sonin.mn

МОСКВА, 2025 оны тавдугаар сарын 8 /TASS/. Орос, Монголын худалдааны эргэлт энэ оны эхний хоёр сард 25 хувиар өссөн тухай ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй хийсэн уулзалтын эхэнд мэдэгджээ. 


“Монгол бол манай улсын худалдааны чухал түнш мөн. Өнгөрсөн онд хоёр орны худалдааны хэмжээ 17.5 хувиар өссөн бол энэ оны эхний хоёр сард дахин 25 гаруй хувиар өслөө” гэж В.Путин хэлсэн байна.


Тэрбээр хэлэхдээ, Орос улс монгол найз нөхдийн хүсэлтийг янз бүрийн чиглэлээр, тэр дундаа эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа зэрэг Монгол Улсын хувьд чухал, эмзэг асуудлуудад үргэлж хариу өгч, дэмжиж ирсэн гэдгийг онцлов.


Хөрш, найрсаг Монгол Улстай тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа нь Оросын бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг гэдгийг В.Путин онцгойлон дурдлаа.


“Улс төрийн яриа хэлэлцээ идэвхтэй өрнөж, Засгийн газрын тэргүүн нар тогтмол уулзаж, Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөх механизм үр дүнтэй ажиллаж байна. Мөн батлан хамгаалах болон аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагаа, парламент хоорондын харилцаа, соёл боловсролын чиглэл дэх хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байна” гэж тэрбээр онцлон тэмдэглэв. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг