sonin.mn
Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн МАБ-ын офицер, дэслэгч Э.Эрдэнэцэцэгийг энэ удаагийн дугаартаа онцолж байна.
 
Юуны өмнө танд удахгүй тохиох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе.  
 
-Баярлалаа. Зэвсэгт хүчнээрээ овоглогдож, эл салбарт мөр зэрэгцэн алба хааж байгаа нийт охид бүсгүйчүүддээ Мартын 8-ны баярын мэндийг дэвшүүлье. Манай гэр бүлийн хувьд энэхүү баярыг нэлээд эрхэмлэдэг л дээ. Яагаад гэхээр аав ээж минь дөрвөн охин төрүүлж өсгөсөн болохоор тэр юм болов уу. Ээжийг бас охидоо баярлуулах гээд л аав минь их хичээнэ ээ. Жил бүр гэнэтийн бэлэгтэй байж чаддаг нь хайр хүрэм. 
 
Таван бүсгүй ертөнцийн дунд байгаа хүн аргагүй дээ... 
 
-Харин тийм ээ. Одоо тэгээд охид нь бүгдээрээ тусдаа гарчихсан болохоор утсаар л мэнд хүргэдэг болсон. Миний багаас л манай гэр бүлд Мартын-8 хэмээх өдөр их л хөл хөөртэй өнгөрдөг байснаа эргэн санахад сайхан байна шүү.    
 
Таныг саяхан зохион байгуулагдсан Улаанбаатар хотын аварга шалгаруулах бодибилдингийн тэмцээний тайзнаа өрсөлдөж байхыг хараад эрхгүй бахархаж суулаа. Хэзээнээс энэ спортоор хичээллэсэн юм бэ? 
 
-Баярлалаа. Эрүүл амьдралын үндэс нь яах аргагүй дасгал хөдөлгөөн шүү дээ. Тиймээс эрүүл чийрэг, өв тэгш бие бялдрыг эрхэмлэж 2016 оноос фитнесээр хичээллэж эхэлсэн. Тухайн үедээ тууштай байж бодибилдингийн тамирчин болно, тэмцээн уралдаанд орно гэж огт бодоогүй. Илүүдэл жин, хөдөлгөөний дутагдлаас ангижирч, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийхийг л зорьж байлаа. Харин явцын дунд нэгэнт л хөлсөө урсгаж, цаг хугацаа зарцуулж байгаа юм чинь яагаад илүү том зорилго тавьж, өшөө илүү хөдөлмөрлөж, өөрийнхөө хэмжээнд хүрч чадах ямар амжилт байна түүнд тэмүүлсэн тамирчин байж болохгүй гэж гэсэн итгэл үнэмшил төрсөн. Тэгээд л сонирхогчийн эгнээнээс тамирчны эгнээнд шилжиж анх удаа Улаанбаатар хотын аварга шалгаруулах “Бодибилдинг фитнесийн ирээдүйн мистерүүд” тэмцээнд хүч сорьсон гэх үү дээ. 
 
Хэчнээн тамирчинтай өрсөлдөж ямар амжилт үзүүлэв? 
 
-Бикини модель -163 см-ын ангилалд нийт 200 гаруй тамирчин оролцсон юм.  Миний хувьд финалын шат хүртэл амжилттай өрсөлдөн шилдэг аравт үлдэж, улсын аваргын тэмцээнд оролцох эрх авч чадсан. Мэдээж аливаа тэмцээн уралдаанд оролцож байгаа ямар ч тамирчин түрүүлнэ л гэсэн зорилготой байдаг шүү дээ. Өөртөө итгэх итгэл, өөрийгөө ялан дийлсэн асар их хүч тэгээд бас нууцхан догдлол, битүүхэн айдсаар тэмцээний салхийг хагалж шилдэг аравт багтах хүртлээ яваад финалын шатнаас хасагдах үнэхээр харамсалтай байсан. Дуслуулсан хөлс, зарцуулсан цаг хугацаагаа бодож өөрийн эрхгүй баахан уйлсан, эргээд бодсон чинь ичмээр ч юм шиг. (инээв). 
Харамсаж биш харин ч баярлаж уйлахаар амжилт үзүүлжээ. 
 
