sonin.mn
Монголын явган алхалтын холбооны гишүүд нь эрүүл мэндээ хамгаалж, хөдөлгөөний хомсдолоос сэргийлж, найз нөхөрлөлийн хүрээгээ тэлж, байгаль дэлхийгээ танин мэдэж, хайрлах үзэл санааг түгээдэг нийгмийн идэвхтэй хүмүүс ажээ. Нийгмийн янз бүрийн салбарт ажилладаг иргэд ийнхүү нэгдэж, хамтдаа нийгмийн сайн сайхны төлөө тодорхой хувь нэмрийг оруулсаар байна.
 
Тухайлбал, номын хандивын аяныг өрнүүлж, хэрэгцээ шаардлагатай газар нь хүргэхийн зэрэгцээ байгаль орчноо хамгаалах, хог хаягдлыг цэвэрлэх, мөн цусаа бэлэглэх үзэл санааны алхалтыг хийж, алхагчид цусаа өгөх үйл ажиллагааг зохион байгуулсаар байна.
 
Тэгвэл 2023.03.23-ны өдөр Монголын явган алхалтын холбоо, салбар байгууллага, явган алхалтын Хобби, Уран жим клубын гишүүд хамтдаа Д.Сүхбааатарын талбайгаас БЗД-ийн Цусны төв хүртэл 3 км-ийн алхалтыг хийж, иргэдэд цусны донор болохыг уриалан алхацгаав. Тус өдөр 17 явган алхагч цусаа хандивлаж, тус бүр 3 хүний амь насыг аврах үнэ цэнтэй үйлсэд нэгдлээ. Мөн түүнчлэн тодорхой шалтгааны улмаас одоогоор цусаа бэлэглэх боломжгүй олон явган алхагчид хамтдаа алхаж, буянтай үйлсэд нэгдсэн юм. Түүнчлэн явган алхагч У.Байгальтуул гэртээ халуун амттай аарц буцалган ирж, цусаа өгсөн алхагч нарыгаа дайлж, 65-с дээш настай ахмад алхагчид сошиал орчинд цусаа өгөхийг уриалсан пост, контентуудыг түгээж байлаа.
 
Бидний хэнд ч хэзээ нэгэн өдөр цусны хэрэгцээ гарч болзошгүй байдаг тул цусны доноруудын үйлсийг түгээн дэлгэрүүлж, сэтгэл зүрхээрээ, чадвал биеэрээ оролцож байхыг уриалж байна. Монгол улсад цусны донорын үйлсийг түгээн дэлгэрүүлж, хүмүүнлэг энэрэнгүй нийгмийг хамтдаа бүтээцгээе.