sonin.mn
Сонгодог бүжгийн хаад, хатдыг бэлтгэж урлагийн их тайзнаа гаргаж, алдрын оргил руу хөтөлсөн энэ эрхмийг зарим хүн эчнээ танихаас бус тэр бүр зүс үзэж байгаагүй биз.
 
Учир нь Монгол Улсын гавьяат багш, Монголын бүжгийн спортын холбооны дэд ерөнхийлөгч, бүжигчин Ч.Жаргалсайхан тэр бүр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч, олны өмнө гардаггүй нэгэн. Тиймээс арван настайгаасаа 39 жилийг бүжгийн урлагт зориулсан түүнээс асуух асуулт ар араасаа цуварсаар байлаа.
 
 
-Юуны өмнө танд намрын налгар сайхан өдрийн мэнд хүргэе. Намар цаг хаа сайгүй ажил "буцалж" байдаг улирал. Та ч бас нэлээд завгүй байгаа бололтой?
 
-Тэгэлгүй яах вэ. Энэ жилийн хувьд сонин ихтэй байна. Яагаад гэвэл би 36 жил багшилсан Монголын хүүхдийн ордноос өрх тусгаарлаж, "Авьяас" төв нэртэйг төрийн бус байгууллага байгуулах танхимаа засч ,байна.
 
 
-"Авьяас" төв цаашид ямар үйл ажиллагаа явуулах вэ?
 
, -Бүжгийн бүх төрлөөр сургалт явуулна. Үүнээс гадна хүүхдийн нас онцлогт зориулсан "Шувуухай", "Өвлөн бүжицгээе" зэрэг уралдаан тэмцээн зохион байгуулж, бүжгийн клубүүдтэй хамтран ажиллан байна.
 
 
-Хүн төрөлхтний их соёлын хамгийн агуу нь хэл яриа. Хүмүүс бүжгийг ч бас өөрийн гэсэн хэлтэй гэлцдэг?
 
-Бүжигийг хүн бүр хийгээд байдаггүй, нарийн урлаг. Хэл яриагүй ч үйл хөдөлгөөнөөрөө утга санаа илэрхийлдэг нандин урлаг учраас бүжгээр дагнасан мэргэжлийн хүмүүс л үүнийг заах ёстой. Хүмүүс ихэнхдээ бүжиг энгийн өдөр тутмын яриа хэлбэрээр заадаг.
 
Тэгвэл би ном журмынх нь дагуу мэргэжлийн үг хэллэгийг нь ашиглаж, нэр томъёо нь хэлж хичээл заадаг. Мөн ямар хөгжмийн аянд, ямар хэмнэлээр бүжиг хийхийг нь нарийн сургадаг. Хүүхдийн эрүүл мэнд, анатом, бие бялдарт тохируулсан нарийн сургалт явуулснаар хүүхдийн хөгжил, сэтгэхүйд нөлөөлдөг.
 
 
-Гэтэл бүх хүн бүжгийн хэлийг ойлгодоггүй шүү дээ. Ойлгохын тулд яах ёстой вэ?
 
-Багш хүн бүжгээр өөрийгөө илэрхийлж, өөрөө хийж үзүүлэхээр хүүхдүүд дагаж хийнэ. Хамгийн гол нь багш өөрөө хичээлээ удирдаж, бүгдийг хийх ёстой. Ямар ч багшгүйгээр бүжгээр хичээллэх гэвэл хүүхэд өөрөө их эвдэрдэг. Учир нь бүжгийг хүний бүх анатомд тохируулж заадаг. Тиймээс маш нарийн заах ёстой.
 
 
-Хүүхдүүд гоё сайхан галбир, хөдөлгөөний эвсэлтэй болохын тулд бүжгээр хичээллэдэг. Үүнээс хамаагүй агуу хүч бүжгэнд байдгийг тэр бүр мэддэггүй байх?
 