 
Анхны тэмцээн гэхэд шүү дээ...
 
-Тийм ээ, маш их туршлага хуримтлуулсан. Мөн зүсэм талх, балга ус, дусал хөлсний үнэ цэнийг илүүтэй мэдэрсэн, өөртөө нэгэн шинэ түүхийг бүтээсэн, өшөө том амжилт үзүүлэх үүдээ нээсэн болохоор сэтгэл хангалуун байна. Ийм чамгүй амжилтад хүрч, Улсын аваргын тэмцээнд оролцох эрх авахад, бэлтгэл сургуулилтаа базаах нөхцөл боломжийг минь бүрдүүлсэн Зэвсэгт хүчний 120 дугаар ангийнхаа удирдлага, хамт олондоо юуны өмнө баярлаж, талархаж байгаагаа хэлмээр байна. 
 
Дасгал хөдөлгөөнийг чухалчилж фитнесээр хичээллэх нэг хэрэг. Харин тамирчны хувьд тэмцээн уралдаанд бэлтгэж тууштай хичээллэнэ гэдэг тийм ч амар даваа биш бололтой юм билээ? 
 
-Яг тийм. Бодибилдингийн тамирчин байхын тулд асар их хүч хөдөлмөр зориулж, асар их хөлс дуслуулж, цаг хугацаа зарцуулж, тэвчээр заадаг. Ер нь зөвхөн бодибилдинг, фитнес гэлтгүй аль ч спорт тухайн тамирчнаас яг л адилхан ийм зүйлийг шаарддаг. Яагаад гэхээр энэ бүхнээс тамирчны амжилт хамаардаг. 
 
Шантарч няцах үе байсан уу? 
 
-Байлгүй яах вэ, би яг юуны төлөө өөрийгөө ингэж зовоож байгаа юм бэ гэж өөрөөсөө асуух үе ч байлаа. Хүссэн зүйлээ идэж ууж чадахгүй, бүр хэдэн өдрөөр ус ч уухгүй, давс ч үгүй тахианы цээж махаар хооллохоор өөрийн эрхгүй ийм бодол төрдөг юм билээ. Хэдий тийм ч эцсийн зорилгоо л умартаж болохгүй гэж гүрийнэ, өөртэйгөө тэмцэнэ дээ. Бас гоо сайхан бие галбирын төлөө явж, нүцгэн биеэ гайхуулаад л байгаа мэтээр өнгөц хардаг, энэ спортын онцлогийг төдийлөн ойлгодоггүй хүмүүс урам хугалмаар. Гэхдээ би түүнийг огт тоодоггүй. “Аргагүй л цэргийн хүн шиг яс юм аа” гэх багш дасгалжуулагчдын маань үг илүү ташуур болдог.   
 
Ер нь гэр бүл, найз нөхөд нь хэр дэмждэг вэ?  
 
-Гэр бүлийнхэн, ялангуяа аав ээж, эгч нар маань маш сайн дэмжиж тусалдаг. Миний аав, ээж эгэл жирийн малчид. Дөрвөн охиноо зорилготой, түүндээ хүрэхийн тулд хэзээ ч цуцашгүй байхад сурган хүмүүжүүлсэн. Өөрсдөө ч бас тэр чанараараа үргэлж үлгэрлэдэг. Ер нь ямар ч зорилгогүй, идэвхгүй байх нь амьдралын мөн чанарыг утгагүй болгох нь гарцаагүй шүү дээ. 
 
Фитнесээр хичээллэхийг зорьж байгаа ч юм уу, магадгүй таны ярилцлагыг уншаад энэ спортыг сонирхох охид, бүсгүйчүүд байхыг үгүйсгэхгүй. Тэдэнд юу гэж зөвлөх вэ?  
 
-Би хувьдаа фитнесийг эрүүл мэнд, гоо сайхны спорт гэж ойлгодог. Бас урлаг ч гэж болохоор. Хамгийн гол өгөгдөл нь эрүүл чийрэг, өв тэгш бие бялдрыг цогцлоодог нь гайхалтай. Харин тогтмол зөв хичээллэх нь чухал. Ер нь хичээллээд эхлэхэд сайхан даа. Хөдөлгөөний дутагдал, хэт таргалалтаас сэргийлнэ, стресс тайлагдана, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх шинэ хоббитой болно, шинэ орчныг мэдэрч, найзуудын хүрээллээ тэлнэ гээд л ач холбогдол олон бий.  
 
Одоо хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Ингэхэд та аль нутгийн бүсгүй вэ, Зэвсэгт хүчинтэй хэрхэн холбогдов? 
 
-Би Дорнод аймгийн Баянтүмэн сумынх. Аймгийнхаа МСҮТ-ийг 2009 онд барилгын дотоод засал чимэглэлчин мэргэжлээр төгссөн. Тэгээд хотод ирээд “Гексаэдр клауд” ХХК-д нярваар 2015 оныг хүртэл ажиллаад 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Зэвсэгт хүчний 353 дугаар ангид планшетчин уншигчаар ажилд орж, цэргийн хүн болох гараагаа эхэлсэн юм. Хотод ирснийхээ дараахан сонирхолдоо хөтлөгдөн Хилийн цэргийн 0151 дүгээр ангид Радио телеграфчны курс төгссөн маань маш их хэрэг болсон.
 
Сонгон шалгаруулалтад орж, шалгалтдаа шууд л тэнцсэн. Ер нь яагаад ч юм надад цэргийн хүн болох битүүхэн хүсэл сонирхол байсаар л байсан. Дүрэмт хувцсаа цэмбийтэл өмсчхөөд тэвхийтэл алхаж яваа цэргийн хүн ямар сүрлэг гоё билээ. Яг л тэдэн шиг дүрэмт хувцастайгаар өөрийгөө төсөөлдөг байв. Гэхдээ яаж цэргийн хүн болохоо төдийлөн мэдэхгүй байсан. Ямартаа л Радио телеграфчны курс төгсөх вэ дээ. Тэгээд нэг өдөр ерөөсөө л бичиг баримтаа бүрдүүлээд, Зэвсэгт хүчинд ажиллах хүсэл сонирхолтой талаараа өргөдөл бичээд ЗХЖШ-ын Хүний нөөцөд өгөөд үзье гэдэг шийдэлд хүрсэн маань өнөөдрийн эхлэлийг тавьсан хэрэг.  Ажиллах явцдаа ҮБХИС-д эчнээгээр суралцаж, 2022 онд цэргийн инженер мэргэжлээр төгссөн.  
 
Хүсэж дурласан дүрэмт хувцсаа хэр хугацааны дараа өмсөв? 
 
-Ажилд ороод найман сарын дараа ЗХЖШ-ын даргын тушаалаар дэд ахлагч цол зүүн ахлагчийн эгнээнд элсэн, мөрөөдөж байсан дүрэмт хувцсаа өмссөн. Эхэндээ хаашаа ч байсан дүрэмт хувцастайгаа л яваад баймаар санагддаг юм билээ. (инээв) Бас НҮБ-ын эвийн цэнхэр далбаанд нэгдэж, энх тайвны бэлгэ тэмдэг болсон цэнхэр дуулга агсах хүсэл мөрөөдөл маань ч биелсэнд сэтгэл үнэхээр хангалуун байдаг.
 
Зэвсэгт хүчинд алба хаагаагүй бол хилийн чанадад үүрэг гүйцэтгэж, энхийг сахиулагч гэгдэх эгэл алдрыг хүртэх боломж бидэнд олдохгүй шүү дээ. Тиймээс цэргийн хүн болох, цэнхэр дуулга агсах, эчнээгээр суралцаж мэдлэг боловсролоо ахиулах, фитнесээр хичээллэж тэмцээн уралдаанд оролцох гээд л хүсэж тэмүүлсэн бүхнийг минь дэмжиж, тусалдаг Зэвсэгт хүчний 353, 326, 120 дугаар ангийнхаа удирдлага, хамт олонд чин сэтгэлээсээ баярлаж талархдагаа уламжилъя. Мэдээж энэ бүхний хариуд би анги салбарынхаа, Зэвсэгт хүчнийхээ, цаашлаад эх орныхоо нэр хүндийг өндөрт гаргасан сайн тамирчин байхыг хичээнэ.    
 
