаардлагагүй. 
 
-Рингэнд гарахдаа юу боддог вэ?
 
-Юу ч боддоггүй. Сайхан тулалдаад л буудаг. Бодох шаардлагагүй. Чаддаг зүйлээ л хийнэ. 16 жил боксоор хичээллэхдээ тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө л тоглож ирсэн. Аливааг тоодоггүй учраас сэтгэл зүй талдаа гайгүй гэж боддог. 
 
-Та дотроо хадгалж байгаа зүйлээ хэнтэй хуваалцдаг юм бол?
 
-Яг үнэндээ дотроо л хадгалдаг. Өөртэйгөө сайтар ярилцана, бодно. Би ямар хүн болохын тулд боксын спортоор хичээллэж байна вэ гэдгээ маш их боддог. Ер нь хэн нэгэнтэй дотоод бодлоо хуваалцах дургүй. Найзын үнэ цэн ямар вэ гэдгийг өнгөрсөн хугацаанд хангалттай мэдэрлээ. Мундаг амжилттай явахад мянган найз байсан. Нэг алдаа гаргахад хүмүүс яаж нүүрээ буруулдаг болохыг би мэднэ, мэддэг болсон. Амжилт гаргах бүрд хүмүүс магтан сайшаана, тойрон хүрээлнэ. Харин ганц л алдаа гаргахад маш богино хугацаанд түлхэж, дэвсэлж чаддаг. Тиймээс гэр бүлдээ л илүү их цаг гаргаж, анхаардаг болсон доо. Хоёр охиныхоо, сайхан ханийнхаа төлөө л амьдаръя. 
 
-Танд боксын спорт юу өгөв?
 
-Тэвчээрийг суулгасан, сургасан. Ямар ч зүйлийг шүд зуугаад тэвчих ёстой юм байна гэдгийг хангалттай ухаарч, мэдэрлээ. Өмнө нь тэвчээргүйгээс болж асуудалд ордог байж. Намайг өдсөн хүмүүст тэр дор нь хариу барьдаг. Харин өнөөдөр би тэвчээртэй болжээ. Тайван болсон байна. Боксоор хичээллэсний ачаар хүмүүсийг таньж чаддаг болж. Хэн нь хэн бэ гэдгийг ялгаж, салгадаг болсон. Сонирхогчдын боксоор ч, мэргэжлийнхээр ч тэр. Хаа хүртэл явж чадах, эцсийн амжилт аль хүрээд зогсохыг би хармаар байна. Тэр цагт л боксоо орхино доо. 
 
-Рингэн дээр гарахад юугаараа та давуу вэ?
 
-Нойр сайтай. Рингэнд гарахын өмнө элдэв бодолд автдаггүй. Тоглолтынхоо тухай бодохгүй сайхан амарч байгаад л рингэнд гараад тулалдана. Шантраад байдаггүй, өөрөөрөө байж чадна. Ер нь миний эргэн тойрны хүмүүс намайг мэднэ, дүгнээд хэлчих байх. 
 
-16 жил бокс тоглохдоо хэнд хамгийн түрүүнд баярлалаа гэж хэлэхийг хүсдэг вэ?
 
-Мэдээж багш, хань, гэр бүлдээ баярлаж байна. Мөн ах нартаа баярлаж явдаг. Алдаад явж байхад “Миний дүү...” гээд босгож ирсэн ахдаа баярлалаа. Эба, Гантулга, Сүлдээ ах нартаа баярлаж явах ёстой. Надад ихийг ойлгуулж өгдөг тэдэндээ маш их баярлаж явдаг шүү.
 
 
 
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин