sonin.mn
ҮБХИС-ийн Спорт сургалтын төвд Зэвсэгт хүчний 2023 оны гардан тулааны аварга шалгаруулах тэмцээний 85 кг жингийн алтан медалийн төлөөх тоглолт явагдаж байв. Үзэгчид болон тамирчид дэлхийн хошой аваргын тоглолтыг чих, нүд тавин чимээгүй үзэж, зарим үед уухайлан алга таших нь түүний өрсөлдөгчөө “хайрлаж” тулалдаж байгаатай нь холбоотой ажээ. Энэ бол тулааны спортын дэлхийн хошой аварга, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн гардан тулааны багш, ОУХМ, дэслэгч Болдбаатарын Наадамын тамирчин хүний зангаргатай үзүүштэй тоглолтод нь үзэгчид сэтгэл хангалуун байгааг илтгэнэ. 
 
Дэслэгч Б.Наадам Зэвсэгт хүчний 2023 оны гардан тулааны аварга шалгаруулах тэмцээний 85 кг жинд ийнхүү алтан медаль авснаар 8 дахь удаагаа аваргаар тодорч, өөрийн жиндээ нэгэнт дархлагдав бололтой. 
 
Тоглолтын тухай сэтгэгдлийг сонирхоход “Тулаан гэдэг гэмтэл бэртэл учруулах эрсдэлтэй спорт. Миний хувьд мөрдэс нэгт нөхөдтэйгөө тулалдахдаа өөрийгөө "асааж" тоглохоос татгалздаг. Яагаад гэхээр аль аль нь гэмтэж бэртэх эрсдэл өндөр байдаг учраас зөөлөн чанараар “хайрлаж” тоглохыг эрмэлздэг. Зэвсэгт хүчинд алба хааж эхэлсэн 2011 оноос хойш энэ спортоор дагнан хичээллэж байна. Тулааны спортоор амжилт гаргаж, хичээллэх урам зоригийг өгсөн хүмүүс бол хурандаа Б.Дамба, хурандаа Д.Цог-Эрдэнэ багш.  Би заримдаа боддог. Өнөөдөр Зэвсэгт хүчинд гардан тулаанаар хичээллэдэг залуус жилээс жилд нэмэгдэж, тэр хэмжээгээрээ өрсөлдөөн ширүүн болж байна.
 
Миний жинд гэхэд 38 тамирчин, 60 кг жинд бүр 60 гаруй цэргийн алба хаагч байх жишээтэй. Тэгэхэд ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийнхан зөвхөн нэг жинд 30-60 хүн бүртгүүлэхэд цааргалж, ажлаас зугтаалгүйгээр бүгдэд нь тулалдах боломж олгодогт нь баярладаг.
 
Түүнээс нэг жинд ийм олон хүн оролцуулж, зохион байгуулдаг тэмцээн манайхаас өөр хаана ч байхгүй. Энэ бол бэлтгэл сургалтаа базааж, цаг заваа гаргасан тамирчдаа бодсон хэрэг” гэв. Дэслэгч Б.Наадам 2011-2023 онуудад Зэвсэгт хүчний гардан тулааны аваргад эхний жилүүдэд 80, сүүлийн жилүүдэд 85 кг жинд тулалдаж, тасралтгүй 8 удаа түрүүлж, улсын аварга болон тив дэлхийн уралдаанаас тэргүүлсэн нь ч тун олон.  Олон улс, тив дэлхийд эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлж хүртсэн медаль нь гэхэд 10 гаруй гээд бод доо. Нэг жиндээ амжилтаа удаан тогтоон барих нь тамирчин бүрт амаргүй байдаг ч байнгын бэлтгэл сургалт, туршлага нь үүнд “тусалж” байдгийг тэр онцолсон. Түүний цаашдын зорилго холимог тулаанаар дэлхийд гарч, гардан тулаанаар хичээллэх цэргийн алба хаагчдад дэмжлэг үзүүлж, амжилтынх нь төлөө хамтдаа зүтгэх гэнэ лээ.
 
 
Ахмад Д.Болор
Эх сурвалу: "Соёмбо" сонин