Энхийг сахиулах ажиллагаанд мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэсний хувьд таныг мэдэх юм. Аливаад махруу, хичээнгүй, тэвчээр хатуужилтай манлайлагч бүсгүйчүүдийн нэг байсан нь бахархмаар шүү... 
 
-Баярлалаа. Ажиллагааны өмнөх бэлтгэл, ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэх, тэр тусмаа хайртай дотнынхон, эх орноосоо бүтэн нэг жилийн хугацаанд алсад байна гэдэг тийм ч амар зүйл биш гэдэгтэй санал зөрөх хүн үгүй биз ээ. Нөгөө л зорилготой байх, түүндээ ухарч няцалгүйгээр хүрэх ёстой гэсэн аав ээжийн минь үлгэрлэл, бидэнд төлөвшүүлсэн хүмүүжил нөлөөлсөн юм болов уу. Бас хэзээ ч сул дорой байдаггүй монгол хүний онцлог, аливаад дасан зохицох чадвараар монгол цэргүүд бүгд л манлайлагч байж чаддаг.  
 
Эх орныхоо үнэ цэнийг харийн нутагт илүүтэй мэдэрсэн байх тийм үү? 
 
-Тэгэлгүй яах вэ. Цаг агаар, уур амьсгал, орчин нөхцөл, амьжиргааны түвшин, аж байдал гээд л үнэхээр хүнд хэцүү газар очихоороо хүн эх орныхоо үнэ цэнийг илүүтэй мэдэрдэг нь маргахгүй үнэн. Нүүдэлчин удмаа залгамжлан, уудам тал нутагтаа тааваар амьдардаг малчны гэрт төрж өссөнөө их хувь заяа гэдгийг эрхгүй ойлгосон. 
 
Таны үнэт зүйл юу вэ? 
 
-Монгол хүн болж төрсөн их хувь заяа минь, эх орон минь миний үнэт зүйл. Тэгээд мэдээж ийм хувь тавиланг надад эрхшээсэн аав, ээж минь хамгаас үнэтэй. 
 
Тэгвэл бахархал тань? 
 
-Олон аав, ээжийн охид хөвгүүдтэй мөр зэрэгцэн Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин хэмээх хийморьлог салбарт алба хааж байгаа минь миний бахархал. Фитнесээр хичээллэж, тэмцээний бэлтгэлээ базаах зэргээр цуцалгүй зүтгэж байгааг хараад багш нар маань цэргийн хүн арай л өөр юм гэж магтдаг. Тэр бүрийд бахархал минь илүүтэй батаждаг. Ер нь энгийн хүмүүс цэргийнхнийг хэлсэн ярьсандаа байдаг, цаг хугацаагаа ягштал баримталдаг, аливаа хүнд бэрхийн өмнө тийм ч амархан сөхөрчихдөггүй, тэвчээр хатуужилтай зэргээр олон сайхан чанарыг агуулдаг гэж ойлгодог юм билээ. Тиймээс би энэ үнэлэмжийг, цэргийн хүний нэр хүндийг унагачихгүй юм сан гэж их хичээдэг. Мөн хаана ч явсан үг үйлдэл, хэл яриагаа хянаж, олны дунд биеэ зөв авч явахыг, цэвэрч нямбай байхыг эрмэлздэг. Эрдэнэцэцэг гэхээсээ илүү Зэвсэгт хүчний алба хаагч л гэж нийт масс хардаг тул тэгэхээс ч өөр аргагүй. Цэргийн алба хаагч болгон ийм зарчимтай байгаасай гэж бас боддог, уриалдаг.  
 
Таны цаашдын зорилгын талаар тодотгоод яриагаа өндөрлөе... 
 
-Залуу хүний хувьд зорилго мөрөөдөл олон бий. Ямартай ч фитнесийн спортоороо насан туршдаа хичээллэнэ. Тиймээс ойрын зорилго гэвэл бодибилдингийн Улсын аваргын болон Азийн аваргын тэмцээнд оролцоно. Цаашид ДАШТ-д хүч сорихыг хүсдэг.  
 
Цаг гарган ярилцсанд баярлалаа. Танд улам их амжилтыг хүсье. 
 
 
Хошууч Д.Мэндбаяр
Эх сурвалж: "Соёмбо" сонин