sonin.mn

Америк, Иран хоёр гал зогсоох тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаа зарлаж, албан ёсны гарын үсэг зурах ёслолыг зургаадугаар сарын 19-нд Швейцарт зохион байгуулахаар болсон байна.


Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп хэлэхдээ, хэлэлцээрийн агуулгыг албан ёсоор гарын үсэг зурсны дараа нийтэд танилцуулах бөгөөд Америкийн тал ойрын хугацаанд Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлахгүй гэжээ.


Америкийн дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнсийн мэдээлснээр, хоёр тал санамж бичигт цахим хэлбэрээр гарын үсэг зураад байгаа боловч ирэх 60 хоногийн хугацаанд тодорхой заалтуудын талаар нэмэлт хэлэлцээ хийх шаардлагатай юм. Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан энэхүү санамж бичиг нь мөргөлдөөнийг зогсоож, яриа хэлэлцээг эхлүүлэх чухал алхам боллоо гэж мэдэгдсэн байна. Харин Ираны гадаад харилцааны сайд Аракчи хэлэхдээ, санамж бичгийн зарим заалт зургаадугаар сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн бөгөөд үлдсэн агуулгыг албан ёсоор гарын үсэг зурсны дараа хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэжээ.


Ираны Гадаад харилцааны яамны мэдээлснээр, ирэх 60 хоногийн хугацаанд хоёр тал цөмийн асуудал болон хориг арга хэмжээг цуцлах асуудлаар тусгай хэлэлцээ өрнүүлж, улмаар уг хэлэлцээрийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөр батлуулахыг зорих юм.


Ираны талын мэдээлснээр, санамж бичигт мөн далайн бүслэлтийг цуцлах, Ираны гадаадад царцаасан хөрөнгийг чөлөөлөх, дайны хохирлын нөхөн төлбөр, Хормузын хоолойн усан тээврийг хэвийн болгох зэрэг асуудал багтсан байна. Гэвч холбогдох заалтуудын дэлгэрэнгүй агуулгыг одоогоор нийтэд зарлаагүй байна. Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху хэлэхдээ, Израилийн тал хэлэлцээрийн нарийвчилсан агуулгыг мэдэхгүй байгаа ч Иран цөмийн зэвсэгтэй болохыг ямар ч нөхцөлд зөвшөөрөхгүй бөгөөд үндэсний аюулгүй байдлын хэрэгцээнд үндэслэн шаардлагатай арга хэмжээг цаашид ч авч хэрэгжүүлнэ гэж мэдэгджээ.