-Бүжгээр хичээллэсэн хүн эрч хүч, энерги сайтай байдаг. Яагаад гэвэл бүжиг гэдэг нарийн урлагт суралцахад хүний бүх анатом, тархи хүртэл ажилладаг. Тэр олон хөдөлгөөнийг цээжлэхээс гадна биеэрээ илэрхийлж, цаашлаад тайзны урлагт шилжинэ. Энэ бүхэн бүжгийн анхан шатны тавилтаас үүсдэг. Тиймээс анхан шатны тавилтыг сайн хийх хэрэгтэй.
 
 
-Багш, шавь хоёр бие биенээ алдаршуулдаг гэдэг. Таны олон шавь алдрын оргилд хүрсэн. Харин та өөрөө ямагт хөшигний ард үлддэг. Тиймээс таныг нэлээд нууцлагдмал хүн юм уу гэсэн бодол төрдөг ?
 
-Багш хүн тийм байх ёстой. Урд нь түрүүлж гарахдаа биш шавь нар амжилтад хүрнэ, хэдий чинээ гоё болно. Ард нь байгаа багш төдий чинээ алдаршдаг. Тэгэхээр би өөрөө тодрохдоо биш миний хүүхдүүд тодрох ёстой гэж боддог. Хүүхдүүд тодрох юм бол би ажлаа сайн хийж байна гэсэн үг.
 
 
-Энэ даруу зан эцэг, эхийн тань өвлүүлсэн хүмүүжил үү?
 
-Тийм ч байж магадгүй. Гэхдээ хүмүүс өөр өөрийнхөөрөө л ойлгодог.
 
 
-Тэгвэл бүжгийн урлаг танд ямар хүмүүжил олгосон бэ?
 
- Их сонин тохиолдлоор бүжгийн урлагт хөл тавьсан. Арван настайдаа Сэлбийн пеонерын зусланд амарсан юм. Тэр үед хүүхдүүд зусланд их амардаг байлаа. Сүүлийн үед л харин зусланд амрах нь харьцангуй цөөрчихөж.
 
Тэгээд амарч байтал оросын мэргэжилтэн багш, Хөгжим бүжгийн дунд сургуулийн захирлын хамт гурван хүн ирж арван настай бүх хүүхдийг шалгасан. Бид урлагийн зааланд шалгуулж байхдаа ямар учиртайг нь ч мэдээгүй.
 
Гэтэл энэ нь Ленинградын бүжгийн сургуульд монголоос арван настай хүүхэд шалгаруулж авах шалгалт байсан юмсанж. Тэр шалгалтад би 300-гаад хүүхдээс ганцаараа тэнцсэн.
 
Тэр гурван багш намайг Улаанбаатарт авчирж гэрийнхэнтэй маань уулзтал аав, ээж хоёр маань "Ийм жаахан хүүхэд ганцаараа хүний газар явах хэцүү" гээд явуулаагүй юм.
 
Гэтэл тэр намар нь Хөгжим бүжгийн дунд сургуульд "Хүүхэд авна" гэхээр нь би аав, ээж хоёроосоо зөрсөөр байгаад бичиж шалгуулсан. Тэр шалгалтад тэнцсэнээр сонгодог бүжгийн ангид орсон. Бүжиг надад маш их зүйл өгсөн.
 
 
-Шавь нар тань урлагт анх хөл тавихаар зориглож, тантай танилцаж байсан мөчөө нандигнан дурсаж ярихыг олонтаа сонссон. Таныг зориод ирж байгаа хүүхдийг хүлээж авах анхны сэтгэгдэл ямар байдаг бол?
 
-Би өөрийгөө бүжигчин болно гэж боддог байлаа. Сургуулиа төгсөөд Дуурь бүжгийн эрдмийн театрт орох гэтэл Ленинградад суралцаж ирсэн хүүхдүүдийг авсан байсан. Харин дотоодын бүтээгдэхүүнүүд хөдөө орон нутаг руу хуваарилсан. Би Ардын дуу бүжгийн чуулгад хэдэн сар ажиллаад, Дархан руу томилогдсон.
 
Тэнд ажиллаж байхдаа "Хүүхдийн ордонд бүжгийн багш авна" гэдгийг санамсаргүй сонсож ажилд орсон. Одоогийн Урлан бүтээх төв тэр үед Хүүхдийн ордон байсан юм. 1994 онд Хүүхдийн ордон шинээр байгуулагдахад дагаад л ирсэн. Би бүжигт гомддоггүй. Харин ч энэ ажилдаа их дуртай, хайртай.
 
Энэ бол миний хийх ёстой ажил, миний хувь тавилан. Олон сайхан шавь нартай боллоо. Одоо шавь нар маань дотоодын мэргэжлийн урлагийн байгууллагуудад ажиллаж, олон улсын тэмцээн уралдаанд оролцож, мэргэжлээрээ амжилттай ажиллацгааж байна.
 
Монголын бүжгийн спортын холбооны дэд ерөнхийлөгчийн хувьд олон улсын хүмүүстэй их харилцаатай байдаг. Солонгосын Багшийн коллеж, Улаан-Үдээс багш авч шавь нартаа хичээл заалгадаг.
 
 
-Таны амьдралын хамгийн үнэ цэнтэй зүйл юу вэ?
 
-Хүн сайхан амьдаръя, өөдрөг явъя гэвэл өөрөө хичээх хэрэгтэй. Хийж байгаа зүйлдээ зүрх сэтгэлээ өгч чадвал бүх зүйл бүтнэ. Би бүжигт дуртай учраас бүжгээ хөгжүүлье, хүүхдүүд сайн бүжигчин болгоё гэж зорьдгоос сайд больё том албан тушаалд очъё гэж боддоггүй. Бүжгээр явсан хүүхэд хаана ч газарддаггүй. Иймээс хамгийн агуу урлаг нь бүжиг гэж боддог.
 
 
-Урлагийнхан төр засаг биднийг тусалж дэмжихгүй байна, ивээн тэтгэгч олдохгүй байна гэж гомдоллодог. Таны хувьд ивээн тэтгэгчийн талаар ямар байр суурьтай байдаг вэ?
 
-Хүүхдийн ордонд багшилж байхдаа ивээн тэтгэгчийн талаар огт боддоггүй байлаа. Харин одоо хувиараа өрх тусгаарласан тул ивээн тэтгэгч хэрэгтэй гэдгийг ухаарч байна. Гэхдээ тусалж дэмжих хүн олон. Эцэг, эхчүүд их тусална.
 
Сая авсан танхимыг засварлахад тэд их тусалсан Хүүхдийн ордонд ирдэг шигээ олон хүүхэд ирж байна. Бас Улсын цирктэй шинэ жилийн тоглолтуудыг хамтарч хийхээр гэрээ байгууллаа. 
 
 
-Хүн өрөөлийн төлөө өөрийгөө элээсээр л насыг бардаг жамтай. Та залуу насаа урлаг, бусдын хүүхдүүдэд зориулсан хүн. Гэр бүл, үр хүүхдэдээ зориулах цаг зав хэр гардаг вэ?
 
-Гэр орондоо цаг зав гаргаж чаддаггүй. Ээж маань хааяа тус дэм болно. Нөхөртэйгээ нэг ангид сурч байсан нэг мэргэжлийн хүмүүс болохоор надад их тусалдаг. Гэхдээ ажил дээрээ хонож өнжиж ажилладаг ч эмэгтэй хүний хувьд бүх зүйлийг бэлтгэж, асуудлыг шийдэж өгдөг.
 
 
-Өтөл насаа зөвхөн өөртөө зориулъя гэх бодол төрдөг үү?
 
-Чадахгүй байх аа. Би бүжгээсээ л гарвал үхчих юм шиг санагддаг. Багш хүн шавь нараа бэлтгэх учиртай Дүүгийнхээ хүүхдийг гурван настайгаас нь эхлэн бэлтгэлээ. Ямар ч байсан өөрийнхөө удамд үлдээе. Цаг нь болохоор би өөд болно. Тэр хүртэл ямар байсан бүжигтэйгээ л зууралдсаар байх болно.
 
 
Б.Хадбаатар
 
Эх сурвалж: